Улсын драмын эрдмийн театрын ахмад жүжигчин Х.Нарантуяатай уулзаж, амьдрал уран бүтээлийнх нь тухай хөө рөлдлөө. Театрын тайзнаа “Анхны тулаан”, “Наянчулууны найр”, “Маш нууц” зэрэг 140 орчим жүжгийн гол болон туслах дүрд тоглож, дэлгэцийн 20-иод бүтээлд дүрээ мөнхөлсөн энэ эрхэм 18 аймгийн бүх сум, багт хүрч тоглож байсан залуу насныхаа дурсамжаас хуваалцсан юм. Тухайн үед улсын бүх аймаг, сум, багт очиж өдрийн гурван удаа тоглоод ч үзэгчдийн цуваа тасардаггүй байжээ. Тэр ч бүү хэл шөнийн 00.00 цагт дуудагдан, үзэгчдийн хүсэлтээр тоглож байсан тохиолдол байдаг аж.
АНХНЫ 20-ИЙН НЭГ
УБИС-ийн Кино драмын ангийн анхны төгсөгчдийн нэг нь Х.Нарантуяа. Түүнийг гуравдугаар дунд сургуулийн наймдугаар ангид сурч байх үед нь дээд боловсролтой жүжигчинг анх удаа эх орондоо бэлтгэх ажил ид өрнөснөөр энэ ангид суралцах завшаан тохиосон гэдэг. 1963 онд жүжигчнийг мэргэжил эзэмшсэн 10 залуу, 10 бүсгүй дипломоо өвөртлөн томилогдсон театраа зорьж байсан гэдэг. Онц дүнтэй төгс сөн учраас Драмын театрт хуваарилагдсан таван жүжигчний нэг нь Х.Нарантуяа байв. Тэдний ангийнхан дипломын ажлынхаа хүрээнд А.Парнисын “Хоёр эх” жүжгийг тоглож, Х.Нарантуяа цагаан эхийн дүр бүтээсэн бол театрын тайзнаа тэрбээр мөн жүжгийн туслах дүрийг анх бүтээж байжээ. Жүжгийн гол дүр болох Цагаан эхэд Д.Ичинхорлоо, Хар эхэд Т.Цэвээнжав гуай тоглож, тухайн үеийн үзэгчдийг бишрүүлж байсан түүхтэй. Дотоодод төгссөн дээд боловсролтой анхны жүжигчид алтан үеийнхнийг залгамжилж театрт орон, тэдэнтэй хамтран ажиллаж байсан их хувь заяагаараа бахархах дуртай. Алтан үеийн шилдэг жүжигчдээс зөвлөгөө авч цөмийг нь “багш аа” гэж хүндэтгэж байсан ч Х.Нарантуяагийн хамгийн дотнын багш нь Т.Цэвээнжав гуай байв.
ШАВИЙН ЭРДЭМ БАГШААС
“Тухайн үед бидэнд багш оноох нь оноож л байсан байх. Гэхдээ нэг л мэдэхэд би өөрийн гэсэн багштай болсон байсан. Тэр нь Т.Цэвээнжав гуай. Амьдрал ахуй, ажлын явцад л тэгж ойртож дотноссон хэрэг. Багшийн гэр 40 мянгатад байдаг болохоор “Нарантуяа чи гэр рүүгээ яваад яах вэ. Манайд очоод үдийн цайгаа уучих. Шинээр ажилд орсон хүн хоцрохгүй байх хэрэгтэй” гэдэг байлаа. Монголын театрын түүхэнд Цэвээнжав гуайн арга барилыг авч эзэмшсэн жүжигчин ахин төрөөгүй. Жүжиглэх өвөрмөц ур чадвартай, давтагдашгүй, ховор эрдэнэ шиг хүн байсан юм” хэмээн шавь нь багшийгаа дурслаа. Дүрийн шугам, тайзны ашигтай байрлал гээд аминчхан олон захиасаа шавьдаа хэлж, сургуулилалт бүрийн дараа тусгайлан ярилцдаг байсан нь Х.Нарантуяагийн авьяасыг хөгжүүлэхэд асар их нөлөө үзүүлжээ. Үеийнхнээсээ бага, бас багадаа өнчирч аавтайгаа өссөн болохоор Х.Нарантуяаг багш нь “эрх, танхи” гэж тодорхойлдог байсан ч сайн болсон тоглолтыг нь онцлон магтаж, тааруу үзүүлсэн дүрийг нь онож шүүмжилсээр жүжигчний хөдөлмөрийн хүнд хэцүүг ухааруулж, сайхан “амтыг” нь мэдрүүлсэн гэдэг.
ХӨЛС ДУСЛУУЛСАН ХҮНД ДҮР КРУПСКАЯ
1970 онд В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулж Драмын театрын хан С.Ермолинскийн “Анхны тулаан” жүжгийг тавихаар болжээ. Жүжгийг Төрийн шагналт ардын жүжигчин Э.Оюун орчуулж, Х.Нарантуяагийн нэг ангийн анд Х.Хайнзан найруулжээ. Тухайн үед Э.Оюун багшаасаа залуу жүжигчин их эмээдэг байжээ. Багш нь баруун талаар нь явбал зүүн тийшээ явж бултах жишээтэй. Гэтэл “Оргил” рашаан сувилалд амарч байсан “айлгадаг” багш нь нэг өдөр Х.Нарантуяаг дуудуулжээ. Ямар хэрэг хийгээд ингэж дуудуулж байгаа юм бол хэмээн зүрхшээн очтол “Уран сайхны зөвлөлөөс “Анхны тулаан” жүжгийн гол дүрд Ц.Гантөмөр, та хоёрыг тоглуулахаар шийдлээ” гэж хэлжээ. Залуу хүний хувьд түүхэн бодит дүр бүтээх болсондоо айх, гайхах зэрэгцэн “чадах болов уу даа” гэж итгэлгүй хариулахад нь “Чи дипломтой ирээ биз дээ. Тэгээд чадахгүй гэж байгаа юм уу. Хэрэв чадахгүй гэж байгаа бол дипломоо аваад явна уу даа” хэмээн Э.Оюун гуай шулуухан хариулж түүнийг зоригжуулжээ.
