Өлзийт хороолын урд дэнжид Монголын морин цирк сүндэрлэж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Монголд циркийн урлаг үүсэж хөгжсөний 70 жилийн ойн баярын үеэр буюу долдугаар сарын 15-нд үүд хаалгаа нээж үзэгчдээ угтсан тус циркийнхэн жуулчдад зориулсан захиалгат тоглолтоор эхний улирлаа үджээ. Харин цаашид морь уналгын газар, жуулчны бааз, гольфын талбай, үйлчилгээний байгууллагатай болж өргөжихийн сацуу циркийн бүрэн хэмжээний хөтөлбөртэй болох аж. Морин циркийн захирал, “Хан Монгол” морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүүтэй ярилцлаа.
-Морин цирк байгуулах нь таны эртний мөрөөдөл байв уу?
-Би 1985 онд Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийг төгсөж, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Норовцэрэн багшийн шавь болж Улсын циркт орж байлаа. 1994 оноос бие даан уран бүтээл хийх болж, гаднын олон орноор явсан. Гадаадад олон сайхан тоглолт хийх тусам миний эх оронд ийм юм байсан бол гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Тиймдээ ч улсдаа морин цирк байгуулъя гэж мөрөөдөх болсон.
-Анх циркт морьтой үзүүлбэрийн жүжигчнээр ажилд орсон юм байна. Та бага насаа хөдөө өнгөрүүлсэн үү?
-Морь гэж мэдэхээс цаашгүй хотын хүүхэд шүү дээ, би. Төмсөөр жонглёрдож, толгой дээрээ ямар нэгэн зүйл тогтоож тэнцвэр хийдэг жаахан авьяастай л хүүхэд байсан юм шиг ээ. Тэгээд 1980 онд 10 настайдаа Циркийн дугуйланд орсон. Тэр дугуйланд явж байхад л багш маань намайг олж харсан юм билээ. Тухайн үед Циркийн сургуульд долдугаар анги төгссөн хүүхдүүдийг шалгаж авдаг байлаа. Харин би дөрөвдүгээр ангид байхдаа Циркийн сургуульд шилжин суралцаж, долдугаар анги төгсөх жилээ жүжигчин болсон.
-Монголын циркийн “Морьтны гайхамшиг” үзүүлбэр хэдэн оноос эхтэй вэ?
-Оросын мэргэжилтэн багш нар 1972 онд ирж энэ үзүүлбэрийн суурийг тавьсан гэдэг. Багш минь тухайн үед циркийн дарга, уран сайхны удирдагчаар ажилладаг байсан хэрнээ ажлаа сайн дураараа өгөөд “Монголын циркийн урын санд заавал байх ёстой үзүүлбэрийг би гардан хийнэ” гээд бүх бие сэтгэлээ зориулсан. Багшийг бурхан болсны дараа гэргий нь надад нэг тэмдэглэлийг нь үзүүлсэн юм. Тэмдэглэлд “Ирээдүйд Монголд морин цирк гэж бий болох ёстой. Түүнийх нь суурийг Улсын циркт бий болгож “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг тоглодог боллоо” гэсэн байв. Бодлын мухарт байсан мөрөөдөлтэй, багшийн минь хүсэл нэгдэж байсан учраас энэ циркээ байгуулахаар эргэлт буцалтгүй шийдсэн. Олон хүнд энэ тухайгаа яриад явахад санхүүгийн хувьд ивээн тэтгэхгүй ч сэтгийн дэмжлэг үзүүлж байсан.
-БНСУ-ын Чежү арал дээр таны зохиож, найруулсан хөтөлбөрийг их олон жил тоглож байгаа байх аа?
