“Ботгоны дуу”, “Зүүдэнд ирдэг Урангоо”, “Хайрын орчлон”, “Хамтдаа дуулъя гэсэн юм” зэрэг олон сайхан дууны
шүлгийг зохиосон яруу найрагч Н.Баянмөнхийг “Хүмүүс” буландаа урилаа. Айрагтай нутгийн найрагтай хүү уран бүтээлийн тоглолтоо хийх гээд зав муутайхан явна билээ.
-Тоглолтын бэлтгэл гээд амьсгаа дээгүүр явна уу?
-Харин тийм ээ. Ганцхан хоног үлдсэн болохоор амьсгаа дээгүүр байхаас өөр арга алга. Энэ удаа соёлын тэргүүний ажилтан Т.Найданжавтай хамтарч тоглолт хийж байгаа юм. Найдаа ах бид хоёр арваад жил хамтарч уран бүтээл хийж байна. Хамгийн анх Т.Баясгалангийн дуулдаг “Ботгоны дуу” дууг хийсэн. Энэ дуу зөвхөн монголчуудын бус монгол туургатнуудын аялах дуртай дуу болсонд баяртай байдаг. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголд “Ботгоны дуу”-г маань дуулдаг юм билээ. Дараа нь Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын “Зүрхний бяцхан шувуухай” дууг хийсэн. Үүнээс хойш 60 гаруй дуу хамтарч бүтээжээ. Эднээс 40 орчмыг нь энэ тоглолтод оруулсан. Найдаа ах бид хоёр уран бүтээлийн ганзага нийлдэг ах дүү хоёр л доо. Бид аав хүү шиг, заримдаа анд найз шиг л байдаг юм. Бид хоёрыг хамтарсан тоглолт хийгээч гэж гурав дөрвөн жилийн өмнөөс хүмүүс хэлсэн. Завдахгүй явсаар одоо л тохироо нь бүрдэж байна.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачин юу байна вэ?
-Би сүүлийн гурван жил Өвөрмонголын зохиолчидтой нэлээд холбоотой ажиллалаа. Ордосын зохиолчдын хороо, Өвөрмонголын Хөх хотод байдаг “Тэнгэр тал” монгол туургатны соёл зуучийн компани намайг дууныхаа шүлгээр ном гаргаач гээд хамтарч ажиллахыг санал болгосон. Ингээд тэдэнтэй хамтарч “Говь шанхын нутаг” ном хийж байгаа. Дууны шүлгүүдээ монгол бичигт буулгаад, шаардлагатай мэдээллийг англи, орос, хятад хэлээр хавсаргаж, шүлгийнхээ нэрийг уран бичлэгээр хийсэн. 40 дуутай, хос цомог дагалдуулна. Номынхоо нээлтийг аравдугаар сарын дундуур Монголд, дараа нь Хөх хотод хийнэ.
-Дууны шүлэг л голлож бичээд байна уу?
-Дууны шүлэг маань хүмүүст түрүүлж хүрээд байна л даа. Дуу гарангуут нь хүмүүс дагаж дуулаад, шүлгийг нь цээжилчихдэг. Дууны шүлгээс өөр яруу найргийн бүтээл хийж байгаа. Гэхдээ олон нийтэд хүрэхгүй байгаа болохоор дууны шүлгээс өөр зүйл хийхгүй мэт харагддаг байх. Би яруу найргийн ном гаргаж байгаа. Хүмүүс ном уншаад суух цаг зав харьцангуй багатай болсон. Тийм болохоор яруу найргийн номыг цаасан дээр хэвлэхээс гадна сонсдог хувилбартай гаргах нь зүгээр юм гэж бодож сууна. Тэгэхээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө илүү шаардагдах юм. Төлөвлөж, хийж байгаа юм бий. Үүнээс гадна кино зохиол дээр ажиллаж байгаа.
-Таныг “Дууны шүлэг бичдэг Баянмөнх” гэдэг. Энэ имиждээ хэр дуртай вэ?
-Дуртай, дуртай. Жаргалтай хүн л дуулна уу гэхээс зовж байгаа хүн дуулдаггүй. Хүн сэтгэл тэнүүн үедээ л ихэвчлэн дуулж, дуунаас ухаарал, тайтгарал авдаг. Тийм болохоор дууны шүлэг бичиж, миний зохиосон дууг хүмүүс дуулж байгааг сонсохдоо би үгээр хэлшгүй сайхан мэдрэмж, сэтгэлийн эрч хүч авдаг. Миний дууг дуулдаг хүмүүс ч бас эрч хүч, сэтгэлийн таашаал авдаг гэж боддог. Тийм болохоор дуу зохиож байгаадаа баяртай байдаг. Ямар ч яруу найрагч ганц ч болов сайхан дуу зохиож, хүмүүст хүргэх юмсан гэж бодож явдаг шүү дээ.
