“Сity” дээд сургуулийн Эстрад хөгжмийн тэнхмийн багш, дэд профессор Ж.Батсайханыг “Удам залгамж” буландаа урилаа. Тэрбээр төрийн их хуурч, морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, төрийн соёрхолт Г.Жамъян агсны хүү бөгөөд Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг юм. Түүний хүү нь бидний сайн мэдэх “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун.
-Аавын тань тухай дурсамжаар ярилцлагаа эхэлье?
-Манайх тайжийн удамтай айл. Өвөө маань З.Гомбодорж гүн гэж Хэрлэн барс хот (одоогийн Дорнод аймгийн Булган сум)-ын ноён хүн байсан гэдэг. Тэдний 12 хүүхдийн отгон нь манай аав. Аавыг багад өвөө монгол бичиг, морин хуур зааж, тухайн үедээ чамгүй боловсролтой хүн болгож өсгөсөн юм билээ. 1937 оны их хэл мэгдүүлэлтийн үеэр байдал биш дээд ирэхэд өвөө маань Магсар хурцын Дугаржавт захидал бичиж, аавд өгөөд Нийслэл хүрээ орж энэ хүнтэй уулз хэмээн явуулсан гэдэг. Удалгүй өвөө маань баригдаж, цаазлуулсан. Аавын ах, эгч нар ч баригдаж, хоригдоод сураггүй болцгоосон юм билээ. Тэр үед аав маань арай на санд хүрээгүй (17 настай) байсан болохоор баригдалгүй үлдсэн байх. Аав маань өвөөгийн захиаг өвөртлөн Хэрлэн барсаас алхаж хотод ирээд Дугаржав гуайтай уулзаж гэрт нь амьдарч байсан гэдэг. Магсар хурцын Дугаржав гуай аавыг алдарт Д.Түдэв хуурчид шавь оруулж өгсөн юм билээ.
Т.Түдэв хуурчид шавь ороод гурван сар болж байтал багшийг нь бас бариад явчихаж. Ингээд аав тэр үеийн “Бөмбөгөр ногоон” театрын дэргэдэх урлагийн сургуульд орж, Оросын нэрт хөгжмийн зохиолч Б.Смирновоор хөгжмийн ухааныг заалгахын зэрэгцээ “Бөмбөгөр ногоон” театрт хөгжимчнөөр ажилласан гэдэг. Аав 1958 он хүртэл Хөгжимт драмын театрт ажиллаад 1960-аад оны эхээр Хөгжим бүжгийн сургуульд багшаар очсон доо. Аав маань “Миний аминд морин хуур орсон” гэдэг байлаа. Морин хуур сайн тоглодог болохоор нь барьж хорьчихолгүй үлдээсэн юм байж. Тэр үед Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гуай нарыг хэлмэгдүүлж, барьж хорьсон ч мэргэжил боловсрол нь хэрэгтэй болохоор бууд - чихалгүй үлдээсэн гэдэг шүү. Ардчиллаас өмнө ийм юм ярих хориотой, ярьсан хүн нь бурууддаг байсан болохоор хүмүүс ам ангайхаасаа айдаг байсан. Аав маань энэ бүхнээ ярьж амжаагүй өөд болсон доо хөөрхий.
-Аав тань хувь хүнийхээ хувьд ямар хүн байв?
-Бичлэгийн студи гэж байгаагүй болохоор Монголын радиогийн нэвтрүүлэг эхлэх, дуусахад Дуурийн театрын оркестр очиж Төрийн дуулал эгшиглүүлдэг байлаа. Аав, ээж хоёул хөгжимчин байсан тул өглөө биднийг унтаж байхад гараад шөнө унтсан хойно ирнэ. Хөгшин ээж минь биднийг хүн болгосон доо. Аав минь аядуу зөөлөн, үг цөөнтэй хэрнээ их шооч, сайхан зурдаг, баримал хийдэг, бүх төрлийн хөгжим тоглодог, ер нь их авьяастай хүн байсан. Багшийн хувьд их хатуу. Би анх Хөг - жим бүжгийн дунд сургуу лийн морин хийлийн ангид сурч байсан юм. Гэтэл орос багш маань нутаг буцаж, оронд нь аав багшлах болов. Ааваар хичээл заалгана гэдэг хэцүү даваа. Гэрт ч, сургууль дээр ч байнга шахалт, дэгтэй байна. Үеийн хүүхдүүд гадаа тоглоод байдаг. Надад гадаа тоглох цаг зав байхгүй. Энэ нь надад хэцүү санагддаг байлаа. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Ингэж байтал ятгын анги нээгдэж, БНАСАУ-аас багш ирэхэд нь ятгын ангид орчихсон. Морин хуур, ятгын ангид давхар явж байгаад төгсөхдөө ятгачин гэдэг мэргэжлээр дипломоо авсан даа.
-Аав тань гэрийн сургалтаар хөгжмийн боловсролыг эзэмшсэн хүн үү. Ямар нэг сургуульд сурсан болов уу?
-Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа гуай нар бүгд ЗХУ руу сургуульд явахад аав минь морин хуураа орхихгүй гээд яваагүй гэдэг юм. Дээр хэлсэн Б.Смирновоос бага сага зүйл сурсан. Мөн “Цогт тайж” киног хийхээр 1945 онд ЗХУ-аас мэргэжилтнүүд ирэхэд тэднээр 14 хоног орчин үеийн хөгжим заалгасан гэдэг юм. Сүүлд Улсын багшийн дээд сургуулийн Маркезм, Ленинизмийн оройн дээд сургуулийг төгссөн. Үүнээс өөр сурсан сургууль байхгүй, цэвэр өөрийнхөө авьяасаар явсан хүн.
-Ийм мундаг ааваараа бахархаж суух сайхан биз?
-Аав минь төрийн шагналт, хөгжмийн зохиолч Э.Чойдог, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг, Морин хуурын чуулгын уран сайхны удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулуун, ардын жүжигчин, хуурч Ч.Батсайхан, урлаг судлалын ухааны доктор Ж.Энэбиш, гавьяат жүжигчин Идэрбат, ӨМӨЗО-ны алдарт хуурч Чи.Булаг нарын олон сайхан шавьтай. Монголын мэргэжлийн бүх морин хуурч манай аавын шавь гэхэд хилсдэхгүй. Аав сайн морин хуурчаас гадна сайн хөгжмийн зохиолч байсан. Монголын анхны бүжгэн жүжгийг бичсэн. “Нэгдэлчид”, “Манай нэгдлийнхэн” зэрэг олон томоохон дан хөгжмийн зохиол, түмэнд түгсэн олон сайхан дууны аялгууг зохиосон. Морин хуурыг ЮНЕСКО-д бүртгүүлэх, морин хуураа дээдлэх Ерөнхийлөгчийн зарлиг гаргах зэрэг ажлыг аав минь санаачилж, хөөцөлдсөн юм шүү. Төрийн хан хуур хийлгэж, анхны аялгууг нь миний аав тоглосон. Ийм сайхан ааваараа бахархалгүй яах вэ. Аав минь хорь гаруйхан настайдаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг маршал Х.Чойбалсангаас гардаж авсан. Сүүлд төрийн шагнал, ардын жүжигчин цол авсан. Харин хөдөлмөрийн баатар цол л авч чадаагүй дээ.
-Ээж тань бас хөгжимчин хүн байсан юм уу?
-Ээж минь Дуурийн театрын хийлч Н.Маасүрэн гэдэг хүн байсан. Сайн ээж, сайн эзэгтэй байлаа. Ээж минь байгаагүй бол аав өдий зэрэгт хүрэх байсан уу, үгүй юү, мэдэхгүй шүү дээ.
-Танайхныг бүгдээрээ урлагийн мэргэжил эзэмшсэн гэж сонссон. Ийм гэр бүлд төрж, өссөн болохоор аргагүй байх даа.
-Бид эцэг эхээс тавуул. Манай отгон дүүгээс бусад нь урлагийн мэргэжилтэй. Бас бидний хүүхдүүд ч урлагт зүтгэж явна. “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд манай эгчийн хүүхэд. “Никитон”-ы Батчулуун миний хүү. Манай охин морин хуур тоглодог. Судсаар нь өвөөгийн цус гүйж байгаа болохоор л эд ингэж яваа байх.
-Танд бас Монголын рок поп урлагийн анхдагч гэгдэх сайхан хувь тохиожээ?
-Анхдагч гэж хэлүүлэх аз хүн бүрт тохиохгүй. Анхны мэргэжлийн ятгачин, “СоёлЭрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, Монголд рок поп урлагийн үндсийг тавьсан гэгдэж яваа минь том хувь тавилан. Хүүхдүүд мундаг дарга, инженер болохыг мөрөөддөг байсан тэр үед урлагийг сонгосон минь аз. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч дөрвөн эрэгтэй чинь Монголын мэргэжлийн анхны эрэгтэй ятгачид шүү дээ. Биднээс хойш ч эрэгтэй ятгачин төгсөөгүй байх. 1967 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн залуусыг бөөнөөр нь УАДБЧ-д хуваарилж, хуучин хүмүүсийг нь халаад томоохон шинэчлэл хийсэн юм. Гэтэл ятга тоглодог дөрвөн эрэгтэйд нь олигтой ажил байхгүй, бид тэнд тодорхой үүрэггүй, найрал дуунд зогсож, тайзны ажилд тусалсан шиг хэсэг явлаа. Тэгээд ингээд байж болохгүй гэж ярилцаад ятгын дөрвөл байгуулж, Гэрэлт-Од, Түмэндэмбэрэл нартай тоглож гарч ирсэн. Ятгын дөрвөл тоглох нь бас шинэ зүйл байлаа. Тухайн үед бид дуучдын ард тоглохоос гадна дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглодог байсан. Энэ нь явсаар “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үндэс суурь болсон доо.
-“Соёл-Эрдэнэ” хамтлагийг нийгмийн захиалгаар байгуулагдсан гэдэг?