-“Чингис хааны догшин хар сүлд” тоглолтыг дөрвөн жилийн өмнө зохиож, найруулж анх тоглуулсан. Байнга үзэгчтэй байж, олон жил тогтвортой тоглож байгаад нь баяртай байдаг. Чин гис хаан, Жамух хоёрын бага, идэр нас болон Зээрэн хавцлын тулаа ныг харуулсан 60 морьтны тог лолт. Жижиг хавцал, уул толгод хийж, дуу чимээ оруулаад тогло хоор үзэгчдэд киног бодитоор үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. 4000 хүний суудалтай цэнгэлдэхэд өдөрт гурван удаа тоглодог. Үргэлжлээд хоёр жил тоглох гэрээтэй. Анх барилгын ажил явагдаж байсан хоосон талбайд очоод манеж, тоглолтын талбай ийм байх учиртай гээд бүх зураг төслийг нь гаргуулж, байлдааны оньсон зэвсгээ бүтээж тоглолтоо эхэлсэн.
-Энэ таны хэд дэх бүрэн хэмжээний хөтөлбөр вэ?
-Гурав дахь нь. Анх Тэрэлжид “Гуру” жуулчны баазад 30-аад морьтон, үндэсний хувцасны үзүүл бэртэй тоглолт найруулсан. Хоёр дахь нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан “Их шүтээний домог”. Энэ тоглолтыг их олон хүн үзэж байсан.
-Солонгост монгол адуу аваачиж тоглуулдаг уу, эсвэл эрлийз адуунууд уу?
-Бид Чежүд 45 хоногийн турш солонгос, австрали адуу сургаж, бэлтгэлээ хийгээд тоглосон. Анх 80 орчим эмнэг адуу авчирч байсан. Энэ тоглож байгаа төв нь морь уналгын газар, шоу тоглолтыг нэгтгэсэн “Морины ертөнц” нэртэй цогцолбор л доо. Цаашид ийм төв байгуулахыг хүсдэг. Монгол, солонгос адуу ялгаатай. Эхэндээ ч тавьсан тоглолтоо хараад чамладаг л байлаа. Харин одоо олон жил тоглож, үзэгчдийн таашаалд нийцэж байгааг нь харахаар сайхан байдаг.
-Чежүд монгол жүжигчид ажилладаг биз дээ?
-60 гаруй монгол хүн манай хөтөлбөрт оролцдог. Гол дүрийг нь циркийн мэргэжлийн жүжигчид бүтээж, олны хэсэгт морь малд дөртэй хөдөөгийн хүүхдүүд тоглодог.
-Монголд телевизийн суваг бүрээр л Солонгосын олон ангит кино гарч байна гэж шүүмжилдэг. Тэгэхэд
Монголын эртний түүхийг солонгосчууд тэнд биширч байна гэхээр бахархалтай.
-Солонгосчууд болон Чежүд ирсэн жуулчдад Монголын түүхийг танилцуулж байгаа юм. Тоглолтын хөтөлбөр солонгос хэлээр явагддаг. Мөн тасалбар дээр нь тайлбар бий. Тавин минутын бодит кино л гэсэн үг. Сэлмээр цавчих, уухай хашгирах, морин төвөргөөн зэргийг дуу шуумтай болгосон нь амьд сонсогдож, үзэгчдийн сэтгэлийг огшоодог. Түүний зэрэгцээ морин дээрх харваа, төрөл бүрийн трукүүд, акробатын үзүүлбэр, хошигнолыг хоршуулдаг юм. Төгсгөлд нь Эзэн Чингис хаан гарч ирээд монголоор ярьж, уухай хашгирдаг.
-Өлзийт хороолол дахь морин цирк хэдэн уран бүтээлчтэй вэ?
-Хориод адуу, 20 гаруй уран бүтээлчтэй. Морины үзүүлбэрээс гадна циркийн бусад төрлийн үзүүл бэрийг гэрээгээр тоглуулдаг. Манай циркийн гол дүрийн “жүжигчин” нь унтдаг болон бүжиглэдэг морьд. Тэднийг Монгол Улсын гавьяат жүжигчин Амгалан ах айлын адуунаас шилж сонгож аваад сургасан юм. Дээхнэ үед циркт хоол идээд, орондоо ороод өөрөө хөнжлөө нөмрөөд унтдаг морины үзүүлбэр байсан даа. Яг түүнийг хийж байгаа. Монгол адууг ийм үзүүлбэрт ашиг лаж, ухаалаг гэдгээр нь бахархаж гайхуулмаар байна шүү дээ. Одоо ирэх жилийн тоглолтынхоо бэлтгэл ажлыг эхэлчихсэн. Түүнээс гадна морь уналгын газар байгуулж, үйлчилгээний байгууламж бий болгохоор суурийг нь цутгаж байна. Хэдэн тэмээ авах гэж байгаа. Өвөл бэлтгээд хавар тоглолтдоо оролцуулна. Шинээр бэлтрэг, шонхор авч сургаж байна.
