Монголын рок поп урлагийн загалмайл сан эцэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг бөмбөрчин Г.Жаргал сайханыг “Рок поп” буландаа урилаа.
-“Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг нь та. Яаж яваад “Соёл-Эрдэнэ”- тэй холбогдчихов?
-Би Хөгжим бүжгийн дунд сургуулийн бөмбөрийн ангид сурдаг байлаа. Тухайн үеийн залуусын адил орцонд зогсож гитар тоглодог, хөгжимд дуртай хүү байсан. Сургуульд байхдаа 40 мянгатын “бацаан” Зоригоо, З.Зундарь, хөгжмийн зохиолч Д.Бэхбат бид их нийлнэ. Тэгж яваад л “Соёл-Эрдэнэ”-ийнхэнд олзлогдсон доо. Надаас гурван жилийн өмнө Хөгжим бүжгийн дунд сургуулийн ятгын ангийг төгссөн Б.Наранбаатар, Д.Цэрэнбат, Б.Эрдэнэхуяг, Ж.Батсайхан нар Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллаж байгаад эстрад хамтлаг байгуулах санал гаргаж, Соёлын яамаар шийдүүлчихээд хамтлагаа бүрдүүлэх гээд тохирох хүн хайж явж л дээ. Тэр үед нь би сургуулийнхаа шинэ жилийн үдэшлэг дээр бөмбөрөө тоглож байгаад Б.Наранбаатар, Ж.Батсайхан хоёрын нүдэнд өртөхгүй юү. Тэгээд л би сургуулиа ч төгсөлгүй “Соёл-Эрдэнэ”-ийн хүн болсон доо.
Хичээлдээ бараг суухгүй, АДБЧ-ын байрны гуравдугаар давхарт байрлах хамтлагийнхаа жижигхэн өрөөнд очоод хөгжмөө тоглоод суучихдаг байлаа. АДБЧ-ын дэргэдэх нийтийн бүжгийн цахилгаан хөгжмийн хамтлагт гитар тоглож байсан Д.Галсанбатыг авч “СоёлЭрдэнэ” хамтлаг бүрдсэн. “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулснаар Монголд рок поп урлагийн түүх эхэлсэн. Рок, поп урлагийг хөгжүүлэхэд бидний оруулсан хувь нэмэр их гэж боддог шүү. Энд нэг зүйлийг онцлоход “СоёлЭрдэнэ” анх хамтлаг байсан юм. Сүүлд Улсын филармони байгуулагдаж, тэдний бүрэлдэх үүнд очихдоо Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын филармонийн дэргэдэх “СоёлЭрдэнэ” чуулга болсон шүү дээ. Тэгэхээр одоо “Соёл-Эрдэнэ” чуулга баймаар санагддаг.
-З.Зундарь агсан анхны гишүүдийн нэг биш юм уу?
-Анхны бүрэлдэхүүнээс хамгийн анх Д.Цэрэнбат сургууль соёлын мөр хөөх гээд 1972 онд өөрсдийн хүсэлтээр гарч, оронд нь хөгжмийн зохиолч З.Зундарь ирсэн. Манай З.Зундарь Монголын рок поп урлагт олон сайхан бүтээл туурвисан, авьяастай, чадварлаг хүн байсан юм. Төрийн соёрхолт З.Хангалын дүү шүү дээ. Энэ хүн “Соёл-Эрдэнэ”-д орсноор манай хамтлагийн уран бүтээлийн чиг хандлага, хөгжмийн урсгал өөрчлөгдөж, орчин үеийн хөгжмийн урлаг руу шат ахисан.
-“Соёл-Эрдэнэ”-ийн анхны дуучин нь хэн юм бэ?
-Манай хамтлагийн хөгжимчид бүгд дуулдаг байлаа. Тухайн үед АДБЧ-д дуулж байсан ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл, гавьяат жүжигчин Оросоо нарын мундагчууд бидэнтэй дуулж байсан. Дараагаар нь Б.Нандинцэцэгийгээ авсан. Тэр үед Нандиа нийтийн бүжгийн хамтлагт дуулдаг байсан юм. Амарсанаа, Ичинхорлоо нарын дуучид байсан. Сүүлд Б.Баяраа орж ирсэн.
