“Морин хуур 2010” наадмын тэргүүн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалыг “Хүмүүс” буландаа урилаа.
-Уран бүтээлийн олз омог дүүрэн байна уу. “Алтан намар”-т ямар бүтээлээ сойж байна вэ?
-Уран бүтээлээ хийгээд явж байна. Уран бүтээлийн олз омог дүүрэн бий. “Алтан намар” хөгжмийн наадамд “Сэтгэлийн домог” хүүхдийн хөгжимт жүжгээр оролцож байна. Энэ хөгжимт жүжгийг энэ жил Өвөрхангай аймгийн хүүхдүүд ДБЭТ-ын тайзнаа тоглосон. “Алтан намар”, “Морин хуур” наадам бол хөгжмийн зохиолчдын баярын өдөр. Энэ наадмын үеэр л хөгжмийн зохиолчид эр бяр, авьяас чадвараа сорьж, хэнийх нь уяа сойлго таарч вэ гэдгийг хардаг. Би өнөөдөр гэрээсээ маш баяр хөөртэй гарсан. Хөгжмийн зохиолчдынхоо барааг харж, мэндийг мэдээд, баяр хүргээд явах сайхан байдаг.
-Та өнгөрсөн жилийн “Морин хуур” наадмын тэргүүн шагнал хүртсэн. Сүүлийн үеийн уран бүтээлээрээ тоглолт хийх үү?
-Дөрвөн жилийн өмнө ОХУ руу явахынхаа өмнө тоглолтоо хийснээс хойш бие даасан тоглолт хийсэнгүй. Одоо нэг тоглолт хийх цаг нь болсон болов уу. Он гараад бие даасан тоглолтоо хийх санаатай байгаа. Дууны урын сан ч нэлээн арвижсан. Залуу дуучдад нэлээд олон дуу хийж өгсөн. Өөртөө зориулж дөрвөн дуу хийсэн. Хааяа өөрөө дуулмаар санагддаг юм. Миний дуулах хүслийг хообий гэж хэлж болохгүй, тэрнээс ч илүү нандин, бас хүчтэй хүсэл минь юм. Би үнэхээр дуулах дуртай. Цаашдаа ч дуулах болно.
-Мөнхжаргал гэдэг хүний дотоод ертөнц рүү өнгийвөл ямар зан араншинтай, юу бодож санаж явдаг хүн бэ?
-Би ийм тийм гэж өөрийгөө хэлэх хэцүү. Өөрийгөө тодорхойлно гэвэл баахан магтчих байлгүй дээ. Намайг ямар хүн бэ гэдгийг мэдэхийг хүсвэл миний бүтээлийг сонс гэж хэлмээр санагддаг. Надаас гарч байгаа бүтээлд миний онцлог, дотоод ерт өнц тэр аяараа багтдаг. Хувийн амьд рал, хувь хүнийхээ талаар нэг их яриад явахыг хүсдэггүй. Хувийн юм хувьдаа л байвал зүгээр. Би ер нь чимээгүйхэн байх дуртай.
-Өөрийг тань эршүүд гэдэг?
-Аав, ээж хоёр маань намайг Орост төрүүлсэн юм гэнэ билээ. Гурван нас хүртлээ Орост байсан болохоор оросоор хэлд орсон гэсэн. Тэгээд орос хэлтэй, гурван настай охин аав, ээжтэйгээ Дорноговь аймгийн Хар айраг суманд “томилогдсон”. Сумын ганц орон сууц болох найман айлын нийтийн сууцанд манайх амьдардаг байлаа. Тэнд миний үеийн ганц ч охин байгаагүй болохоор эрэгтэй хүүхдүүдтэй тоглож, модон сэлмээр байлдаж, чавхаар харваж өссөн. Тэнд би долоон нас хүртлээ амьдарсан. Долоон нас хүрэхэд хүүхдийн хүмүүжил бүрмөсөн төлөвшөөд тогтчихдог шүү дээ. Тэгээд л эршүүд болчихсон байх. Эрэгтэй хүүхэд юу л хийдэг вэ, би тэр бүгдийг дуурайж өссөн болохоор тэгэхээс ч өөр арга гүй. Эршүүд болохоор хүнд дээрэлхүүлээд байхгүй нь сай хан даа. Багаасаа ийм байгаад сурчихсан болохоор засах гээд ч нэмэргүй юм билээ. Уг нь нэг хэсэг эмэгтэй лэг болъё гэж хичээсэн. Болохгүй юм. Тэгэхээр нь эмэгтэйлэг болох бод лоо хаячихсан шүү дээ.
