Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхий нийтийг энх тайванд уриаллаа 




Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Тэрбээр “Цар тахлын хүнд цаг үед улс орнуудын цэрэг арми, зэвсэглэлд зориулсан зардал байнга өсөж, 2021 онд 2.1 их наяд ам.долларт хүрсэн нь бүх цаг үеийн дээд хэмжээг давлаа хэмээн Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ. Энэ их төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад зориулсан бол хэчнээн сая хүүхдийн ирээдүй гэрэлтэж, хэчнээн сая хүн ядуурлаас гарах байсан бол. Үүнийг дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их ахиц дэвшил гарч болох байсан бол. Хүн төрөлхтөн өнгөрсөн зуунд дайн, хагарал талцал, шашин хоорондын мөргөлдөөн, терроризм зэрэг гай гамшгийг хангалттай туулсан атал өнөөдөр дэлхий ертөнцийн нөхцөл байдал улам бүр хүндэрч, үл итгэлцэл, үл ойлголцол хэт даамжирч байгаа нь туйлын харамсалтай. Иймээс алдаанаасаа сургамж авч, өнөө цагийн хүндрэлтэй үед харилцан итгэлцэл, ойлголцол, хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энхийн яриа хэлэлцээний замаар эцэслэхийг ямагт зорьж ажиллах ёстой. Найман зууны өмнө монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, өрнө, дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн, Евразийн өргөн уудам нутагт “Монголын их амар амгалан”-г цогцлоосон түүхтэй. Энэ нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэж, улс хоорондын худалдаа арилжаа чөлөөтэй болж, элч солилцох ёсон тогтож, бусдад өөрийн соёл, шашныг тулгалгүй, хууль дээдлэх ёсны үзэл санааг тунхагласан зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр байсныг олон улсын эрдэмтэн, судлаачид онцлон тэмдэглэдэг” хэмээн энхийн үйлсэд хамтран зүтгэхийг дэлхийн улс түмэнд уриалав. 

Мөн Монгол Улс цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцдог эмэгтэй алба хаагчдын олон улсын бага хурлыг таван жил тутамд эх орондоо зохион байгуулах санаачилгыг дэвшүүлээд буйгаа онцоллоо. Түүнчлэн манай улсын зүгээс дэвшүүлсэн санаачилгуудын хэрэгжилт, төр, засгаас баримталж буй бодлого, цөлжилтийг бууруулах чиглэлийн арга хэмжээнүүдээ танилцуулсан 

Бэлтгэсэн У.Наран