Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ижилсэн гоёдог ногоон дүрэмт хувцсаа хэдхэн хоногийн дараа үндэсний дээлээр солихоор зэхэж байна. Ингэхдээ 2220 жилийн өмнөх түүхийг амилуулах учраас эрдэмтэн, судлаач нартай хэлэлцэн өмсөх хувцас, барих зэвсгээ базаажээ. Өчигдөр тус чуулгаар зочлоход хөгжимчид, дуучид, бүжигчид “Хүннү” дуурьт зориулан тус тусын бэлтгэлээ базааж байлаа. Тэгш олон ойн баяр болон Батлан хамгаалах яамны 100 жилийн ойд зориулсан “Хүннү” дуурийн хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, цомнолыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг, ЦДБЭЧ-ын Маркетингийн албаны дарга Р.Өнөржаргал нар бичжээ.
Сүүлийн үед байнга хамтран уран бүтээл туурвих болсон найруулагч Ч.Ганхуяг, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр нар энэ удаа дахин хоршсон байгааг уншигч та анзаараа биз ээ. “Хүннү” дуурийн ерөнхий зураачаар “Хязгааргүй” моно оперын тайз заслыг хийсэн зураач Ариунболд, туслах найруулагчаар ЦДБЭЧ-ын ерөнхий найруулагч Г.Амартүвшин ажиллаж буй юм. Дуурийн нээлт ирэх сарын 10-нд болно.
ТҮҮХИЙН ҮНЭНИЙГ ӨГҮҮЛЭВ
ЦДБЭЧ-ын уран сайхны зөвлөл яамныхаа 100 жилийн ойд зориулан том хэмжээний бүтээл хийхээр төлөвлөснөө- сөө хойш хэд хэдэн удаа шалгаруулалт хийж “Хүннү” дуурийг тайзнаа амилуулахаар болжээ. Ингэхдээ цомнол нь түүхийн үнэнээс гажаагүй, бодитой байхыг чухалчилсан юм билээ. Тиймээс дуурийн үйл явдал монгол хүн бүрт танил санагдах биз ээ. Дуурийн эхлэлд өвгөн хуурч Модун Шаньюгийн тухай тууль хайлна. Туульд Модун төр барьж буй Түмэн Шанью эцгийнхээ бодлогыг хэрхэн эсэргүүцэж амийг нь егүүтгэсэн болон түүний цэрэг эрс Модуныг сэтгэл нэгтэй дагаж байгаа тухай өгүүлнэ. Харин дуурийн нэгдүгээр үзэгдэл Хан улсын хааны ордонд өрнөдөг. Дунху улсад найр тавин хүлэг морь, хайртай хатнаа илгээсэн Модуны тухай Хан улсын түшмэдүүд доог тохуу хийн ярилцана. Тэдний яриа оргилдоо хүрч амжаагүй байтал Модун санаанд оромгүй шийдвэр гаргаж үржил шимгүй газраа өгөхийг шаардсан Дунху улсын элчийг егүүтгэж, хүрэн чулуун зүрхтэйгээ нотолсон аймшигт мэдээ ирдэг. Модун Шанью “Газар бол улсын үндэс” гэдэг үзлээрээ түүхэнд мөнхрөн үлдсэн. Эл дуурьт ч энэ тухай өгүүлнэ.
ГОЛ ДҮРГҮЙ ДУУРЬ
“Хүннү” дуурьт гол дүр гэж бараг байхгүй. Модун Шаньюгийн дүрийг тус чуулгын дуучин Г.Тэгчинжав бүтээж байгаа ч дуурийн ихэнх үйл явдал болон дуулал хэсэгт найрал дуучид чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна цэргийн тодотголтой чуулга учраас “Хүннү” дуурьт гарч байгаа түүхэн үйл явдлыг илэрхийлэхдээ цэргийн зохион байгуулалт, зэр зэвсгийн хэрэглээг чухалчилж байгаа аж. “Дайн байлдааныг бодит мэт дүрслэхийг зорьж байгаа” хэмээн дуурийн туслах найруулагч Г.Амартүвшин ярьж байсан юм. Угаасаа ЦДБЭЧ-ын найрал дуучдын бүрэлдэнхүүнд эрчүүд олон байдаг учраас ингэх ч боломжтой аж. “Хүннү” дуурийн бүрэлдэхүүнд тус чуулгын 180 уран бүтээлч, арын албаныхан оролцож байгаагаас гадна 20 гаруй дуучныг гэрээгээр ажиллуулж байгаа аж.
ЭСГИЙ ТУУРГАТНЫ ИЛЭРХИЙЛЭЛ БОЛСОН ТАЙЗ
Биднийг очих үед тайзны заслын ажил эхэлсэн байлаа. Түүнчлэн Ариунболд зураачийн урласан тайзны эс - кизээс ямар төрхтэй тайз сүн - дэрлэхийг харсан юм. Эсгий туургатны илэрхийлэл болгож тайзны ард талд урт эсгийнүүд унжуулж, гол хэсгийг эргэдэг байхаар дүрсэлжээ. Эргэдэг тайзны эргэн тойронд морьтон баатрууд, үхэр тэрэгний дугуй, Хүннүгийн үеийн амьтны дүрслэлүүдийг байрлуулжээ. Эдгээрийг хөшөө хэлбэрээр хийх аж.
Г.АМАРТҮВШИН: ЭНЭ БҮТЭЭЛ ТҮГШҮҮРИЙН ХАРАНГА ДЭЛДЭНЭ
Сургуулилалтын үеэр “Хүннү” дуурийн туслах найруулагч Г.Амартүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.
-Саяхан УДЭТ-ын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” жүжиг тоглосон. Танай дуурь Хүннүгийн ту хай өгүүлсэн бусад уран бүтээлээс юугаараа ялгарах вэ?
-Олон хүнийг хамруулж, дайн байлдааны тактикийг чухалчлан харуулах онцлогтой. Түүнчлэн бидний өвөг дээдэс эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооны төлөө амь биеэ зольж явсан байхад бид одоо хөрсийг нь ухаж сэндийлээд ямар болгож байгаа билээ гэдэгтээ дүгнэлт хийх боломж олгоно. Өөрөөр хэлбэл, энэ бүтээл түгшүүрийн харанга дэлдэнэ.
-Яагаад Ч.Ганхуяг найруулагчтай хамтран ажиллах болсон бэ?
-Уран сайхны зөвлөл Ч.Ганхуяг найруулагчийн цомнолыг онцлон сонгосон. Тэгээд ч өөрийн гэсэн илэрхийлэлтэй уран бүтээлч учраас “Хүннү” дуурийг содон, шинэлэг, мэргэжлийн уран бүтээлчдийг авьяасыг сорьсон бүтээл болгон амилуулна гэдэгт итгэлтэй байна.
-“Хүннү” дуурийг энэ жил хэдэн удаа, хаана тоглох вэ?
-Ирэх сарын 10-нд чуулгынхаа байранд нээлтээ хийгээд таван удаа тоглоно. Ирэх жил манай чуулгын ой тохиож байгаа учраас бид 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн. Тиймээс ирэх жил “Чингис хаан” рок дуурь, “Нэр төр” бүжгэн жүжиг, “Хүннү” дууриа дахин тоглоно. Мөн “Нарны охид” хүүхдийн жүжгийг дөрөвдүгээр сард тоглоно.
Ж.СОЛОНГО