-Тухайн үед залуус эстрад хөгжмийг их сонирхож байсан болохоор “Соёл-Эрдэнэ” шууд л фэнүүдтэй болсон уу?
-Нийгэмд маш их хүлээлт байсан. Албан байгууллага, сургуулиудад цахилгаан хөгжимтоглодог сайн дурын хамтлаг олон байсан ч мэргэжлийн төвшний хамтлаг байгаагүй. “Соёл-Эрдэнэ” гэж нэг ийм хамтлаг байгуулсан байна. Тоглох гэж байна гэсэн шуугиан дорхноо тарсан. Биднийг анх дуулахад залуус маш сайхнаар хүлээж авсан. Хоёр дахь тоглолтоо хийхэд л үзэгчид Драмын театрт багтахаа больсон. “Ахан дүүсийн дуун” тоглолтоо 1972 оны наймдугаар сард хийсэн юм. Их том тоглолт болсон. Тэгэхэд үзэгчид Драмын театрт багтахгүй, үлдсэн хүмүүс нь заавал орно гэж дайраад хаалга үүдийг нь эвдээд бөөн юм боллоо. Хүмүүсээ зохицуулж дийлэхг үй болохоор нь гал командынхан даралттай усаар шүршиж, цагдаа нар нохойтой ирж тараасан гээд бод доо. Тэгэхэд Галсаа бид хоёр жаахан ч байж, саваагүйтээд Драмын театрын цонхоор харж байсан юм. Гал командын машины даралттай ус их хүчтэй байдаг юм билээ. Хүмүүс өнхөрч унаад байсан санагддаг юм. Дараа нь сонин сэтгүүл дээр сайнаар ч, муугаар ч бичүүлж байлаа.
-Юу гэж бичүүлж байв?
-Урт үстэй, өргөн өмдтэй гэж их шүүмжлүүлнэ. Тэр үед Хатанбаатар гэдэг сэтгүүлч биднийг их олон бичсэн дээ. Цаанаасаа үүрэг даалгавар өгдөг байсан байлгүй. Одоо хааяа таарахаар инээгээд л зөрдөг юм. Төлөвлөгөө биелүүлэх гэж нэг айхтар зүйл байлаа. Жилд нэгээс хоёр тоглолт хийх нормтой. Шинэ тоглолт хийх бүртээ Соёлын яамны коллегиор шалгуулна. Төв хорооны үзэл суртлын хэлтсийнхэн ирж үзнэ. Цаашлаад Филатова авгай хүртэл ирж хянана шүү дээ. Тэгээд л бэлдсэн дууны маань 20-30 хувийг хасчихна. Хэтэрхий барууны хэв маягтай юм, яагаад ингэж бархираад байна вэ, тэр бөмбөрчин нь ямар чанга тоглодог юм бэ гээд л шүүмжлэх шалтаг мундахг үй. Дуу зохиолоо гэхэд үгийг нь Зохиолчдын хороогоор, аяыг нь Хөгжмийн зохиолчдын холбоогоор батлуулна. Тэгээд дуулсны дараа дахин хянана. Шинэ тоглолт бэлдчихээд шалгуур шүүлтүүрээр орох гэдэг түгшүүртэй даваа байлаа. Маш их зэмлүүлнэ, хатуу үг сонсоно.
-Анх ардын дуунуудыг эстрад хөгжимтэй дуулдаг байсан юм билээ?
