“Эрдэнэ засгийн унага”, “Жаахан шарга”-ыг эвлэгхэн дуулчихдаг болохоор хурим, найрын заллага тасардаггүй өвөөгөө, “Баяд ноёдтой тэрсэлдэж, өнчин ядуусыг энэрдэг нутаг хошуундаа алдартай Тоорой банди гэж сайн эр баригдаж хар гэрт хоригдоход арга ухаан төгс эхнэр нь бяслаг дотор хуурай нууж оруулсан юм гэнэ билээ. Тэгээд
“Эвлүүлээд шахсан бяслаганд нь
Эвийн таван хуурай бий
Эвдэж бусниад гарахаа
Чи минь өөрөө мэдээрэй”
гэж уянгалуулан дуулахад нь Тоорой банди учрыг ойлгон, бяслагт нуусан хуурайгаар гав гинжээ таслан оргосон гэдэг” хэмээн домог ярьдаг асан эмээгээ хачин их саналаа. “Морин хуур, уртын дуу” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулсан “Хууртай мөнхрөх аялгуу” уртын дуучдын уралдааны оролцогчдын дуулсан дуу хайртай хүмүүстэй минь холбоотой дурсамжийг сэдрээсэн хэрэг. Нийслэлийн есөн дүүрэг, Говь-Алтай, Төв аймгаас уг уралдааныг зорин ирсэн 50 гаруй уртын дууч бага, дунд, ахлах гэсэн гурван нас ны ангилалд өрсөлдсөн. Бага насны ангилалд оролцсон 18 хүүхдийн ихэнх нь
“Хөөрхөн халиун ороо шүү
Хөлд нь сууж бариарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай” хэмээн дуулав.
Хөөрхөн халиун” дууг эхлэн сурагчдад эвтэйхэн байдаг хэмээн хамт суусан охин хэлсэн. СУИС, ХБК-ийн оюутнууд голлосон дунд насны ангилалд оролцогчид “Цомбон туурайтай хүрэн”, “Асрын өндөр”, “Тэгш таван хүсэл”, “Дуртмал сайхан” зэрэг хоолойн цар, дуучны чансаа шалгасан дуу дууллаа. Ахмадууд “Өндөр Алтайн нутаг”, “Цагаан саарал морь”, “Сэргэлэн өндөр уул” зэрэг дуучдын тэр бүр дуулаад байдаггүй, мартагдсан дууг сэргээж, бас зарим дууг нутаг нутгийн ая дангаар дуулсан нь залуу дуучид, судлаачдад хэрэг болохоор байна гэж мэргэжилтнүүд олзуурхаж байв. 9-83 настай 50 гаруй уртын дууч шуранхай хадааж, 30-аад хуурч морин хуур цэнгүүлсэн уг уралдаан Монголын язгуур урлагийн гайхамшиг, монголчуудын хувцаслах донж маяг, уламжлалт өв соёлыг нэгэн танхимд цогцлоосон сайхан арга хэмжээ боллоо. Уралдааны бага насны ангилалд Налайх дүүргийн харьяат С.Номин-Эрдэнэ, дунд насны ангилалд Хан-Уул дүүргийн харьяат Н.Цэцэгсүрэн, ахмад насны ангилалд Баянгол дүүргийн харьяат Ц.Базарваань өнгөлж, Гранпри шагналыг Баянзүрх дүүргийн иргэн Т.Алтаншагай гардав.
Уг уралдааны шүүгчээр ажилласан, СУИС-ийн уртын дууны багш, соёлын тэргүүний ажилтан Ц.Дэлгэртэй уулзаж уралдааны талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
-Энэ уралдааны гол үр дүн нь юу байв?
-Үндэсний сонгодог урлаг болох уртын дуугаа өвлөн хадгалж, түгээн дэлгэрүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг. Сүүлийн жилүүдэд дүүргүүдийн Соёлын төвүүд энэ ажилд анхаардаг болсонд талархаж явдаг. “Хууртай мөнхрөх аялгуу” уралдаан жил ирэх тусам цар хүрээгээ тэлж, оролцогчдын идэвх сайжирч байна. Хүмүүсийн төдийлэн дуулаад байдаггүй, мартагдсан нэлээд хэдэн дууг ахмад уртын дуучид дууллаа. Энэ бол том үр дүн шүү. Мэргэжлийн сургуульд сурч буй залуус эндээс их зүйл сурч байгаа нь лавтай.