-Таны уран бүтээлд захиалгын дуу олон байх шиг санагддаг?
-Хүмүүсийн бодож хүсэж, дотроо хадгалж байгаа зүйлийг нээж гаргаж, захиалсан хүний болон үзэгч сонсогчдын санаанд хүрсэн уран бүтээл болгоно гэдэг хэцүү. Заримдаа уран бүтээл болоход хэцүү захиалга орж ирдэг л дээ. Тэр бүгдийг хийх хэцүү. Хэдий захиалгынх ч гайгүй бүтээл болчихоор санаанд багтсан зүйлийг л барьж авна уу гэхээс хүний хэлсэн бүхнийг хийнэ гэж юу байх вэ. Жишээ нь, “Монголжингоо бүсгүйчүүд” дууг УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа сонгуулийн үеэр захиалж хийлгэсэн. Гэхдээ би зөвхөн сонгуулийн сурталчилгааны дуу гэж бодож хийгээгүй. Монгол бүсгүйчүүддээ зориулж хийсэн. Тийм ч учраас одоо хүмүүсийн дуулах дуртай дуу болжээ.
-Таныг хамгийн үнэтэй, бас менежент сайтай яруу найрагч гэдэг?
-Өмнөх нийгмийн үед яруу найрагч гэж амьдрал нь тогтворгүй, ядуу, архи уудаг хүн байдаг гэх ойлголт байлаа. Өнөө үед авьяас, чадвартай хүн сайхан амьдрах ёстой. Энэ бол зах зээлийн зарчим. Хүн уран бүтээлээ, өөрийгөө үнэ цэнэтэй байлгахын тулд жаахан санаачилгатай амьдрах ёстой. Энэ нь миний менежмент сайтай харагдах үндэс болдог байх.
-Уран бүтээлчид тоглолтоо хийчихээд өөртөө амралт өгч, өөрийгөө баярлуулдаг шүү дээ. Та ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Би жил бүрийн намар нутагтаа очиж айраг уух юмсан гэж боддог. Одоо ч бодож байна. Бушуухан тоглолтынхоо ард гарчихаад амралтын өдрүүд тааруулаад гараад шидчихнэ дээ. Нутагтаа очиж хоёр хоног амарч, уруул чимчигнүүлж, тос даасан намрын айраг ханатлаа уучихаад ирнэ ээ. Говьд бол хүн малын зоо тэнийсэн сайхан улирал нь намар байдаг. Өдийд л хамгийн сайхан байдаг юм. Хавар шороогоор шуурна. Зун их хална. Тиймээс намар болохоор нутгаа их санаж, уран бүтээлийн онгод, санаа ч илүү орж ирдэг. Ер нь миний хувьд хамгийн гэгэлгэн улирал намар.
-Дууны шүлэг бичиж эхэлсэн үеэсээ хүмүүст танигдсан. Яруу найрагт дурлаж, анхны шүлгээ бичсэн үе чинь хэзээ вэ?
-Би дөрөвдүгээр ангид байхдаа шүлэг бичиж эхэлсэн Миний ээж Монгол Улсын гавьяат багш Бадамгарав гэж хүн бий. Одоо “Гурван тамир” дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаа. Ээж маань намайг дөрөвдүгээр ангид байхад 1988 онд “Мөнгөн үзэг” хүүхдийн яруу найргийн наадмыг санаачлан зохион байгуулсан. Тэр наадам нь одоо хүртэл зохиогддог. Тэр наадмаас Монголын утга зохиолд өөрийн өнгө аяс нэмсэн, чин сэтгэлээсээ ханддаг олон сайн хүн төрж гарсан. Миний багш Х.Эрхэмбаяр, П.Нямлхагва гэдэг сайхан яруу найрагч бий. Бид бүхэн энэ наадамд оролцох гэж анхны шүлгээ тэрэлж байсан уран бүтээлчид.
Яруу найрагчийн хувьд хэзээнээс хүмүүс намайг таньдаг болсныг сайн мэдэхг үй л байна. Одоо ч бас сайн таньж байна уу, үгүй юү бүү мэд. Уран бүтээлийн чанар чансаа, уран бүтээлчийн хэр хэмжээг цаг хугацаа, ард түмэн шүүдэг. Уран бүтээлч бүр сэрэл мэдрэмж, онгодоороо туурвидаг. Тэр бүтээл нь хүмүүст хэр хүрч, хэдий хэр цаг хугацааг туулан оршиж байна вэ гэдгээс чанар чансаа нь харагдах байх. Одоо ч Баянмөнх гэдэг яруу найрагч бүрэн гүйцэд исэж боловсроогүй л байна. Цаашдаа илүү ихийг хийнэ.