-Багаасаа хөгжимчин, дуучин болно гэж мөрөөддөг байв уу?
-Уг нь би орос хэлний багш юм уу сансрын нисэгч болно гэж боддог байлаа. Гэхдээ урлагт төрөлхийн дуртай юм шиг байгаа юм. Хэн ч намайг ор гээгүй, зааж чиглүүлээгүй байхад урлагийн үзлэгт оролцоод л явдаг байлаа. Дунд сургуулиа төг сөөд Багшийн коллежийн дуу хөгжмийн ангид элсэж, тэнд “до” сурсан. Үүнээс хойш 17 жил хөгжмийн чиглэлээр сурлаа. Цаашид ч сурна гэж бодож байна. -17 жил хөгжмийн чиглэлээр сурсан гэж үү? -Тийм ээ. 1992-1996 онд Багшийн коллежид дуу хөгжмийн багшийн мэргэжлээр, 1996-2000 онд СУИС-ийн найрал дууны удирдаа чийн ангид, 2000-2004 онд хөгж мийн зохиолч, дараа нь ма гистрт сурсан. 2007-2009 онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо суралцаад ирсэн. Одоо докторантад сурна.
-Тасралтгүй суралцжээ?
-Аливаа зүйлийн гүн рүү орох тусам илүү олон сурч мэдэх хэрэгтэй зүйл гарч ирдэг. Би энэ мэргэжилдээ үнэхээр дуртай болохоор улам боловсорч, илүү сайхан хөгжим бичихийг хүсэж байна. Б.Дамдинсүрэн гуайн “Хэнтийн өндөр ууланд”, Н.Жанцанноров гуайн “Цагаан суварга”, Б.Шарав ахын “Сэрсэн тал” шиг өөрийн гэсэн гайхамшигтай, мөнхийн бүтээлийг заавал үлдээнэ. Маш их хүсэж бай гаа учраас болох байх аа.
-Таныг хүмүүс нийтийн дуугаар чинь сайн мэддэг шүү дээ?
-Б.Шарав гуай сургуулиа төгсөж ирээд сонгодог хөгжим бичээд л байж. Гэтэл тэр нь хүмүүст хүрэхг үй, түүнийг хүмүүс танихгүй байж. Тэгээд дууны уран бүтээл хийж эхэлсэн гэдэг юм. Дан хөгжмийн бүтээлээс илүү дуу хүнд амархан хүрдэг болохоор хөгжмийн зохиолчид өөрийгөө таниулахын тулд дуу хийх нь байдаг. Миний хувьд дууны ая зохиох нь өөрийгөө таниулах аргаас гадна дуртай ажил минь. Дуугаараа би хүмүүст танигдсан. Одоо өөрийн гэсэн томоохон хөгжмийн бүтээлээр танигдахыг хүсэж байгаа.
-Том хэмжээний дан хөгж мийн бүтээл хийж байна уу?
-I, II симфонио бичсэн. Үүнийгээ засаж сайжруулах ажил дээр сууж байна. Хэд хэдэн мюзикл хийсэн. Одоо бас нэг хошин мюзикл дээр ажиллаж байгаа.
-Таныг гудамжинд явахад хүмүүс таньдаг уу?
-Их гярхай хүн л намайг таньдаг. Тайзан дээр нүүрээ будаад гардаг, жирийн үед нүүрээ буддаггүй болохоор ихэнх нь таньдаггүй юм. Тэр нь ч надад амар байдаг. Явсан газар бүрт хүмүүс таниад, хараад байвал хэцүү шүү дээ.
-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Надад чөлөөт цаг гэж бараг байдаггүй дээ. Хааяа шинэ дуу гараас гарсан үед уран бүтээлчидтэйгээ хамт хоол идэх завыг хүчээр гар - гана. Мөнхийн ажилтай яв даг болохоор таньж мэддэг хүмүүс “Ажил нь их үү?” гэж мэндэлдэг болсон гээд бод доо. Хөдөө орон нутагт тоглолтоор явах л сайхан амралт болдог.
-Гавьяат жүжигчин, ая зохиогч, дуучин Н.Чулуунхүү таны аав. Аав тань таны уран бүтээлийн хамгийн анхны сонсогч байна биз?
