Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улсын гадаад бодлогын ач холбогдлыг онцлов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо. Түүнийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш угтсан юм. Энэ үеэрээ Төрийн тэргүүн Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайентэй уулзав.

Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг Ерөнхийлөгч хэллээ. Европын Холбоо нь манай улсын ардчилал, нийгмийн шилжилтийг тууштай дэмжиж, өнгөрсөн хугацаанд болон цар тахлын үеэр дэмжлэг, туслалцаа үзүүлснийг онцлон тэмдэглэв. Мөн дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчны доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлд хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлж, Европын Холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрт Монгол Улсыг хамруулахаар урьсанд талархал илэрхийлсэн юм.

Хатагтай Урсула фон дер Лайен олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын явуулж буй бие даасан, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдлыг онцолж, газар зүйн байрлалын онцлогийг бүрэн ойлгож, хүндэтгэж буйгаа хэллээ. Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлж, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа дурдлаа. Ташрамд дурдахад, манай улс “Ойн түншлэл” хөтөлбөрт хамрагдах Ази тивийн анхны улс болох аж. Мөн Ерөнхийлөгч НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзлаа. Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулна. Уг ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар Монгол Улсад бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэдгийг гүйцэтгэх нарийн бичгийн дарга хэлэв.

Бэлтгэсэн У.Наран