“Ромео, Жульетта”, “Тамгагүй төр”, “Сарны цагаан цус”, “Аянгын бороо” зэрэг үзэгчдийн таашаалд хүрсэн олон жүжиг найруулсан Ч.Найдандоржийг өнөө цагийн Монголын шилдэг найруулагчдын нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг. УДЭТ-ын ерөнхий найруулагчийн албыг хашиж буй түүнтэй ярилцлаа.
-Урлагт татагдаж, урлагийн хүн болохоор шийдсэн дурсамжаар тань ярилцлагаа эхэлье.
-Би багадаа аав, ээжээсээ өнчирч үлдсэн. Аав маань Төв аймгийн Өндөр ширээт сумын харьяат Авирмэд гэдэг хүн байж. Намайг гурван настай байхад өөд болсон юм билээ. Ээжийг маань Пунсал гэдэг, Булган аймгийн Дашинчи лэнгийнх. Намайг дөрөвдүгээр ангид байхад бурхны оронд одсон. Хар нялхаараа зургаан хүүхэд өнчирч үлдэн, олны хүч, төрийн буянаар өсөж өндийж өдий зэрэгт хүрсэн дээ. Махкомбинатын дэнжид хүүхэд нас минь өнгөрсөн. Би арван жилийн 12 дугаар сургуулийг төгссөн. Гавьяат жүжигчин Б.Батзаяа бид хоёр нэг байрных. Намайг урлагт татаж оруулсан хүн бол Б.Батзаяа. Би Б.Батзаяагийн ганц шавь нь байхгүй юу. Дөрөвдүгээр ангид байхаасаа түүнийг дагаж урлагийн ертөнцөд хөл гишгэсэн.
Нэг өдөр гэртээ сууж байтал Батзаяа гутлаа гялалзтал тосолчихсон ганган амьтан орж ирлээ. Тэгээд “Өсвөрийн залуу инээлгэн баясгагч алиа хошин шогчдын клуб” байгуулж байгаа. “Өвгөн партизаны яриа” гэдэг жүжиг тавина. Чи явах уу” гэж байна. Би уухайн тас хамт явлаа. Ингээд үхдэг гамингийн дүрд тоглож байлаа. Б.Батзаяа надаас өмнө Багшийн дээд сургуулийн кино драмын ангид орсон. Аравдугаар ангиа төгсөөд УБДС-ийн кино драмын ангид элсэхэд Б.Батзаяа намайг бэлдүүлсэн. Тэр үед Батзаяа “Хөдөөгийн баясгалан”-д тоглочихсон, мундаг жүжигчин байв шүү дээ. УБДС-ийн кино драмын ангид элсээд, Төрийн шагналт Д.Сосорбарамтай дөрв өн жил дотуур байрны нэг өрөөнд амьдарсан. Тэр үед өнчин хүүхдийг дотуур байранд авдаг байсан болохоор би дотуур байранд амьдарсан юм. УБДС-ийн кино драмын ангид сурч байхдаа ардын жүжигчин Б.Мөнхдорж, Д.Маамх үү нарын мундаг багш нарын эрдэм мэдлэгийн зах зухаас заалгаж өөр өөрийн хэмжээгээр халбагадаж авсан даа, бид.
-УБДС-ийн кино драмын ангийг төгсөөд нэлээд хэдэн кинонд дүр бүтээсэн байдаг?
-Тэр үеийн залуус одоогийнх шиг сургуулиа төгсөөд хаана ажиллах билээ гэж толгой өвддөггүй, шууд хуваарилагддаг байлаа. Манай ангиас Д.Сосорбарам, талийгаач Я.Оюунцэцэг, М.Баярсайхан бид хэд Драмын театрт хуваарилагдлаа. 1982-1987 онд театртаа жүжигчнээр ажиллаж, олон сайхан уран бүтээлд оролцсон. Энэ хугацаанд нэлээд хэдэн кинонд тоглосон. Найруулагч нар намайг тоож өгсөн цөөхөн хэдэн сайхан дүр бий.