-Уг нь барууны маягтай дуу хиймээр санагддаг байлаа. Гадаад дуу дуулна. Даанч хяналт шалгуурыг нь давахгүй л дээ, шууд хасагдана. Тэгээд арай ял зэм нь бага болохоор ардын дууг эстрад хөгжимтэй дуулсан. Энэ нь ч тэр үедээ зөв шийдэл байсан гэж боддог. “Хүүш Дамдин”, “Дангийн даавуу майхан” зэрэг олон сайхан дууг орчин үеийн найруулгатайгаар дуулсан даа. Сүүл рүүгээ өөрсд өө дуугаа зохиодог боллоо. Б.Наранбаатар “Эндүүрэл”, З.Зундарь “Сэтгэлийн жиг үүр”, “Нарны дуулал” зэрэг олон сайхан дуу зохиосон. Тухайн үедээ эдгээр дууг дуулахад “Хэнийгээ энд үүрчихээд байгаа юм, ямар учиртай үгтэй дуу юм бэ, юу дуулаад байгаа юм бэ. Энэ дууг хас” гээд л загнана. Бид хассан дууг нь зарим тоглолтод дуулчихаад зэмлүүлдэг л байлаа. Байнга шинийг эрэлхийлж, мэргэжлийн болон чадварын хувьд өмнөхөөсөө ахисан зүйл хийхийг эрмэлздэг байлаа.
-Тэр хатуу хяналтыг давалгүй та нарын хэр олон бүтээл дарагдаж үлдсэн бол?
-Олон доо. Залуу байсан болохоор нэг их юм бодохгүй хас гэснийг нь орхиж л байсан. Хийсэн бүтээлийг минь шүүмжлээд, хасаад байхаар зарим үед сэтгэлээр унана. Үнэхээр болохгүй байгаа юм болов уу, юу нь болохгүй байгаа юм бол гээд ярина.
-Анхны эстрад хөгжмийн хамтлаг болохоор зааж зөвлөх хүн ховор байсан биз?
-Бүх зүйлийг өөрсдөө л хайж сураглаж олно шүү дээ. Ёстой бор зүрхээрээ явсан. “Битлз”, “Роллинг Стоунс”, “Смокинг” зэрэг гадаадын хамтлагуудын пянзыг их сонсоно. Тоглолтын бичлэг нь ховор, тэр бүр олдохгүй. Манай З.Зундарь тоглолтын бичлэг цуглуулдаг байсан болохоор бид хэд гэрт нь очиж тэр бичлэгүүдийг нь үзнэ. Тэр мундаг хамтлагуудын бичлэгээс их зүйл сурсан. Хувцаслалт, үс засалтыг тэндээс л харна.
-Тэгээд “Битлз”-ийг дуурайж үсээ ургуулж, трапиц өмсөөд...
-Тийм ээ. Ер нь тухайн үеийн Монголын залуусын хувцасны стилийг “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол”- ынхон гаргаж байсан гэхэд хилсдэхгүй шүү.
-Хувцсаа хаанаас яаж олж авах вэ?
-Сэтгэлд таарсан хувцас ховор. Заримыг нь захиалж хийлгэнэ. Мэргэжилтний 20, Сайд нарын аравдугаар дэлг үүрт гадаад бараа ирнэ. Эхний үед тэндээс хувцаслачихдаг байлаа. Гадаадад 1973 оноос явж тоглодог болсон. Үүнээс хойш хувцасны асуудлаа амархан шийддэг болсон. Би ихэнхдээ жийнсэн хослол өмсдөг байлаа. Тухайн үед жийнс өмссөн хүн ховор шүү дээ. Хөгжилтэй түүх ярихад нэг удаа тоглолтоо дуусгачихаад хувцсаа солих гэтэл өмд маань олддоггүй. Жийнс ховор байсан болохоор ямар ч аргаар хамаагүй олж өмсмөөр санагдсан юм байлгүй. Нэг нь “туучихсан” байсан. Би хувцас солих өрөөнд баахан хайгаад, олдохгүй болохоор нь тоглолтын хувцастайгаа гараад алхчихсан. Тэр үед одоогийнх шиг унаа машин элбэг биш. Бөөн саа гялалзуулсан тоглолтын өмдтэйгээ хотын төвөөр алхаад, хүмүүс намайг харж шивэр авир ярилцаад л...