-Нийгмийн захиалга байсан. Тэр үед Соёлын яамны сайд байсан Ч.Лодойдамба гуай “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулахад их үүрэг гүйцэтгэсэн. Одоо л хэн дуртай нь хамтлаг байгуулаад байгаагаас биш, тэр үед Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр хамтлаг байгуулдаг байлаа.
-Та хамтлагтаа ямар хөгжим тоглодог байв?
-Басс гитар тоглож, дуулдаг байлаа. “Хүүш Дамдин”, “Сэтгэлийн жигүүр”, “Мээнэг” гээд “Соёл-Эрдэнэ”-ийн анхны дуунуудыг дуулсан. Тэр үед барууны дуу дуулах хориотой. Гэхдээ бид шинэ тоглолтоо шалгуулж батлуулчихаад за - лууст тоглохдоо барууны нэрд гарч байсан хамтлагуудын дууг дуулчихдаг байсан. Дарга нар тэр тоглолтыг үзэхгүй боло хоор ихэнхдээ мэдэхгүй өнгөрнө. Зарим нэгийг нь мэд чихвэл НАХЯ-нд дуудаж, яагаад ийм дуу дуулав гээд байцаана. Тэгээд олуулаа болохоор бүгдийг нь шоронд хийлтэй биш гээд л явуулдаг байсан байх.
-Та хамтлагаас яагаад гарсан юм бэ?
-Хөнгөн хөгжмийн удирдаач мэргэжлээр Ленинградын хөгжмийн дээд сургуульд сурах болоод 1975 онд хамтлагаасаа гарсан. Гэхдээ амралтаараа ирэх дээ хамтлагийнхаа тоглолтод оролцдог байсан.
-Төгсөж ирээд хаана ажилласан бэ?
-Төгсөж ирээд Улсын филармонийн “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгын уран сайхны удирдаачаар хэсэг ажилласан. Тэгээд Соёлын яамны сайдын тушаалаар1982 онд Улсын циркийн жааз оркестрийн ерөнхий удирдаа - чаар очиж, зах зээлийн нийгэмд шилжиж Улсын циркийн жааз оркестр татан буугдах хүртэл ажилласан. Дараа нь Өвөрмонголын Урлагийн их сургуульд найман жил багшилсан. Тэндээс ирээд энэ сургуульд дөрвөн жил багшилж байна.
-Таныг үсээ ургуулаад, өргөн өмд өмсөөд явахад аав тань юу гэж хэлдэг байв?
-Аав, ээж ерөнхий ноён нурууг нь л харна уу гэхээс бидний хэрэгт нэг их оролцдоггүй байсан.
-Харин та хүүгийнхээ уран бүтээлд санал, шүүмжлэл хэлдэг үү?
-Батчулуун 40 нас хүрчихлээ. Эрийн цээнд хүрсэн хүнд би юу хэлэх вэ. Өөрийнхөө хүссэнээр хийе гэснээ хийдэг жаргалтай үе ирсэн. Хүний сэтгэхүй, чадвар л мэдэх хэрэг. Баачкаагийн “Төгөлдөр”, “Ялгуун”, “Хос хунгийн дууль”, “Нандин шүтээн” зэрэг дуунуудыг хэрийн хүн дуулж чадахгүй. Дахиж ийм дуунууд гарах ч үгүй. Би бол тийм юм хийж чадах ч үгүй. Баачкаагийн дууны үг, ая нь шал ондоо. Хүүгээ сайн уран бүтээлч гэж боддог.
-Та ихэвчлэн ямар хөгжим сонсдог вэ?
-Рок поп тал руугаа л хэлтийнэ шүү. Жааз хөгжим сонсоно.
-Таны ээмэг нүдэнд тусаад байна. Залуудаа чихээ цоолсон уу?
-Арваад жилийн өмнө чихээ цоолуулсан. Энэ ээмгийг Баачкаа надад бэлэглэсэн юм. Залуудаа ээмэг зүүдэггүй бай - сан. Гэхдээ хөнгөн хөгжмийн хүн болохоор элдэв янзын бөгж, зүүлт их зүүнэ. Одоо ч хүүхдүүдийн хажууд дэмий байх гээд больсон. Сурсан занг амар тавихгүй юм байна шүү дээ.
-Монголд мэргэжлийн ятгач бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн тоглолтод “Соёл-Эрдэнэ”-ийн анхдагч дөрвөн эрэгтэй ятгачин “Цэнхэр залаа”-гаа тоглосон нь үзэгчдэд сайхан сюрприз болсон шүү.
-Дөрвүүлээ тайзан дээр гарахад сэтгэл их хөдөлсөн. 40 гаруй жилийн өмнөх залуу насандаа очих шиг болсон. Нараа, Эрдэнэхуяг нар маань уйлсан шүү дээ. Урлагийн хүн тайзан дээр ойр ойрхон гарч урмаа сэргээж байх хэрэгтэй юм байна. Тайзан дээр гарахгүй байх нь урлагийн хүний мөхөл шүү дээ. Тэр тоглолтод оролцсоноос хойш төрөл арилжсан юм шиг болчихлоо шүү дээ.
Х.УЯНГА