-Жүжигчнээр төгсөөд найруулагчийн мэргэжил рүү “халтирсан” тухайгаа яриач?
-Найруулагч хүн жүжигчний авьяасыг тэлж, хөгжүүлж, удирдан чиглүүлдэг. Жүжигчний онцлогийг олж харж, дүрийг нь тохируулж өгөхөөс эхлээд уран бүтээл амжилттай болох эсэх нь найруулагчаас шууд хамааралтай. Намайг жүжигчин байх үед Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу нарын мундаг найруулагч байлаа. Тэд жүжигчдээр олон сайхан дүр бүтээлгэсэн, олон сайн жүжигчин гаргасан. Тэднийг харж, биширч, тэдэн шиг болохсон гэж хүсдэг байлаа. Өөрөө сайн жүжигчин болохг үй ч бусдыг ирлэж, нөмөр нөөлөг болохсон гэж бодсоор 1987-1992 онд Беларусийн Урлагийн академид суралцаж, найруулагч мэргэжлийг эзэмшсэн. Жүжигчний мэргэжлээр ажиллаж байгаад найруулагч болох нь эргээд жүжигчдэд өгөөжтэй байдаг шиг санагддаг. Жүжигчний ажлын онцлог, дүр бүтээх, жүжгийг задлах, дүрд хувирах технологийг мэдэрсэн найруулагч цаанаа л өөр шүү дээ.
-Таныг сайн найруулагч гэж үзэгчид хүлээн зөвшөөрдөг. Харин та өөрийгөө хэр тоодог вэ?
-Найруулагч болсных олон сайхан шавьтай боллоо. Шавь нарын маань ажил үйлс өнгөтэй өөдтэй сайхан байна. Түрүүч нь гавьяат боллоо. Ардын жүжигчин Л.Жамсранжав, Г.Равдан, Хасар Жагаа, С.Сарантуяа нарын театрын сор болсон сайхан жүжигчидтэй хамтарч ажиллалаа. Энэ том тайзан дээр ийм мундаг уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл хийнэ гэдэг хүн бүрт олдохгүй том хувь зохиол. Ер нь би хийсэн бүтээл бүхнээсээ сайхан мэдрэмж авч, сэтгэл хангалуун үлддэг. Найруулагчийн мэргэжил эзэмшиж байхдаа Цэргийн театрт анхны уран бүтээлээ хийж байлаа. Тэнд би Б.Мөнхдорж багшийн удирдлага дор “Аянгын бороо” жүжгээр дипломын ажил хийсэн юм. Төгсөж ирээд 1993 онд Цэргийн театрын уран бүтээлчидтэй хамтарч “Худалч эхнэр” жүжгийг тавьж байв.
Зах зээлийн нийгэмд шилжиж, хямрал нүүрлэчихсэн, картын бараатай, амьдрал хүнд байсан үе. Хүмүүс театр үзсэнээс талх авсан нь дээр гэж боддог байсан тэр үед СТӨ- нд танхим дүүрэн үзэгчтэй “Худалч эхнэр” жүжгийг тоглож байлаа. Үзэгчид хөлбөмб өгийн тэмцээн үзэж байгаа мэт хажуугийн хүнээ цохиж, нударч, дороо дэвсэж, сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй байсан. Дараа нь “Дон Жуан”, “Тожоо жолооч”, “Ромео, Жульетта”, “Ижил хүйстэн” зэрэг олон жүжиг найруулан тавьсан. Драмын театрын том тайзнаа, энэ мундаг хамт олны дунд орж ирээд хийсэн анхны бүтээл маань У.Шексперийн “Ромео, Жульетта” жүжиг байлаа. Тэр үед суудал пиг дүүрч, шилжилтийн хүнд үеийн дараагаар театр дахин амилсан гэж хэлж болно.
