Монголын циркийн мэргэжлийн цөөн алиалагчдын нэг Чулуунцэндийн Хатанбаатартай ярилцлаа. Ааваараа хөтлүүлэн циркийн босгыг алхсан зургаан настай хүү өдгөө цирк толгойлсон захирал болжээ. Тэрбээр 1998 оноос хойш “Циркус Монголиа Хадгаа” циркийг байгуулж, бие даан уран бүтээл хийж буй. Түүний гэр бүлийнхэн бүгд урлагийн мэргэжилтэй. Аав нь “Өглөө”, “Тэмцэл” уран сайхны киноны Гүржавын дүрээр үзэгчдийн танил болсон Б.Чулуунцэнд агсан. Харин ээж нь Төмөр замын ахмадын чуулгын уран бүтээлч.
-Долдугаар сард циркчид 70 жилийн ойн баяраа тэмдэглэсэн. Тоглолтын хамгийн гол үзүүлбэрийг танай циркийнхэн үзүүлж байсан. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хамгийн олон төрлөөр тоглож байгаа нь танай цирк болох байх. Өдий зэрэгтэй цирк байгуулахын тулд багагүй хөдөлмөрлөсөн байж таарна. Та яагаад хувийн цирк байгуулахаар шийдсэн юм бэ?
-Циркчид зөвхөн уран бүтээлээрээ өрсөлддөг байгаасай гэж хүссэн учраас би Улсын циркээс өрх тусгаарласан. Циркчид их гэр бүлсэг. Тухайн үед энэ байдал даамжирч гэр бүл, ах дүүгээрээ уран бүтээл хийж бусдыг тоохоо больсон. Нэгнийгээ ад үзэж, хов жив ярилцан, хуучны үзэл санаандаа ялзарч байсан. Энэ ялзрал миний үеийн болон ирээдүйн циркт яагаад ч байж болохгүй гэдгийг зүрхэндээ тултал ойлгосон юм. Мэдээж, нэг шавилхан залууг цирк байгуулна гэхэд хэн тоох вэ дээ. Тэр ч бүү хэл “Энэ алиалагч юугаа хийдэг юм бэ” гэж инээд нь хүрч байсан нь лавтай. Гэхдээ миний улаан нүүрийг харж байгаад тэгж хэлсэн хүн байгаагүй. Хэрэв тэгж хэлсэн бол өөрийнхөө нэрээр овоглосон цирктэй болно гэж төсөөлж, Улсын циркийн хаалгыг савж гарахгүй байсан. Аз таарч намайг авьяаслаг жүжигчид тойрон хүрээлэх юм даа.
-Та нэг хэсэг АСА циркийн ерөнхий найруулагчаар ажиллаж байсан санагдах юм.
-Тэд “Манай циркийн уран бүтээлийг хариуцсан ерөнхий найруулагч болооч” гэсэн. Саналыг нь хүлээн авч ажилласан боловч хувийн циркийнхээ хажуугаар бусдын ажлыг хийх нь хэцүү юм билээ. Тэд “Өөрийнхөө уран бүтээлийг юуны түрүүнд тавьж байна” гэж хардсан.
-Циркийн хувьчлалын үеэр та байсан юм уу?
-Байсан.
-Аль талд нь байсан билээ?
-Монголдоо ганцхан алтан манежийг хувьчлах гэж байгаа тухай яриа 2003 оноос гарсан. Ховын чанартай, ам дамжсан тэр яриаг сонсоод эмзэглэж л байлаа. Монголын циркийн урлаг ийм явцгүй байдалд хүрсэн нь тодорхой хэдэн хүнтэй хамаатай. Циркийн толгойд сууж байсан удирдлагууд жолоогоо буруу тийш нь залсан хэрэг.
-Гэхдээ цирк заавал улсын мэдэлд байх ёстой гэж үү. Гаднын циркүүд ихэнхдээ хувийнх байдаг биз дээ.
-Цирк улсынх байх албагүй. Тиймээс би биеэ даасан. Гэхдээ өөрийн гэсэн тайз, байртай энэ олон театр чуулга байна шүү дээ. Түүнтэй ижилхэн нэг цирк улсын мэдэлд байхад буруудах юмгүй. Манай нөхцөлд цирк бие дааж, уран бүтээлчдийн бор зүрхээр хөгжинө гэдэг хэцүү. Том уран бүтээлүүд гарахгүй. Яах вэ, минийх шиг хэмжээний циркүүд яваад байж болох байх.
