Хотын гудамжинд хаа сайгүй байх гацуур модыг зун, намрын цагт бид үнэндээ тоож ч хардаггүй. Харин анхны цас орохтой зэрэгцэн тэд амь орж, цагаан өнгөтэй сүлэлдсэн ногоон туяа нь жир бишийн аз жаргал, баяр хөөр удахгүй ирэх юм шиг сэтгэл сэнсрүүлж дөнгөдөг нь хачин юм шүү. Арваннэгдүгээр сар дундаа ч ороогүй байхад Улаанбаатарын гудамжинд өндрөөс өндөр гацуур мод бууриа засав. Битлзийн хөшөөний чанх хойно сүндэрлэсэн эл мод гоёл чимгээ хараахан агсаж амжаагүй байна билээ. Хүмүүс нь уйтгартай, орчин нь саарал энэ хотод чухам ийм гэгээн төрх л дутаад байж. Зөрж өнгөрөх хүмүүс гайхаж ядан хараад л, өнгөрсөн шинэ жилийн дурсамжаа сэтгэлийнхээ мухраас тэмтэрч байгаа даа.
Гацуур мод, шинэ жил, өвлийн өвгөн. Энэ “шидэт үгс” бүтэшгүй мөрөөдлөөр дүүрэн хүүхэд насны цагаахан сэтгэлд л илүү тод үлдэж дээ. Яндангаар багтдаг өвлийн өвгөн зөвхөн сайн хүүхдүүдэд зориулж гацуур модных нь доор бэлэг үлдээдэг гэдэгт “том хүн” болохоосоо өмнө үнэн голоосоо итгэдэг байжээ. Одоо бол зүгээр л нэг хиймэл түүх. “Том хүн” болохын тоогүй нь энэ байх. Хэзээ би том хүн болсноо санадаггүй. Нэг л мэдэхэд эргэн тойрны хүмүүс надтай том хүн мэтээр харьцах болсон байв. Харин өдгөө “том хүн” гэдэгтээ бүрэн итгэж, хүүхэд насны галт тэрэг хэзээ ирэхийг харуулдан суудаг болж шүү. Гацуур мод, шинэ жил, өвлийн өвгөн мөнөөх л шидэт үгс алдуурсан цаг хугацааны хэмхэлж одсон дурсамжийг эвлүүлэн санах сэдлийг төрүүлэх юм. Зургаан настайдаа би анх удаа өөрийн гэсэн гацуур модтой болов.
Шинэ жилийн уур амьсгал орохыг хүлээж тэсэлгүй, одоо бодоход яг өдийд л том өрөөнийхөө цонхны хажууд анхны га цуураа босгож билээ. Аав, ээжийн найзууд ирэх бүртээ мөнгө тавиад байхаар нь гэрт хүн ирэх, нохой хуцах чимээнд ёстой л хагартлаа баярлана шүү дээ. Орой унтахдаа гацуур модон дээрх мөнгөө нэг бүрчлэн тоолоод хэвтэнэ. Яг тэр мөчид нүүрэнд минь инээмсэглэл, нүдэнд минь аз жаргал тодрон харагддаг байсан биз. Маргааш манайд хэн ирэх бол? Нэг удаа аавын маань найз халамцуу орж ирэхээр нь “За гацуур модон дээр мөнгө тавих юм чинь” хэмээн түүнийг зөвтгөөд хүлээлээ. Гэтэл мань эр хариугүй гараад явчихлаа шүү. Гацуураа хартал мөнгө нэмэгдээгүй байна.
Би ч сандарсандаа “Ах аа, та миний ёолкон дээр мөнгө тавихаа мартчихлаа ш дээ” гэж билээ. Хөөрхий, тэр үед мөнгөгүй байж таараад санаа нь зовсондоо чимээгүйхэн гараад явах гэж байж. Гэтэл би гэрээр нэг дуулиан болгоод, тэр ах ааваас мөнгө зээлж гацуур дээр минь 500 төгрөг тавиад явсан юм даа. Одоо надаас ийм зориг гарах эсэхэд би эргэлздэг. “Том хүн”-ий амьдрал надад таалагддаггүйг мэддэг хэрнээ хүүхэд шиг байж бас боломгүй юм. Өнгөрч одсон хугацаанаас зуурч, үзэгдэл бүрт нь тэмүүлэх сэтгэл хөдлөл одоо надад зохихгүй. Учир нь би хүүхэд биш, “том хүн”.