Улсын драмын эрдмийн театр энэ жилийн үзвэрийн нээлтээ
Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгээр хийх гэж буй. Түүхэн жүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн эл бүтээлийг Тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ой болон УДЭТ-ын 80 жилийн ойд зориулж буй. Жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар, тайзны зураачаар Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од нар ажиллаж байна. Одоогийн байдлаар уран бүтээлчид жүжгийн уншлагаа эхэлжээ. Найруулагч гол дүрийн жүжигчдээ эхний байдлаар сонгоод байгаа ч хараахан олон нийтэд зарлах болоогүй аж. Харин тайзны эскиз болон хувцасны загварууд бэлэн болжээ.
ГАЗАР БОЛ ТӨРИЙН ҮНДЭС
Модуныг түүний аав Түмэн Шанью хувийн эрх ашгийг үл ойшоосон гэсэн шалтгаар харь гүрэн Кутанд барьцааны хүн болгон илгээснээр “Тэнгэрийн хүү” жүжгийн үйл явдал эхэлдэг. Модун эцгийнхээ бусдад үргэлж бууж өгдөг бодлогыг таслан зогсоож, улс үндэстнээ хүчирхэг болгох зорилгоор эх нутагтаа оргон ирнэ. Тэрбээр харь нутагт суухдаа газар бол төрийн үндэс гэдгийг сайтар ухаарсан учраас төрийнхөө ёс дэгийг өөрчлөх хүчирхэг нэгэн болж төлөвшсөн байдаг. Энэ жүжигт Модуны аугаа удирдагч, их жанжин байсан тухай нь болон хувь хүний мөн чанар, ертөнцийг үзэх үзлийг товойлгон үзүүлжээ. Мөн Монголын уламжлалт ёс, эх орноо хайрлах үзэл, газар нутгаа эрхэмлэх сэтгэл болон хорон санаа, авлига хээл хахууль төрийн ялзралын тухай өгүүлэх юм. Хүннү бол тухайн
үеийн дэлхийн улс үндэстэн дундаас төрт ёсыг өндөрт эрхэмлэн дээдэлж төрийн бодлого, хууль цаазыг хэрэгжүүлсэн том гүрэн. Модун хүн гүрнийг сулран доройтуулсан эцэг Түмэн Шаньюг хороон төрийн эргэлт хийж газар гэдэг ямар их үнэ цэнээр олддог эрхэм нандин зүйл болохыг хүн бүрийн сэтгэлд тунхаглана. Модун улс гүрнээ бататган нэгэн жолоонд оруулсан удирдагчийн хувьд тэнгэрийн хүү болтлоо алдаршсан ч хувийн амьдрал нь дардан байсангүй. Түүний хувь заяаны эмгэнэлт түүхийг энэ жүжигт өгүүлэх юм.
ТҮҮХЭН ДУРСГАЛУУДЫГ БОДИТ ХЭЛБЭРТ ОРУУЛНА
Жүжгийн зураачаар Т.Ганхуяг ажиллаж буй. Тэрбээр энэ зуны турш найруулагч Н.Наранбаатарын хамт түүхэн олдворуудыг үзэж, эрдэмтэн мэргэдтэй хамтран ажилласны үр дүнд жүжгийн гол ба туслах дүрийн хувцасны загварт түүхэн олдворуудыг шигтгэж байгаа юм билээ. Тухайлбал, хатдын титэм, баатруудын бүсний арал гэх мэт археологийн олдвор той ижил байх аж.
Н.НАРАНБААТАР: МӨНГӨ, ХҮН ХҮЧ АЛЬ АЛЬ НЬ ДУТАГДАЖ БАЙНА
-“Тэнгэрийн хүү” жүжиг хэдэн гол дүртэй вэ. Гол дүрд хэн хэн тоглохоор болов?
-Гол ба туслах 26 дүртэй, 23 үзэгдэлтэй жүжиг л дээ. 5-6 нь яг гол дүр юм. Гол дүрийн жүжигчдээ одоогоор зарлах болоогүй байна. Лхагва гаригт сонголтоо хийж, албан ёсоор мэдэгдэнэ.
-Таныг жүжигчин Г.Эрдэнэбилэгийг Модуны дүрд тоглуулах магадлалтай гэх юм билээ.
-Магадгүй.
-Жүжгийн бэлтгэл хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт л эхэлсэн шүү дээ. Олны хэсэгт тоглох жүжигчин, мөнгө төгрөг хэрэгтэй л байна.
-Жүжиг хэдэн төгрөгөөр бүтэж байгаа вэ?
-150 сая орчим төгрөг болно гэж тооцоолсон. Одоогийн байдлаар 30 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Энэ бол XIII зууны үеийн жүжиг биш. Тиймээс хувцас хэрэглэл нь их өөр. Бүгдийг шинээр хийж байна. Түүхэн судалгаанд нэлээд цаг зарцуулсан.
-Та “Ромео Жульетта хоёр”-ыг мюзикл болгон тавина гэж өнгөрсөн жилээс хойш ярьсан. Энэ жүжиг юу болж байгаа вэ?
-Улсаас мөнгө өгөхгүй бол 120 сая төгрөгийн өртөгтэй жүжгийг би ганцаараа яаж тавих юм бэ. Ашиг харсан байгууллага бол ивээн тэтгэнэ гэж байхгүй. Гэхдээ “Ромео Жульетта хоёр” жүжгийг залуус их сонирхох байх. Тиймээс боломжийн ашигтай байна гэдэгт эргэлзэх юм алга.