Уран сайхны удирдагчийнхаа өмнөөс үг сөрөх зүрх зориг хэнд байх билээ. Ингээд тэр дүрээ авч Сталины нэрэмжит номын санг зорилоо. Хэдэн зуугаараа тоологдох В.И.Лениний тухай ботиос долоог сонгон өдөр шөнөгүй уншив. Дахин Э.Оюун гуайтай уулзаж зөвлөгөө ч авав. Ингэсээр түүний хамгийн их хөлс дуслуулж, хөдөлмөр зарцуулж бүтээсэн дүр нь Крупская болжээ. Хожим нь гудамжинд таарсан хүмүүс “Крупская явж байна” хэмээн ярихад нь жүжигчин бүсгүй их л урамшсан гэдэг.
50 ЗАХИДЛЫН “НАЙРАА”
Х.Нарантуяаг зохиолч, сэтг үүлч Д.Дожоодоржийн гэргий гэдгийг хүмүүс мэдэх биз ээ. Харин тэдний танилцсан түүх тун сонирхолтой. Кино драмын ангийн оюутнууд кинонд дадлага хийлгүй сургууль төгсөх боломжгүй. Энэ учраас ангиараа тэд кино үйлдвэрийг зорьжээ. Орчуулгын хятад кинонд ажиллаж байсан оюутнуудтай танилцахаар ирсэн эрээн хүрэм, шөвгөр лакан гуталтай залуу нь Д.Дожоодорж байв. Тэрбээр хожим нь “Би чамтай гар барихын тулд ангийн чинь бүх хүүхэдтэй гар барьж танилцсан шүү” хэмээн эхнэртээ дурсчээ. Тухайн үед сайн жүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн байсан Х.Нарантуяад найз залуу, нөхрийн аль нь ч чухал биш байв. Тиймээс танилцъя, ханилъя гэсэн түүний хүсэлтэд үргэлж “үгүй” гэсэн хариулт өгч байсан учраас Дожоодорж гуай “Ямар их зантай бүсгүй вэ. За яах вэ би 100 захидал л бичье. Тэгээд болохгүй бол больё” хэмээн шийджээ. Харин 50 дахь захидал эзнийхээ гарт хүрсний дараа тэд гэр бүл болсон гэдэг. Зарим хүн 1980- аад онд үзэгчдийг байлдан дагуулж байсан “Унаган хайр” жүжгийг эхнэртээ зориулж бичсэн хэмээн ярих нь бий.
ХЭЛНИЙ АВЬЯАСТАН
Жүжигчин Х.Нарантуяа “Би ер нь юм юм руу үсчсэн сонин хүн” гэж өөрийгөө тодорхойлсон. Угтаа бол тэр сониуч зан нь түүнийг гадаад хэлний курсүүд рүү хөтөлж тэрбээр хятад, англи, орос, франц хэл сурчээ. Тэр ч бүү хэл Г.Е.Распутины “Насаараа дурсаж яваарай” жүжгийн зохиолыг жил гаруй сууж байж орчуулсан байгаа юм. Мөн франц хэлний курст 50 хүн элсээд тав нь төгсөхөд тэдний дунд Х.Нарантуяа байж л байсан. ЗХУ-д хоёр жилийн турш Куба, Хятадын хамтарсан авиа компанид ажилласан гээд хэлний авьяасаа ашигласан тохиолдол цөөнгүй. Одоо тэрбээр өөрийнхөө амьдрал уран бүтээлийн тухай өгүүлсэн дурсамж нэвтрүүлэг хийж, ном хэвлүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жил нөхрийнхөө хөрөг нэвтрүүлгийг МҮОНТийн уран бүтээлчдээр хийлгэх завшаан тохиож, бүх зардлыг нь тус телевизийнхэн гаргасанд тэд талархаж явдаг юм билээ.
“ШУЛАМ ЭМЭЭ”
“Ядуугийн зовлон” уран сайхны киноны нас барж сүнс болдог эмгэний дүрийг Х.Нарантуяа бүтээжээ. Тухайн үед Х.Нарантуяа эгч хүнсний жижиг дэлгүүр ажиллуулдаг байв. Харин кино телевизээр гарсны дараа долоо хоногийн турш үйлчлүүлэгч багачууд нь тэдний рүү зүглэхээ байжээ. Тэрбээр учрыг эс олж байтал танил авгай нь орж ирээд “Танай дэлгүүр рүү яваад талх аваад ир гэхээр хүүхдүүд тэнд чинь шулам эмээ байдаг гээд явахгүй юм” гэж хэлжээ. Харин жүжигчин маань энэ киногоо нээгдэхэд ч, телевизээр гарахад нь ч үзэж чадаагүй гэнэ билээ. Бүр саяхан шахуу тэр киногоо үзээд “С.Сэлэнгээгийн тоглосон хэсэг үнэхээр үнэмшилтэй, айм шигтай болсон байна билээ” гэж дүгнэсэн аж.
Ж.СОЛОНГО