Хийлийн аялгуу эгшиглэсэн ДБЭТ-ын 301 тоот өрөөг зорилоо. Энэ өрөөнд бэлтгэлээ базааж, театртаа 40 жил ажиллаж байгаа, гавьяат жүжигчин, хийлч Л.Мөнхцэцэгтэй уулзах гэж тэр. Маргааш “Munia and Violin” нэртэй түүний бие даасан тоглолт болох гэж байгаа.
-Тоглолтод оролцох уран бүтээлчдийн жагсаалтыг харвал гавьяат жүжигчин Л.Алтанцэцэг, соёлын тэргүүний ажилтан Л.Энхцэцэг гэсэн нэр бичигдсэн байна. Тэд таны дүү нар уу?
-Тийм ээ. Миний хоёр дүү.
-Эгч дүүс, тэгээд хоёулаа гавьяат жүжигчин гэхээр сонирхолтой байна шүү. Та хэдэн онд энэ хүндтэй шагналыг хүртэж байсан бэ?
-Би 2001, манай дүү 2005 онд энэ шагналыг хүртсэн. Дүү минь ХБК-ийн багш шүү дээ. Хийлч Дэлгэрцэцэг, Тамир нарын багш нь.
-Яагаад сонгодог урлагийн уран бүтээлч болохоор шийдсэн бэ?
-Дөнгөн данган уншиж мэдэхтэйгээ болсон жаахан охин гүйж явахдаа ХБК-д хүүхэд шалгаж авна гэсэн зар харсан юм. Гэрийн хэндээ очиж үзүүлээд, би шалгуулна гэж ээжийгээ дагуулж очсон.
-Тэр үед хийл хөгжмийн талаар мэддэг байсан уу?
-Үгүй, юу мэдэх вэ дээ. Хөгжим л гэж мэднэ.
-Дүү нараа ч гэсэн энэ мэргэжил рүү хөтөлсөн хүн нь та юу?
-Намайг ХБК-д орсны дараа эгч наймдугаар ангиасаа манай сургууль руу шилжиж, дүү нар ч орсон. Манай ах Пионерийн ордны баянхуурын дугуйланд явдаг байсан юм. “Баянмонгол” чуулгыг анх үүсгэн байгуулалцсан хүний нэг. Сергей ах баянхуур, басс гитар тоглодог байлаа. Хүмүүс хөдөлмөрийн баатар, барилгачин гэвэл илүү сайн мэднэ дээ. Сүүлд хөгжмөө орхиод их сургуулийн барилгын инженерийн анги төгсөж энэ салбартаа олон жил ажилласан юм.
-Ярьсаар байгаад нэг гэр бүлд урлагийн мэргэжилтэй таван хүн байгааг мэдлээ. Та ах дүү хэдүүл вэ?
-Эхээс 11-үүлээ. Том эгч ХБК-ийн кларнетийн анги төгссөн. Филармонид олон жил ажиллаж байгаад, тэтгэвэртээ гарсан. Би айлын найм дахь хүүхэд.
-Таван хүүхдээ урлагийн хүн болгосон гэхээр таны аав, ээж хоёр сонгодог урлагт элэгтэй улс юм аа?
-Өөрсдөө урлагийн мэргэжилтэй биш л дээ. Гэхдээ бидний өвөө нар дархан хүмүүс байсан юм билээ. Манайх “Од дарьганга хийц” гэж дархны галаа сэргээсэн айл шүү дээ. Дархлах урлаг нь үе уламжилж, хөгжмийн урлагийн авьяас тай болгосон юм байлгүй. Аав, ээж хоёр залуу байхаасаа л хөгжим урлагт дуртай байсан.
-Ихэнх нь урлагийн мэргэжил сонгосон учраас багадаа гэртээ бүрэн хэмжээний тоглолт хийчихдэг байсан байх даа.
-Манай гэр бүл хөгжимчид олонтой, бас дор бүрнээ их бага хэмжээгээр дуулчихдаг. Гэр бүлийн тоглолт байнга хийнэ шүү. Тэр ч бүү хэл зуслан, хорих ангиудаар аялан тоглодог байлаа. Засгийн газрын ордонд ч гэр бүлийн тоглолт хийсэн. Олон хүүхэдтэй айл гэгдэж анх МҮОНТ байгуулагдахад нь нэвтрүүлэгт орж байлаа.
-Гэр бүлийн тоглолтод хэн хэн оролцох вэ?
-Бүгд л оролцоно. Аав, ээж хоёр хүртэл дуулдаг байсан. Том ах баянхуур, аманхуур тоглож бүжиглэнэ. Аав маань их санаачилгатай л даа. Харин томорсон хойноо бид ичээд зугтаадаг болсон.
-Таныг Мүниа гэж дууддаг байх нь, тийм үү?
-Энэ их учиртай. Намайг нэгдүгээр ангид ороход еврей орос багш дааж авч байлаа. Багш минь Мөнхцэцэг гэж хэл чаддаггүй болохоороо надад Мүниа гэдэг нэр өгсөн. Тэр нэрээрээ өдий хүртэл дуудуулж явна.
-1971 оноос хойш та хэн хэн гэдэг удирдаачийн дохиурын аясаар хийлээ эгшиглүүлдэг байв аа?
