Тэр намайг мэдчихэж. Ж.Гэрэлийн “Далд амьдрал” хэмээн нэрийддэг уран бүтээлийнх нь их эрчимлэг үе рүү өөрийн эрхгүй яваад орчихлоо. “Газар дэрлэн бөх унтаад, тэнгэрт очиж сэрье”. Инстолляцийн ажлыг нь хараагүй байсан ч энэ өгүүлбэр бүхнийг илтгэнэ. Нидерландаас “хоёр сарын настай” хэмээх оноштой, 32 кг жинтэй ирсэн тэрбээр амьдралынхаа үлдсэн хором, мөч бүрийг уран зурагт буулгахыг хүссэн аж. “Зүүд”, “Далд амьдрал”, “Газар дэрлэн бөх унтаад, тэнгэрт очиж сэрье” зэрэг бүтээл нь үхэлтэй эвлэрсэн, гэхдээ үхлийн өөдөөс тэмцэж буй үеийнх нь гэрч.
Ил хүчтэй зургууд хэмээн шүүмжлэгчид үнэлдэг юм билээ. “Далд амьдрал” зураг элдэв томъёогоор дүүрэн. Дунд нь тэр өөрөө. Зургийнхаа өмнө монгол цоож өлгөжээ. Энэ бол “Далд амьдрал”
-Энэ цоожны түлхүүрийг “олсон” уу, та?
-Би “Далд амьдрал”-аа цоожилчихсон. Урьд нь чамд хэлж байсан даа, үхэлтэйгээ эвлэрчихсэн байх үеийн зураг. Харин одоо би амьд. Гэрэл гэгээтэй “2041 он”-оо буулгаж байна. Амьдралд нэг л бурхан байдаг. Тэр нь хүний бодол. Чухам түүний зараалаар л бүх юм шийдэгддэг. Сайн сайхныг бодох бүрт тэр надад хэмжээлшгүй тунгаар ирдэг юм даа. Хэрэв би андуураагүй бол хоёулаа энэ түүхийг өнгөрсөнд нь үлдээчихсэн санагдах юм.
-Тийм ээ, орхиё. Уран зурагт элдэв тайлбар, нэр өгөх ямар хэрэг байдаг юм бэ. Яруу найраг, хөгжим, уран зураг бүгд л тусдаа урлаг шүү дээ. Энэ чинь “харах яруу найраг” биш гэж үү?
-Хэнд зориулж зурдаг вэ гэх асуулт зураачдад байнга ирдэг. Би өөртөө л зориулж зурдаг. Тэгэхээр нэр бол энэ миний ертөнц шүү гэдгийг илтгэж байгаа хэрэг. Жишээ нь, тэр зургийн нэр “Би түүнд хайртай байсан...”. Зөвхөн би түүнд хайртай байсан сэтгэлээ буулгаж, тэр ганцхан минийх учраас би ийн нэрлэсэн юм гэв. Тэр амласандаа хүрдэг юм байна. Бидний гэрч нь болж буй “2041 он”-оос гэрэл гэгээ цацарч байна. Тэр зурж байхдаа ярьдаггүй, ярьж байхдаа зурдаггүй. Уран бүтээлдээ бүхнээ зориулах тэр хүчийг нь би харж зогсоно. “2041 он” дахь охины хөрөг бараг дуусаж байна. Ж.Гэрэл түр завсарлага авч, “Дауны синдромтой хүүхэд” зургийг харж зогсоо над руу ирлээ.
-1965 оныг хүртэл дауны синдром өвчнийг “Монголайд” гэж нэрлэдэг байсан юм гэнэ лээ. Хавтгай нүүртэй, том, шаймий эрүү, мурий хамартай түүний жижигхэн нүднээс бүхэл ертөнцийг харж болно. Зэрлэгшсэн, араатан шинж рүүгээ улам ойртсон өнөөгийн нийгэмд хүнээрээ байгаа нь зөвхөн тэд. Гэнэн, инээж хөөрөх, гуньж гутрах сэтгэлийн хөдлөл бүхнээ нуудаггүй, яг л хүүхэд шиг хүмүүс. Харин бид нэг их муу санаатай, бусдаас сэтгэлээ нуудаг хачин мөртлөө дауны синдромтой хүмүүсээс эмээдэг. Энэ нь ч аргагүй, тэд жинхэнэ хүнийг мартаад удаж байгаа шүү дээ гэв. Тэрбээр энэ бүтээлээ “Арт Монако-2010” үзэсгэлэнд дэлгэж, шуугиан тарьж байсан билээ. Энэ гол нь биш, бидний мэдэх хийгээд мэдэхгүй хүн гэгч хэн бэ гэдгийг ахин нэг эргэцүүлэх боломжийг эндээс би олж авсан юм. Тэр бослоо, “2041 он” түүний өөртөө итгэлтэй, эрчимлэг бодлын хүчээр амилж байна. Өмнө нь түүний хажууд хар, саарал будаг, мөн ийм өнгөнд ууссан ус байсан бол одоо тэр ногоон, ягаан, улаан өнгийн будаг дүүрэн өржээ.