Манай театрын санхүүгийн албаныхан “туулай” оруулахг үй гэж хаалга болгон дээр зогсоод л... Яаж ийж байгаад энэ жүжгийг үзчих санаатай хүүхэд залуус эргэлдээд л... Тэр үе өчигдөр мэт тодхон санагдаж байна. Хийсэн бүтээлийг маань үзэх гэж хүмүүс хүсэж, зорьж ирэхийг харах сайхан. Сүүлийн үед “Тамгагүй төр”, “Оролмаа эх” зэрэг том жүжгийг театрын урын санд оруулсан.
-Хийсэн бүтээлээ сайн, муу болсныг хэрхэн мэдэрдэг вэ?
-Тоглож дуусаад ёслоход л уран бүтээлийн чанар чансаа нь мэдэгддэг. Сайхан тоглолт үзсэн үзэгчид алга ташаад л зогсоод байна. Хүмүүс гарах гэж яарахгүй, царайд нь сэтгэл хангалуун байдал илэрнэ шүү дээ. Бүтээл тааруухан болсон бол хүм үүс алга ташсан болчихоод бушуухан гарах гэж зүтгэдэг. Хийх гэж зүтгэсэн уран бүтээлийнхээ ард гарчихаад, анхны тоглолтоо хийчихээд хүмүүс сайхан хүлээж авч байгааг мэдрэх найруулагч хүний нэг жаргал даа.
-Та "Х-ТҮЦ" продакшныг байгуулж, хөл дээр нь босгосон. УДЭТ-ын ерөнхий найруулагч хэмээх их ажилтай, хариуцлагатай албыг хашиж байгаа ч тэдэнд одоо зааж, зөвлөж байгаа биз дээ?
-Тэд маань миний оролцоог үйгээр уран бүтээлээ хийж чадахаар болчихсон болохоор санаа зовохгүй ажлаа хийж байгаа. Харин шинэ уран бүтээлийг нь үзэгчдэд хүрэхээс өмнө заавал үзэж, засах зүйлийг нь засаж, зөвлөдөг. Үүнд надад хоёр өдөр л хангалттай. Би одоо төрийн мэдлийн хүн болсон, ажлын цаг, төрийн бодлогод захирагдана. Тиймээс хувийн ажил хийгээд байж болохгүй.
-Драмын театрын чадварлаг жүжигчдийг “уруу татаж”, “Инээдмийн ТҮЦ” хамтлагийг байгуулж байсан талаараа яриач?
-Зүгээр суугаад баймааргүй санагдсан юм. Жилд 2-3 уран бүтээл хийчихээд бусад үед нь цаг зав их байсан. Нөгөө талд уран бүтээлийн талбар, орон зай байсан. Ажлын талбар байхад зүтгэх хэрэгтэй биз дээ. Юу ч хийхгүй хүн шүүмжлээд сууж байснаас алдаа оноотой ч юм хийх гээд зүтгэж явах нь дээр шүү дээ. Х-ТҮЦ хамтлагийн залуустай хамтарч ажилласнаар би асар их зүйл сурсан. Олон сайхан бүтээл хийж, уран бүтээлийн сайхан намтар бичилцсэн.
-Хошин урлагийг үл тоох хандлага байдаг. Хошин урлагийн томоохон продакшныг үүсгэн байгуулж өдий зэрэгт хүргэсэн хүний хувьд таны үгийг сонсъё?
-Урлаг үүсэхдээ л инээдэм, эмгэнэлт гэдэг хоёр төрөлтэй байсан. Аль аль нь байх ёстой, уран бүтээлчийн хүчийг сорьдог төрөл. Тийм ч учраас У.Шекспер эмгэнэлт жүжиг бичсэн, инээдмийн жүжиг ч бичсэн. Хүнд инээд бэлэглэнэ гэдэг амар зүйл биш. Хошин төрлөөр ажиллах нь буруу биш, харин мэргэжлийн төвшинд хийх ёстой. Тэгж байж жүжигчин зэврэхгүй, улам задарч, авьяас нь садарна. Түүнээс инээдмийг гар хурууны үзүүрээр хэтэрхий хөнгөн, алиа марзан шинжээр хийх юм бол үзэх гэж очих нь бүү хэл дургүй нь хүрнэ. Урлаг хүнийг их амархан голж, шахаж гаргадаг. Жүжигчин хүн биеэ тоох юм бол тэгээд л дуусаа. Байнга илүү сайн бүтээл хийхийн төлөө шунаж, сэтгэл зүрхээ зориулж авьяас нь өнгө орж, үнэлэгдэж, мөнхөрч үлддэг.
