Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ой тогтоолтын улсын аваргууд тодорлоо

Оюуны спортын улсын аваргуудыг шалгаруулах “Оюуны наадам-2022” тэмцээнийг Монголын оюун ухааны академиас таван төрлөөр зохион байгуулж буй билээ. Уг наадам нь 12 дахь удаагийн ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнээр эхэлсэн юм. Үүнд 120 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр нас, насанд хүрэгчид гэсэн ангилалд өрсөлдөв. Олон улсын их мастер цолтой тав, олон улсын мастер мөн тав, Азийн мастер 12 тамирчин өрсөлдсөн нь уг тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болгов. Ингээд бага насны ангилалд Дархан-Уул аймгийн тамирчин Э.Үүрийнцолмон улсын аваргаар шалгарлаа. Өсвөр насныхад “Wreck it mind” клубийн тамирчин Ц.Оюун-Эрдэнэ түрүүлэв. Насанд хүрэгчдийн ангилалд “MegaMind” клубийн тамирчин, олон улсын их мастер Т.Тэнүүн тэргүүлсэн байна.

Түүнчлэн тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор Т.Тэнүүн бусдыгаа хошуучилж, шилдгийн шилдэг тамирчнаар шалгарчээ. Тэрбээр сүүлийн гурван жил дараалан ой тогтоолтын төрөлд улсын аваргаар шалгарлаа. “Оюуны наадам-2022” өчигдөр түргэн бодолт болон спорт өрөлтийн тэмцээнээр үргэлжилж байлаа. Энэхүү наадам маргаашийг дуустал үргэлжилж, оюуны спортын таван төрлийн улсын аваргууд тодрох юм.