-Оролцогчдод анхааруулмаар, захиж хэлмээр зүйл анзаарагдав уу?
-Ахмадууд хуурчаасаа түрүүлж дуулах гээд байсан тал бий. Багачуудад багш нар нь уртын дууны эгшиг томолт гэдэг нарийн сайхан ухааныг сайн сургах хэрэгтэй нь анзаарагдлаа. Тэгэхгүй бол зүгээр богино дуу шиг дуулчих гээд байгаа тал харагдаж байна.
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүү:
-Энэ уралдааныг Налайх дүүрэг дөрвөн жил зохион байгуулж байгаа юм уу?
-Засгийн газраас баталсан Язгуур урлаг, биет бус соёлын өвийг өвлөж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг дүүрэг тус бүрт хариуцуулж өгсөн юм. Нийслэлийн бүх дүүргийн сургуульд Ардын ёс заншлын танхим байгуулж морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээний үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажил хүчтэй өрнөж байгаа. “Морин хуур, уртын дуу” үндэсний хөтөлбөрийг Налайх дүүрэг хэрэгжүүлж буй бөгөөд “Хууртай мөнхрөх аялгуу” удалдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Налайх дүүргийн удирдлагууд, Соёлын ордны хамт олон энэ ажилд ач холбогдол өгч, жил бүр зохион байгуулснаар нийслэлийн хэмжээнд уртын дууны сургалт хэр үр дүнтэй байгааг эндээс харж болохоор байна.
-Энэ уралдаанд орон нутгаас дуучид ирж оролцдог юм байна шүү дээ?
-Анхны уралдаанд ихэвчлэн ахмадууд оролцож байсан бол жил ирэх тусам оролцогчдын тоо өсөж, залуужиж байна. Өнгөрсөн жи лээс орон нутгаас уртын дуучид ирж оролцдог болсон. Налайхчууд энэ уралдаанаа сайн зохион байгуулж, цар хүрээг нь өргөжүүлж байгаа учраас яваандаа улсын хэмжээний уралдаан ч болж магадгүй шүү.
Гранпри шагналын эзэн Т.Алтаншагай:
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, цэргийн заан, чөлөөт бөхийн ОУХМ тэрбээр “Эртний сайхан”, “Бааван бааван хар” дууг дуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
-“Хууртай мөнхрөх аялгуу” уралдааны гранпри шагнал хүртсэнд тань баяр хүргэе.
-Энэ уралдаанд анх удаагаа оролцоод гран при шагнал авсандаа баяртай байна
-Дуулах эрдмийг хаана сурав?
-Би мэргэжлийн сургуульд сураагүй. Арав гаруй жил өөрөө оролдож, мундаг дуучдын дуулахыг сонсож, дагаж дуулж явлаа. Улсын начин, дуучин Эрхэмбаяр миний багш. Багш маань намайг уртын дуу дуулах дуртай болгосон.
-Гранпри авна гэж бодож байв уу?
-Ер нь өөртөө итгэлтэй байсан.
Хамгийн өндөр настай оролцогч, Налайх дүүргийн иргэн П.Долгор:
-Тусгай байрт орсонд тань баяр хүргэе. Энэ уралдаанд хэд дэх удаагаа оролцож байна вэ?
-Энэ уралдааныг зохион байгуулсан цагаас нь жил бүр оролцсон. Өмнө нь тусгай болон гуравдугаарт байрт орж байсан юм. Энэ жил тусгай шагнал хүртсэндээ баяртай байна.
-Уртын дууг хэзээнээс дуулав?
-Хүүхэд байхдаа ээж, аавыгаа дагаж дуулдаг байлаа. Тэгээд нэг хэсэг ардын урлаг, уртын дууг ойшоож үздэггүй байх үед дуугаа орхиж өөр ажил хийсэн. Ардчилалд шилжиж, нийгэм чөлөөтэй болсноос хойш сэргээж дуулсан.
-Сая таны дуулсан “Цагаан дэлт халиун” гэдэг дууг өмнө нь сонсож байгаагүй юм байна?
-Би энэ уралдаанд “Хэрлэнгийн барьяа”, “Цагаан дэлт халиун” гэдэг дууг дууллаа. Энэ манай нутгийн дуу. Би Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн.
-Ийм өндөр настай хүн гэхэд хоолой тань сайхнаараа байна шүү?
-Тийм байна уу, чихэр шиг үг хэлдэг сайн охин байна. “Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг л энэ байх.
Х.УЯНГА