-Ж.Чулуун багш, Ч.Жамсранжав гуай, Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх. Би Санжмятав, Дамдинсүрэн гуайн үед байгаагүй л дээ.
-Та бол ДБЭТ-ын дэргэдэх “Мемори поп оркестр”- ыг үүсгэн байгуулагч нь. Сүүлийн үед танай камерный оркестр ойр ойрхон тоглолт хийж байгаа. Анх хэдэн онд байгуулагдсан билээ?
-Сонгодог урлагийг ард түмэндээ ойртуулж, поп хэлбэрээр тоглохоос гадна поп хөгжмүүдийг урын сандаа багтааж тоглохоор 2005 онд “Мемори поп оркестр” байгуулагдсан юм. Энэ оркестрыг байгуулах санал, санаачилга манай хуучин захирал Г.Эрдэнэбат, одоогийн орлогч дарга Д.Баатар нарын үед гарсан юм. Тэгээд миний дүү, “Одкон” компанийн захирал Мөнхбат ивээн тэтгэж, манай оркестрын бүх цахилгаан хөгжмийг авч өгсөн юм. Одоо бид 30-уулаа уран бүтээл хийж байна.
-Түрүүн намайг энэ өрөөнд орж ирэхэд та шинэ хийл авч, бэлтгэл хийх талаар ярилцаж байсан. Нэг хийлээр хэдэн жил тоглодог юм бэ?
-Хийл хуучирна гэж байхгүй, харин ч шинэднэ. Хөгжим хүний гар болон тоглолтоор хөглөгдөж байдаг учраас удах тусмаа үнэ цэнэтэй болдог. Хөгжмөө хуучрахаар нь солино гэсэн ойлголт байдаггүй. Тэр ч бүү хэл 1800-гаад оны үеийн хийл ч бий. Жишээлбэл, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд түрүүлсэн хөгжимчин Страдиварийн хийлийг дөрвөн жил барих эрхтэй болдог. Миний хувьд анх Армянд сургуульд явахдаа авсан хийл минь хам гийн удаан тоглосон хийл. Германы үйлд вэрийн хийлийг Италид төгссөн, хөгжмийн мастер Төвшинтөрөөр хөглүүлж сүүлийн зур гаан жил барьж байна.
-ХБК төгсөөд Армян явсан юм уу?
-ХБК-ийн наймдугаар ангид байхдаа, дүүгийнхээ хамт Армян руу сурахаар явсан.
-Хийл хөгжимчнөөр үү?
-Тийм.
-Таныг концертмейстрийн мэргэжлээр сурсан гэж дуулсан юм.
-Би 1987 оноос хойш 10 гаруй жил концертмейстр хийсэн.
-Мэргэжлээс шалтгаалах өвчин гэж бий. Хийлчдэд ямар зовлон байдаг вэ?
-Бий. Бид үргэлж нэг талаараа хөгжмөө барьдаг учраас хүзүү мурийна, зүрхэнд их ачаалал өгнө. Мэргэжилдээ дуртай учраас тэр өвчин, зовлонг хүндрүүлж боддоггүй ээ.
-Таны хүүхдүүдээс урлагт хөл тавьсан хүн бий юү?
-Өөрөө дурлаж орсон учраас хүүхдүүдээ тэмүүлбэл л урлагийн хүн болог гэж бодсон. Тэд маань тэгж тэмүүлээгүй. Би зовлонг нь мэдэхийн хувьд өөр мэргэжил сонгуулсан. Заримдаа зүтгүүлэх л байж дээ гэж харамсах нь бий.
-50 жилийн өмнөх хүүхэд насныхаа дурсамжаасаа хуваалцаач.
-Бага байхад сурсан зүйлээ хийх ёстой, энэ мэргэжлээрээ ажиллах л ёстой гэж бодож байснаас энэ бол миний нэг насны амьдрал гэж төсөөлж байсангүй. Анх тоглож сурахад хурууны өндөг хатуураад, хорсоно. Тэгсэн ч багшдаа заг - нуулаад дасгалаа хийнэ. Хэцүү шүү.
-(19.00 цаг) Тоглолтгүй байж та өдий хүртэл бэлтгэлээ хийгээд л суух юм. Өдрийн хэдэн цагийг театр дээр өнгөрүүлдэг вэ?
-Хоногийн ихэнх хугацааг энд өнгөрүүлдэг. Тэгээд ч тоглолт болох гэж байгаа учраас үзэгчдэдээ сайхан тоглолт хүргэхийн тулд хичээлгүй яах вэ. Бид 10.00-13.00 цаг хүртэл ажиллаж, завсарлаад 16.00-20.00 цаг хүртэл бэлтгэл сургуулилалт хийдэг. Завсарласан цагаар ч гэсэн явчихаж чаддаггүй юм. Олуулаа тоглоход сураагүй парт буюу хэсгээ давтахын тулд хувийн бэлтгэл хийх л хэрэгтэй.
-Өнгөрсөн амьдралдаа хийж бүтээгээгүйдээ харамсдаг зүйл бий юү?
-Харамсах ч юу байх вэ дээ. Гэхдээ нийгэм өнөөдрийнх шиг нээлттэй байсан бол их л юм сэтгэж хийх байсан гэж боддог. Тэр үед байгууллагын хөгжимчин тэндээ л ажилладаг гэсэн сэтгэхүйтэй байлаа.
Ж.СОЛОНГО