Ажлаа тараад гэртээ харьсныхаа дараа нэг сайхан кино үзээд унтахсан гэдэг хүслээ биелүүлэх гээд чадсангүй. Учир нь Монголын телевизүүд олон ангит киногоор, үгүй бол бухимдуулж, ядраах зодоон, цохион, алаан хядаантай киногоор тулгалт хийдэг болчихжээ. Уг нь Улаанбаатарт кабелийн болон өргөн нэвтрүүлгийн 33 монгол суваг хөтөлбөрөө цацдаг. Суваг солиод яг л ижил үр дүн харна. 19.00 цагаас хойш солонгос, 22.00 цагаас хойш орос, хятад, америк, орос цувралууд хөвөрнө. Өнөө орой телевизүүдээр гарах олон ангит киноны нэрсийг жагсаая.
“Битгий уйл хайрт минь”, “Найзуудын домог”, “Дайны хүн”, “Хаус эмч 4”, “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар”, “Смольвиль”, “Өдөр өдрийн нар”, “Гэр”, “Тэ жү ён”, “Инээмсэглээрэй”, “Болор бөмбөлөгт зун”, “Хамтрагч”, “Хайрын эрэлд”, “Жинхэнэ цус”... Зарим нь хэдэн жилийн өмнө бүрэн эхээрээ телевизээр гарсан л кино шиг. “Үзэгчдийн хүсэлтээр” гэдэг бяцхан заль хэрэглээд л эфир дэх киноны цагаа үүгээр нөхөөд байгаа юм. Телевизүүдийн кино программын албаныхан үзэгчдэдээ ямар киногоор тулгалт хийгээд байгаагаа ухаардаггүй, эсвэл Монголын телевизээр ийм л кино гарах ёстой гэсэн хүлээсэнд баригдчихсан байх.
С1 телевизээр гардаг монгол кино, “Боловсрол суваг”-ийн “Кино үзэх цаг”, ETV-гийн “Дэлгэцийн шилдэг бүтээл” гэх шошгонууд уг нь дажгүй. Гэхдээ үргэлж хуучны кино үзээд байх уйтгартай. 2007 онд дэлхий даяар 2500 уран сайхны шинэ кино гарсан байна. Үүнээс 453 нь АНУ-д бүтээгдэж, энэтхэгчүүд аман хүзүүджээ. Тэгэхээр 2500 киноноос сонгоод сард нэгийг үзүүлчихэж болохгүй гэж үү. Гэхдээ бидний үзээгүй кинонууд нийлсээр хэдэн 2500 болсныг бүү мэд. Манай телевизүүд “хулгайн” аргаар орчин үеийн шинэ кинонуудаас гаргадаг л даа. Мэдээж олон улсын кино наадмаас шагнал хүртэж, box office-т тэргүүлж, олон улсад алдаршиж байгаа кинонуудыг үзэхэд таатай байдаг. Тэдгээрээс бусад киног хэрхэн сонгох учраа олохгүй байгаа мэт.
Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино урлаг юм гэсэн үг бий. Харин чухал урлагийг хүний амьдралд чухал нөлөө үзүүлэхээр ашиглая гэвэл нийгэмд ямар хүлээлт байгааг судлах хэрэгтэй. Монголын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа ч гэлээ хүн амынх нь ядуурлын төвшин тийм ч хурдан буурахгүй, бас боловсролын систем доголдолтой, улс төрийн элдэв асуудлаас болж иргэд нь бухимдалтай байгаа үед энэ бүхнийг зөөллөх кино л үзүүлэх ёстой байх. 1990- ээд оноос хойш нийгмийн бухимдал, зах зээлийн шуурганд өртсөн хүмүүст инээд бэлэглэх гэсээр хошин урлаг эрчимтэй хөгжсөн гэж ярьдаг. Тэгэхээр нийгмийг эрүүлжүүлж, тайтгаруулахын тулд адал явдалтай киноноос илүү сургамж, ухаарал хайрлах кино гаргавал зохилтой. Монголын телевизүүдийн аль нь ч гаргах киногоо урьдчилан хянаж, сонгодоггүй. Тийм боломж ч байхгүй.