-Ажлын талбар дээрээ байгаа найруулагчдыг харахад их ууртай хүмүүс шиг харагддаг. Ажил нь тийм байхыг шаарддаг байх даа?
-Найруулагч хүний хөдөлмөрийн багаж зэвсэг нь жүжигчин. Барилгачид тоосгоор байшин барьдаг шиг найруулагч хүнээр урлагийг бүтээдэг. Өөр өөр үзэл бодол, зан араншинтай хүмүүсийг тоосго шиг эвд оруулж, нэг цогц болгоно гэдэг нэг их сайхан зантай хүний хийх ажил биш л дээ. Бухимдах уурлах, загнах зандрах, гуйх аргадах, магтах, доромжлох бүх л аргыг хэрэглэж байж хүн гэдэг бодьгалаар урлагийн бүтээл хийдэг юм. Нэг жүжиг тавихад жүжигчин, зураач, мужаан, гэрэлтүүлэгч, оёдолчин, тайзны ажилчид гээд бүх хүнтэй найруулагч тулж ажиллана. Сургуулилалт хийж байхад танхимын хаалга хааж уу, гаднын хүн байна уу гээд харна шүү дээ. Найруулагчийн анхаарлын гадна үлдэх нэг ч зүйл байхгүй. Тэгэхээр тайван байх нөхцөл найруулагчид их ховор. Тийм учраас бухимдуу, чанга дуутай, зандарсан өнгө аясаар ярьдаг, “эхэлье”, “зогс”, “ахиад эхнээс нь” гэж хашгирсан хүн болчихдог юм. Тэгж байж л нэг гарт зангидахгүй бол энэ олон хүн дур дураараа, өөрийнхөө тааваар ажиллах юм бол театрын уран бүтээл явахгүй л дээ. Шинэ төгссөн хүүхэд ч бай, ардын жүжигчин, төрийн шагналт ланжгарууд ч бай бүгд найруулагчийн цэрэг байдаг.
-Дөнгөж төгссөн залуу найруулагч байхдаа хүндэлж явдаг мундаг жүжигчдээсээ эмээх үе гардаг байв уу?
-Ямар ч ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар байсан найруулагчийн үг хууль. Театр бичигдээгүй ийм хуульд захирагддаг юм. Театрын ёс зүй нь юм. Тийм болохоор жүжигчид найруулагчийн үгнээс зөрөх асуудал гардагг үй гэхэд болно. Гэхдээ би найруулагч гээд л таарсан хүнээ загнаад явна гэж юу байх вэ. Ахмад хүнийг хамаагүй загнавал гомдоно, даралт нь ихэснэ. Хүн бүрт тохирох түлхүүрийг тааруулна шүү дээ.
-Гэр бүлийнхээ талаар...
-Гэргийг маань С.Солонго гэдэг. МҮОНР-гийн сэтгүүлч, миний хамгийн үнэнч фэн, шүүмжлэгч, намайг судлаач. Миний хадам аав Содном МҮОНТ-ийн нэртэй найруулагч байсан. Манайх хоёр хүүтэй. Нэг хүү маань “Зүүд биш байгаа даа” нэвтрүүлгийг бэлтгэдэг Ариунболд. Найруулагч мэргэжилтэй. Бага хүү маань АНУ-д урлагийн чиглэлээр суралцаж байгаа. Саяхан хөөрхөн ач охинтой болсон. Ам бүл нэмэгдээд сайхан амьдарч байна.
А.АМИНА