-Таны эхнэрийг дуучин Б.Энхмэнд гэдгийг хүмүүс мэднэ. Ханийнхаа тухай яриач?
-Хүмүүс маш олон талаас нь сонирхож асуудаг. Миний хувьд эхнэртэйгээ танилцаж, дотносоод амьдрал зохиохдоо надад хайртай, халамжтай, сайн хань байгаасай гэж бодож байсан. Манай хүн яг л миний хүсдэг тийм сайн хань. Би өөрөө тэр хүнд их хайртай. Бид биенээ ойлгоод сайхан л амьдарч байна.
-Эхнэртээ зориулж уран бүтээл хийж байв уу?
-Эхнэрээ магтан дуулж бичсэн нэг дуутай. “Зөөлөн мишээх харцанд чинь Гунигийн будан үгүй яа Зөвхөн чамд л зохисон юмаа Инээвхийлэн суугаарай Галбирлаг охидын бурханлиг үзэсгэлэн дундуур Ганцхан чиний л зүг би бодол задгай алхнам” гэсэн үгтэй, дуучин Тэгшжаргалын дуулсан “Хайрын эгшиглэн” гэж дуу байгаа.
-Энэ дууг өөрт нь зориулсан гэхэд эхнэр тань яаж хүлээж авсан бэ?
-Их л баярласан даа. Одоо ч энэ дуугаа сонсох дуртай.
-Уран бүтээлчид сэтгэл хөдлөл ихтэй, романтик байдаг шиг санагддаг. Та хоёр бие биедээ гэнэтийн бэлэг хэр барьдаг вэ?
-Баяр ёслолоор урлагийнхан гэртээ байж чадахгүй, бусад хүнийг баярлуулдаг шүү дээ. Тэгээд зай завсраар нь яаж ийж байгаад бие биенээ гэнэ гэнэхэн баярлуул чихдаг аа. Санаанд хамгийн тод үлдсэн нэг дурсамжаа хуваалцъя. Миний төрсөн өдрөөр манай хүн надад нэг их том хайрцагтай бэлэг өглөө. Ийм том хайрцагт юу хийсэн юм бол оо гэж бодоод онгойлгосон чинь дотроос нь дахиад нэг хайрцаг гараад ирлээ. Нөгөөхийг нь задалсан чинь бас нэг хайрцаг. Ингээд арван хэдэн хайрцаг задалсны эцэст жижигхэн хайрцагтай бөгж гарч ирсэн. Их гоё бөгж байсан.
-Н.Баянмөнх хамгийн гоё шүлгээ эхнэртээ өгдөг гээд л бичдэг?
-Хүмүүс автоматаар “Баянмөнх дуунуудаа эхнэр тээ өгдөг” гэж ойлгодог болохоос манай хүн миний дуунуу даас харьцангуй цөө хөн дуулсан шүү дээ. Г.Чинболортой хамтарч дуулсан таван дуу байгаа. Энхмэндийн ганцаараа дуулсан дуунд ч миний шүлгийн бүтээл цөөхөн.
-Уучлаарай асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та “хүүхэмсэг” гэдэг тодотголыг яаж хүлээж авдаг вэ?
-Уран бүтээл хамтарч хийсэн хүмүүстэй холбох нь энгийн үзэгдэл болоод байгаа шүү дээ. Нэг эмэгтэй дуучинд хоёр гурван дуу өгөөд, нөгөөх нь “Баянаа ах ийм гоё шүлэг өгсөн” гээд телевизээр ярьчихаар хүмүүс тэгж ойлгоод байдаг юм. Ер нь сайхан хүнийг хараад сайхан гэж хэлж чаддаг хүнийг л хүүхэмсэг гэж хэлээд байгаа юм шүү дээ. Би бол сайхан хүүхний өөдөөс харж суугаад магтаж чадна. “Чи ямар гоё нүдтэй юм бэ, гоё харагдаж байна” гэж шууд хэлнэ. Энэ бол хандарч байгаа хэрэг биш шүү дээ. Ер нь зөрөөд өнгөрч байгаа сайхан бүсгүйг эргэж хардаггүй эрэгтэй хүн бол эрүүл биш гэдэг байх аа. Би бол сайхан хүүхнийг хардаг. Цаашдаа ч харах л болно.
Х.УЯНГА