-Та уран зурагт дүр бүтээж, бий болгодог. Харин өөр уран бүтээлчийн дүр болох ямар санагдсан бэ. Өнөө хэр таныг найруулагч Б.Чингүүний “Гэрэл” богино хэмжээний кинон дахь дүрээр төсөөлдөг хүн цөөнгүй байдаг юм билээ.
-Тэр кинонд би тоглоогүй, дүр ч бүтээгээгүй шүү дээ. “Гэрэл” кино миний амьдралын нэг сонирхолтой хуудас байсан. Найруулагч надаас жүжиглэлт шаардаагүй, та зохиолтой танилцаад зөвхөн өөрийнхөөрөө л байгаарай гэсэн. Учир нь түүнээс зураачийн амьдрал, араншин, сэтгэл хөдлөл харагдах ёстой. Би хэн нэгний дүрд тоглоогүй болохоор таны асуултад хариулж чадахгүй нь ээ.
-Үнэн юм биз дээ. “Амьдралд хоёрхон өнгө бий, хар цагаан” хэмээн хашгирч байхдаа ч та өөрийнхөөрөө
байсан хэрэг үү?
-Энэ бол зохиол дээрх, магадгүй гол зангилаа болсон хэсэг л дээ. Гэхдээ энэ үнэн, бас нэг талаар худлаа. Би хувьдаа цээнийн ягаан өнгөнд дуртай гэв. Тэр дахин зурж эхэллээ. Урланд хөгжим эгшиглээд л, хананд өлгөсөн бүтээлүүд (энэ дунд “Далд амьдрал”, өөрийн хөргүүд бас бий) шинэ “хүн”-ээ хүлээж байх шиг, энэ орчинд амгалан тайван ноёлжээ. “2041 он” зураг дахь Зулаагийн цаана Ж.Гэрэл өөрийн дуртай цээнийн ягаан өнгийг номин цэнхэртэй хослуулж байна. Харин өөрийнх нь төрхийн цаана саарал орчин... Гэхдээ “Далд амьдрал”-аасаа хагацан одож гэрэл гэгээ рүү тэмүүлж байгаа ч юм шиг. Энд яг үнэн, бидэнд хэдийнэ танил, зах зухаас нь гадарлах болсон амьдралаа тэр чигт нь, үнэнээр нь буулгаж байна, тэр.
-Энд таны нүд хаашаа ч юм, өөр тийшээ харчихаж. Өнгөрсөн амьдралаа эргэцүүлж байгаа хэрэг үү, эсвэл тэндээс таныг ямар нэг зүйл татаад байна уу?
-Өнөөдрөө мэдэхийн тулд өнгөрснөө уудлах хэрэг гардаг биз дээ. Хүн бүр түүх бүтээж байдаг. Харин энэ түүхээс чөлөөлөгдсөн, хязгаарлагдсан амьдрал байх боломжгүй. Бидний өнгөрсөнд нь үлдээхээр шийдсэн тэр түүх ч гэсэн хэзээ ч мартагдашгүй, миний амьдралын сонирхолтой хуудас хэвээр үлдэнэ гэв. Хэн ирснийг хар даа. Ж.Гэрэлтзул өөрийнхөө 2041 онтой “уулзах”-аар иржээ. “Аав аа, би ийм зураг зурсан та энэ хананд өлгөөд өгөөч” гэнэ. Аав нь түүний авьяасыг ихэд үнэлнэ, гурван настайдаа тэрбээр үзэсгэлэнд оролцож байсан аж. “2041 он”-ыг харчихаад “Энэ ямар хөөрхөн эгч вэ” гэж байна.
36 настай өөрийгөө гэж тэр яаж мэдэх билээ дээ. Сонирхолтой дүр зураг байгаа биз. Харин одоо 2011 оны наймдугаар сарын 20-ны 17.45 цаг, түүх нэгэнт бүтсэн. “2041 он” ийнхүү мэндэллээ. Ж.Гэрэл зураач сэтгэл дүүрэн байна, охиноо тэвэрч өргөөд л түрүүчийн хүсэлтийг нь биелүүлж хананд зургийг нь өлгөлөө. Харин шив шинэхэн “2041 он”-оос амьдралын өнгө будаг дүүрэн асгарч байна. Тэр надад тайлбар хийхийг хүссэнгүй. Энэ зэргийн араншин гарч болох хүн гэдгийг та хэдийнэ мэдсэн байх. Харин нэг л үг... Ж.Гэрэл “Бодлын хүч” гэлээ.
Би Монголын урчуудын эвлэлийн харьяа, Уран бүтээлчдийн “Б” урлангийн 103 тоот өрөөны хаалгыг хаалаа. “2041 он”-ыг юу гэж хүлээж авахыг тэр миний бас таны тархинд үлдээсэн учраас юу хэлэх билээ. Харин тэр гэрэл гэгээтэй 2041 он руу тэмүүлэх хүслийг бидэнд өгсөн, нууцыг хэлсэн. Маргааш бол үлдсэн амьдралын минь эхний өдөр, тиймээс цэг тавих хэрэг юусан билээ.