-Ер нь та нарыг гудамжаар явахад хүмүүс яаж ханддаг байв?
-Галсаа бид хоёр хамтлагтаа нөгөө дөрвөөс арай сүүлд орсон, үе тэнгийнх болохоор нэг амьтай. Байнга л хамт явна. Гудамжаар явахаар хүн бүр эргэж харна. Тэгээд л “Соёл-Эрдэнэ”-ийн Жагаа, Галсаа хоёр явж байна гээд шивнэлдэнэ. Тэр үеийн залуус одоогийнх шиг нүүрэмгий байгаагүй болохоор яриа өдөх энэ тэр асуудал байхгүй.
-Та хэзээ хамтлагаасаа гарсан юм бэ?
-Цэргийн албанд татагдаад, 1976 онд гарсан. “Соёл-Эрдэнэ” хамтлагаас дуучин Б.Баяраа бид хоёр хамт цэрэгт явсан юм. Урлагийн буянаар бид хоёр нэг их ядраагүй. “Соёл-Эрдэнэ”- ийнхээ нэр нүүрээр хамаагүй дэглүүлж, хүнд хэцүү ажилд оролцдоггүй байлаа. Хааяа нэг гитар тоглож, дуулна. Цэргийн албанд Б.Баяраатайгаа зовлон жаргалаа хуваалцаж, ах дүү шиг байсан. Урлагийнхнаас олон хүн очсон болохоор 45 хонуулаад цэргийн албанаас чөлөөлсөн юм. Тэгэхэд Б.Баяраа чөлөөлөгдөж, би армидаа үлдсэн. Тэгээд 1977 оны долдугаар сард офицер болж, ардын армийн улс төрийн газарт соёлын ажил хийсэн. Тэнд ажиллаж байх хугацаандаа цахилгаан хөгжмийн “Оч” хамтлаг байгуулж байлаа. 1986 оноос хойш МҮТВ-д дууны найруулагч, дуу хөгжмийн албаны дарга хийж явлаа. Дараа нь “Сансар”, “Эх орон” телевизэд ажилласан. Одоо “В цэг” телевизэд ажиллаж байна.
-Дуучин Б.Баяраа гэдэг хүний тухай мэдээлэл жил өнгөрөх тусам бүдгэрч байна. Та өөрийн мэдэх зүйлээ ярьж өгөөч?
-“Соёл-Эрдэнэ” чуулгад Б.Баяраа анх флейтчинээр орж байлаа. Армений хөгжмийн сургууль төгссөн, дуулах чадвар, хөгжмийн боловсрол өндөртэй золбоолог хүү ирж байсан. Бид хэдэд загнуулна аа. Тэгээд хүүхэд шиг бодох санах зүйлгүй инээгээд л явж байна. Би тэр хүүг цэл залуугаараа бурхны оронд одсонд их харамсдаг. Сайхан сэтгэлтэй, хар муу санаагүй яг л хүүхдээрээ хүн байсан. Одоо ч гэсэн миний санаанаас гардаггүй, түүнийг өрөвдөж явдаг. Хонгорыг харахаар Баяраа минь харагддаг юм. Яг л Хонгор шиг залуу байлаа.
-“Соёл-Эрдэнэ”-ийн үе үеийн гишүүд уулзацгаадаг уу?
-Анхны зургаан хөгжимчн өөс Галсаа маань мөнх бусыг үзүүлсэн. Дуучид маань ч ихэнх нь бурхны оронд одож. Б.Наранбаатар, Д.Цэрэнбат, Б.Эрдэнэхуяг, Ж.Батсайхан бид хэд уулзана, баяр ёслолоор бие биедээ мэнд хүргэж утсаар ярина. Дараагийн үеийнхнээс “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан бидэнтэй уулзаж, санаа бодлоо ярьдаг. Биднийгээ мартаж орхидоггүйд нь бид Жагаадаа баярладаг. Манай Жагаа рок попын музей байгуулах гээд хөөцөлдөөд яваа. Нэг сайхан юм хийх байх аа.
Х.УЯНГА