-Өнгөрсөн хавар Монголын үндэсний циркийн урилгаар Японы циркчид ирж ирээдүйд хэрхэн хөгжихийг нь тодорхойлсон гэх юм. 70 жилийн түүхтэй Монголын циркчид ирээдүйд хэрхэн хөгжихөө мэдэхгүй болсон хэрэг үү?
-Инээдтэй юм шиг хэрнээ үнэн асуулт байна. Надаас энэ асуултыг асуугаарай гэж хэн нэг нь хэлсэн юм биш биз. 70 жил мэргэжлийн хэмжээнд хөгжсөн Монголын циркийн ирээдүйг дампуураад 70 жил болж байгаа Японы цирк хөгжүүлнэ гэдэг инээдтэй л асуудал.
-Японд нэлээд олон жил ажилласны хувьд та энэ талаар сайн мэдэх байлгүй дээ.
-Миний япон найз “Монголын циркийн хөгжлийн гарцыг олохоор гурав хоногийн хугацаатай очих боллоо” гэж хэлсэн. Тэр хүн судлаад дүгнэлт гаргаад явсан л даа. Гэхдээ л Японд дөнгөж таван жилийн өмнө циркийн сургууль байгуулагдсан юм шүү дээ. Японд циркийг ойлгодог үзэгчид байдгаас биш цирк хийдэг мундаг жүжигчид байхгүй. Дэлхийн сайн муу бүх цирк Японыг элээчихсэн. Тэд цирк үзэж мэднэ. Цирк бол гоо сайхны болон эр зоригийн урлаг. Харин япончуудад энэ чадвар дутдаг. Монголчууд хүүхдээ сахилгагүйтээд байвал “Мангас ирнэ шүү” гэж айлгадаг шиг япончууд хүүхдээ уйлахаар “Циркт аваачиж өгнө шүү” гэдэг. Цомхон бүрэлдэхүүнтэй, хэнд ч мэдэгдэхгүй шахуу япончууд ирээд буцсан тухай хаанаас сонссон чинь сонирхолтой байна шүү.
-Учир мэдэх хүнээс л дуулсан юм. Танай циркийнхэн орон нутагт болон гадаадад л тоглодог. Яагаад нийслэлд тоглолт хийдэггүй юм бэ?
-Хэрвээ өөрөө циркийн жүжигчин байсан бол танил чинь чамтай таараад “Хөөх цирк байгаа юм уу. Үзээгүй хэчнээн жил болов оо” гэж асууна. Улаанбаатарт амьдардаг найзууд, танил танилцсан хүмүүс цөм л ингэж ярьдаг. Гэтэл хөдөө амьдарч байгаа малчин ардын хүүхдүүдийн дунд цирк гэж хэлж мэдэхгүй хүн ч байна. Үзсэнийхээ дараа циркчдийг шүтээд “Дахиад үзье”, “Явтал чинь үзье”, “Дахин тоглооч” гэдэг. Улаанбаатарт биднийг тоглуулах тайз байдаггүй. Боломжийн том тайзан дээр нь тоглоё гэхээр “Цирк аюултай, манайд тохиромжгүй” гэнэ.
-Зориулалтын бус жижиг байранд бэлтгэл хийсэн циркчдээс өндөр амжилт гарах уу?
-Циркт өөрийн гэсэн агаар, орчин хэрэгтэй. Тэнд нь хүн, амьтан хоёулаа дасан зохицож байж амжилт үзүүлдэг. Ийм жижиг өрөөнд дуучин хүн бэлтгэл хийсээр байгаад дэлхийн энтэй дуучин болж болно. Харин циркчин тэгэх боломжгүй.
-Үүнээс гарах гарцыг харж байна уу?
-Төр засаг дэмжих л хэрэгтэй. Яг энэ байдлаар хонгилын үзүүрт юу ч харагдахгүй байна.
-Дээрх яриандаа та хүн амьтан хоёул гэж хэллээ. Тэгвэл амьтангүй цирк байж болох уу?
-Циркийн хамгийн сонирхолтой өвөрмөц төрөл нь амьтан. Амьтан, хүн хоёр нэг дор ажиллаж амьдарч, тогоотой хоолоо хувааж идэж байж сайхан уран бүтээл гарна. Циркийн гол утга учир нь амьтан.