-Тэгэлгүй яах вэ. Аав бид хоёр бие биедээ байнгын шүүмжлэгч, байнгын дэмжигч нь шүү дээ. Өдөр бүр санал солилцож, зөв буруугаа ярилцдаг болохоор бидний уран бүтээл өнгөтэй өөдтэй яваа байх гэж боддог. Миний аялгуу хэт европжоод ирэхээр аав, “Наана чинь монгол үнэр алга даа” гэдэг. Аавыг хэт ардын дуу шиг ая хийчихсэн байвал би “Наадах чинь арай биш ээ” гэнэ. Цус сэлбэлт өдөр бүр явагддаг. Аав маань миний санаагүйг санаж, бодоогүйг бодож надад хэлдэг. Сүүлийн үед миний аялгуу сайжирч байгаа нь аавын зөвлөгөөтэй холбоотой. Миний хийсэн хэдэн аяыг сонсоод энэ дуу чинь л гарна даа гэхэд тэр дуу нь л хүмүүст хүрдэг. Ийм мэдрэмжтэй, аялгууны мастер болсон хүн дээ, аав минь. Ийм хүнтэй ойр байж, уран бүтээлдээ зөвлөгөө санал авна гэдэг их түшигтэй байдаг. Ар талыг минь дааж, надад санаа тавьж, нөмөр нөөлөг болдог сайхан аав, ээжтэй хүн шүү, би. Өнөө өглөө ээж минь “Ноотоо шивж дууссан уу, миний охин” гэж асуугаад л үлдсэн. Гэртээ хэд хоног суучихаар “Мөнгө төгрөгтэй байгаа юу” гээд л асууна. Уран бүтээлч хүнд сайн ар тал хэрэгтэй. Зарим үед ганцаардана, аймаар ядарна, бухимдана, зохиолдоо орно, хагас галзуурна. Нэг их гоё юм хийчихье гэхээр хүссэн зүйл орж ирэхгүй шаналаад л явна. Тэр үед ойлгож дэмжих хүн хэрэгтэй байдаг.
-Ойлгож дэмжих хүн гэснээс гэр бүлтэй болсон уу?
-Би ч одоо хөгжимтэй гэрлэчихсэн юм шиг байна даа. Хүнтэй сууна, суухгүй гэж хэлж мэдэхгүй. Нэг өдөр яг надад тохирох хүн гараад ирэх ч юм бил үү. Эсвэл хэзээ ч тийм хүн гарч ирэхгүй ч байж магад шүү дээ. Үүнийг би таашгүй. Их ажилтай болохоор ганц бие яваагаа анзаарах ч завгүй л явж байна.
-Ээж, аав чинь гэр бүлтэй болооч гэж нэхэж байна уу?
-Нэг хэсэг үглэж байгаад больчихсон шүү дээ. Үглээд байх чинь хэцүү юм билээ. Одоо ямар жаахан хүүхэд биш. Ямар ч байсан дутагдаж гачигдсан юмгүй сайхан л амьдарч байна. Ер нь уран бүтээлч хүнийг сайн ойлгодог хүн л таарахгүй бол хэцүү. Дуу хөгжим бичүүлэх гээд л шөнө дунд гэрийн бараа хардаг хүн чинь айлын хүүг нөхрөө гэж суулгачихаад хоол ундыг нь бэлдэж өгч чадах уу, үгүй юү гээд асуудал бий. Хүн нэг тойрогт орчихоор түү нээсээ гарч чадахгүй эргэлдээд байдаг юм шиг ээ. Маргааш ийм ажилтай, нөгөөдөр тийм ажилтай, түүний цаад өдөр бас ийм ажилтай гэсэн маягаар л амьдарч байна. Зугаалж, болзох зав ч хомс. Гэхдээ үүндээ өөрөө дуртай, таашаалтай. Гаргасан бүтээлээ сонсохоор нэг л урамтай, бүр илүү юм хиймээр л санагдаад байна. Ямар ч байсан уйдах завгүй л залуу насыг өнгөрөөж явна.
-Амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Хүнд худлаа хэлчихгүй юмсан гэж боддог. Хэлсэн үгэндээ хүрэх гээд л зүтгэчихнэ. Хүнд атаархахгүй мөрөөрөө явж, хүний өмнөөс баярлаж чаддаг байхсан гэж боддог. Цагийг бол харин баримтлахгүй. Хүнтэй цаг товлох хэцүү, гэнэт хойшлуулшгүй ажил гараад байдаг учраас “Би өнөөдөртөө багтаж заавал очно, харин яг хэзээ гэдгийг мэдэхгүй” гэж хэлдэг юм. Аав маань үглээд л байгаа. Хичээж л байна.
Х.УЯНГА