Кино худалдан авахын тулд мөнгө төлөвлөдөггүй, төлөвлөсөн ч маш багыг гаргаад солонгос кино худалдан авахыг хүсдэг учраас үнэлж дүгнэж, хянах тухай ярих ч хэрэггүй. Солонгост ажиллахаар явах гэж байгаа нэгэн залуу телевизээр “Солонгос орны тухай олон ангит киноноос үзэж байсан” гэж ярихыг сонслоо. Монгол Улсад Солонгосын түүх соёл, аж амьдрал, нэн ялангуяа кино урлагийг сурталчлах тав, арван жилийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм шиг л савангийн дуурь үзүүлж байгаа болохоор иргэд нь ингэж ярихаас өөр яах билээ. Гажуудал гэхээс илүүтэй өөриймсөг биш хүнийрхүү сэтгэлгээгээр кино гаргасаар байвал багачууд монгол хүний нэрнээс илүү солонгос олон ангит киноны гол дүрүүдийг сайн нэрлэж хэлд орох биз ээ. Телевизүүд нэгэнт арилжааны хэлбэрээр хөгжиж, сурталчилгаагаар мөнгө олж байгаа болохоор аль болох төвөг чирэгдэлгүй, бага өртгөөр кино худалдан авч гаргахыг хүсдэг байх. Гэтэл олон нийтэд мэдээлэл түгээж, амралт чөлөөт цагт зориулсан цэнгээнт, танин мэдэхүйн хөтөлбөр бэлтгэх зорилго цаана нь байгааг умартмааргүй юм.
Өвчин зовлон, гуниг гутрал, өшөө хорслоор дүүрсэн солонгос савангийн дуурь, цуст аллага, хулгай дээрмээр уухайлсан америк кинонуудыг үзүүлчихээд бид ирээдүйгээ эрүүл саруул сэтгэлгээтэй болно гэж яаж хэлэх билээ. Телевизүүдийн дэвшүүлсэн зорилт, бодлого, үзэл баримтлал хэмээх хоосон тунхаглуудтай киноны утга агуулга шууд зөрчилдөж байна. Оюуны өмч, зохиогчийн эрхийг дээдэлдэг, бас ч үгүй гэгээлэг мэдээлэл түгээх гэж хичээж буй “Монгол” телевиз хүртэл Солонгосын олон ангит киноноос татгалзаж чадахгүй юм. Дэлхий дээр ганцхан БНСУ гэж орон кино хийгээд байгаа юм биш шүү дээ. Одоо бүр өөрсдөө олон ангит кино хийхдээ ч тэднээс хуулбарладаг болж. SBN телевизээр гарч байгаа “Гэр” олон ангит кино л гэхэд эхнэр нь нөхөртөө юу ч тайлбарлаж чадахгүйгээс ганцаараа шаналж, дараа дараагийн зовлон нь хөвөрдөг солонгос киноны жишгийг дагажээ.
Хагас цаг үргэлжилдэг киноныхоо дундуур 5-10 минутын сурталчилгаа хэд дахин гаргаж, дахиад л үзэгчдийг залхаана. Угаасаа олон ангит киног ажил хийдэг хүмүүс ойлгож, үзэх боломжгүй. Нэг ангийг нь үзлээ гэхэд хоёр дахийг нь амжихгүй. 120 ангитай киног бүрэн эхээр нь үзнэ ч гэж ярилтгүй. Нэг настай эмэгтэй зүрх нь өвдөөд эмчид үзүүлтэл “Та солонгосын цуврал кино битгий үзэж бай. Зүрхэнд чинь ачаалал нэмээд байна” гэж зөвлөсөн байна. Өндөр настнууд нь цуврал киноны өвчин зовлонгоос болж зүрхний өвчтэй, залуус нь аллага, дээрмээс үлгэрлэсэн танхай, охид нь баян эрийн хойноос хөөцөлддөг болоосой л гэж хүсээгүй бол телевизийн киноны хөтөлбөртөө шинэчлэл хийх цаг нь болжээ.
Телевизээр кино үзмээр л байна. Гэхдээ олон ангит, эсвэл детектив биш. Кино эмгэнэлт, инээдмийн, арт хаус, намтарчилсан, авангард, түүхэн, романс, драм зэрэг олон төрөлтэй юм билээ. Эднээс зөвхөн 2-3-ыг нь л онцолж үзүүлчихээд кино үзүүллээ гээд яах билээ дээ.
Ж.СОЛОНГО