-Та яагаад циркийн жүжигчин болсон юм бэ?
-Аав намайг зургаан настай байхад циркт аваачиж өгсөн. Хүүхдүүд анх цэцэрлэгт орохдоо уйлаад үлддэгдээ, циркт очсон анхны өдөр минь яг тийм л байсан.
-Циркийн сургууль төгссөн үү?
-Циркийн дугуйлан болон сургуулийг дүүргэсэн. 1970 оны эхэн үед миний мэдэхээр цирк мундаг төлөвлөгөөтэй хөгждөг байжээ. Соёлын төв ордны дэргэд Ардын циркийн бүлгэм байсан юм. Тэнд 50- 60 хүүхэд сурдаг. Өөр олон дугуйланд хүүхдүүд сурч, тэндээс шалгаруулж циркийн сургуульд авна. Тэгээд төгссөнийх нь дараа дахин шалгаруулж Улсын циркт ажиллуулдаг байлаа. Харин одоо бол хонгил болгонд уран нугаралтын дугуйлан ажиллаж байна.
-Мэргэжлийн уран нугараач биш мөртлөө нугаралт зааж байгаа хүн байх юм. Та нар бусдадаа шаардлага тавьж болохгүй юу?
-Би хэн нэгэнд талх хэрхэн худалдаж аваад идэхийг нь зааж болохгүй биз дээ. Орчин, орон зай шаарддаггүй төсөр гэдэг утгаар нь хэн дуртай нь уран нугаралт зааж байна. Энэ тал дээр Чулуунбаатар даргатай Монголын циркүүдийн нэгдсэн холбоо асуудал дэвшүүлэн ажилладаг. Гэхдээ өнөөдөр 60 хүртлээ циркт зүтгэчихээд ахмадын баяраар очих газаргүй болчихсон хүн хэдэн шавь тойруулаад сурсан мэдсэнээ хэлж өгье гэж л бодно шүү дээ. Тэр хүн энэ насандаа өөр зүйл сураагүй. Зөвхөн циркийн төлөө бие сэтгэл зүрхээ зориулсан. Ер нь циркийн жүжигчин болоод 60 жил ажилласан хүний бие хэмхэрхий л болсон байгаа.
-Циркийн төрлүүд дундаас алиалагчийг онцолж суралцсан нь ямар учиртай вэ?
-Миний аав урлагийн их олон төрөлд хүч үзэж явсан авьяаслаг уран бүтээлч. Гуравдугаар хорооны клубээс эхлээд Драмын театр, Хүүхэлдэйн театр, кино урлагт ч уран бүтээл туурвисан байдаг. Тэгээд аавыг 40 гарсан хойно нь циркт алиалагчаар ажиллаач гэсэн санал иржээ. Гэтэл ээж 40 настай хүнтэй цирк дэмий гээд оруулаагүй юм билээ. Аав минь циркийн урлагт дуртай байсан юм байлгүй, түүний дараахан “Миний хүүгийн зам энэ шүү” гээд намайг циркт хүргэж өгсөн. Аавынхаа захиасыг дагаж сайн багш нарын сургаснаар өдий зэрэгтэй олон хүн толгойлж, циркийн бүх төрөлд оролцоод явж байна.
-Өссөн орчин гэр бүл уран бүтээлчдэд чухал нөлөө үзүүлэх юм аа.
-Манайх урлагийн гэр бүл. Намайг бага байхад долоо хоногт ядаж нэг удаа үзвэр үздэг байлаа. Үзсэнийхээ дараа гэртээ ирээд тойрч суугаад шүүж ярилцана. Тэр уран бүтээлч ингэж өссөн байна, өмнөхөөсөө үүгээрээ ялгарч байна гэх мэтээр ярина. Түүнээс гадна би арван хэдтэй байхдаа циркийн ерөнхий найруулагч Машбатын шавь болж өрөөнд нь пантомима хийдэг байлаа. Тухайн үед циркийн бүх жүжигчин найруулагчид зовлон жаргалаа ярина. Намайг хүүхэд гээд тоохгүй. Тэр яриаг нь сонссоор байгаад хожим нь жүжигчдээ улам сайн ойлгодог болсон. Энэ бүхэн намайг урлагийн хүн болж төлөвшихөд нөлөөлсөн байх.
Ж.Солонго