-Танай циркт чоно байдаг биз дээ?
-Чоно тоглуулагч маань ажлаар явчихсан учраас шинэ бэлтрэг авсан. Араатныг гаршуулсан хүн нь тоглуулахаас биш өөр хүнд дасдаггүй. -ДБЭТ-т “Аида” дуурь тоглоход танай морьд, чоно оролцдог юм билээ.
-Тийм ээ.
-Морин циркийн барилгын ажил өрнөж байх үеэр таны аавыг Улсын циркийн барилгыг барьсан хүн гэж ярьж байсан санагдана. Үнэн үү?
-Румыний хөрөнгө оруулалтаар барьсан Улсын циркийн барилгын Монголын талын инженер нь миний аав. Тиймдээ ч энэ циркийг бай гуу лахад бүгдийг тооцоолж, бариулсан. Манай циркийнхэн “Шавирай гуай Монголд хоёр цирк байгуулсан хүн” гэж их хүндэтгэдэг. 70 жилийн ойд зориулсан номдоо ч миний аавын тухай оруулсан.
-Морин циркээ Өлзийт хороололд байгуулсан нь цаанаа учиртай юу?
-Нэгдүгээрт хот өргөжиж, хүн амын нягтаршил их болсон учраас хотын орчимд амьтан байлгах хэцүү болжээ. Хоёрдугаарт Өлзийт хорооллыг уяачдын суурин гэж нэрлэдэг шүү дээ. Энд унаач хүүхэд олон бий. Тэд багаасаа морь унаж томчуудтай нийлээд, мөнгө төгрөг олоод явдаг. Харин моринд хүнддээд ирэхийн цагт хэн ч биш болдог юм. Тиймээс тэднээс авьяастайг нь сонгож циркийнхээ жүжигчин болгохыг зорьж байгаа. Багаасаа морь малтай ноцолдсон хүүхдүүд адуунд эвтэй байдаг. Морины үзүүлбэрийг амьтанд дурласан хүн л хийнэ.
Морь унаач хүүхдүүдийн олонх нь буурай амьдралтай байдаг шүү дээ. Тиймээс зун нь тоглолтоо хийгээд, өвөл нь бэлтгэлээ базааж, цаашид гадаадад тоглож болох юм. Өлзийт хорооллын Засаг дарга болон сургуулийн захиралтай ярилцаад энэ хичээлийн жилээс сургалт явуулахаар элсэлт авч байна. Хүүхдүүдэд өвлийн турш сунгалт, үсрэлт зэрэг акробатын техникээс зааж сургаад хавар морин дээрээ бэлтгэл хийнэ. Энэ хавар биш юм аа гэхэд ирэх жил морин циркт Өлзийт хорооллын унаган хүүхдүүд тоглох байх аа.
Далан жилийн түүхтэй Монголын циркийн урлаг эрчимтэй хөгжиж байгаа гэдэгт тэр итгэдэг. “Байр байшинтай байлаа гээд бүгдийг шийдэхгүй ч дуурь, драм, цирк зэрэг сонгодог төрлийн урлагийг Төр өөрийн ивээлдээ авч, хөгжүүлэх учиртай. Гэхдээ л манайхан бие дааж уран бүтээлээ хийгээд, дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийг дуурсгаж байна шүү дээ” хэмээсэн бахархлаар бидний ярилцлага өндөрлөлөө.
Ж.СОЛОНГО