1964 оны намар ээжийнхээ гараас хөтөлсөн бяцхан охин Хөгжим бүжгийн дунд сургуулийн хаалгаар орсноос хойш 50 шахам жил өнгөрчээ. Урлагийнхны “шар байшин” хэмээдэг энэ сургуулийн босгыг ээжээрээ хөтлүүлэн алхсан охин өнгөрсөн хугацаанд өөрөө олон хүнийг урлагийн ертөнцөд хөтлөн оруулсан багш болжээ. Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш Д.Тунгалагтай ярилцлаа.
-Таныг хаан хөгжмийн даруул руу хэн хөтлөв?
-Манайх урлагийн удамтай айл л даа. Ээжийн ах нар мэргэжлийн сургууль төгсөөгүй ч лимбэ, морин хуур тоглодог байлаа. Ээж маань 1950-иад оны дундуур Урлагийн сургуулийг театрын найруулагч мэргэжлээр төгсөөд Дорноговь аймгийн театрт анхны мэргэжлийн найруулагчаар очиж, 15 жил ажилласан. Нэгдүгээр ангийн хүүхэд мэргэжлээ сонгоно гэж юу байх вэ. Ээж намайг төгөлдөр хуурч болгоно гээд хөтөлж авчирсан. Тэгээд 6400 төгрөгөөр Германд үйлдвэрлэсэн “Александр Хермэн” гэдэг төгөлдөр хуур авч өгч байлаа. Тэр үед ээж, аавын найзууд “Ийм жаахан хүүхдэд машины үнээр хөгжим авч өгдөг яасан их мөнгөтэй хүн бэ” гэж байсан гэнэ билээ. Ээж маань ямар ч байсан хүүхдүүдээ төгөлдөр хуурч болгоно гэж зүтгэсний ачаар дүү бид хоёр төгөлдөр хуурч болсон. ХБК-ийн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхмийн эрхлэгч Д.Бурмаа миний дүү шүү дээ.
-Ээжийнхээ хүслээр сонгосон мэргэжлээс урвах бодол төрж байв уу?
-Долоо, найман настай хүүхдүүд юугаа ч мэдэхгүй, ээжийн зааснаар орж ирсэн. Манай сургууль энгийн сургуулийг бодвол ачаалал ихтэй. Нэгдүгээр ангиас эхлээд мэргэжлийн хичээл орж, хоёр сургуулийн хөтөлбөрийг нэг дор үздэг. Тийм болохоор 1-3 дугаар ангийн сурагчдад эцэг эхийн анхаарал хэрэгтэй. Хөгжмөө төдөн цаг давт, ерөнхий эрдмийн хичээлээ тэдэн цаг хий гэсэн нарийн хуваарь гаргаж, үүнийгээ ягштал баримталж сургах хэрэгтэй. Миний ээж намайг тэгж сургасан. А.И.Филатова манай сургуулийн сайн сурагчдыг хуучин социалист орнуудын пионерын зусланд амраадаг байлаа. Намайг дөрөвдүгээр анги төгсөх жил Унгарт амраасан нь надад маш их урам өгсөн. Одоо бодоход би зургадугаар ангиасаа хөгжимдөө ухамсартайгаар дурлажээ. Тэр үед манайд ЗХУ-аас мэргэшсэн багш нар томилолтоор ирдэг байлаа. Их сайн багш нар, их ч хатуу шаардлага тавина. Би тэр үед багш нарынхаа хайрыг татсан сайн сурагчдын нэг байлаа. Дунд сургуулиа төгсөөд Киевийн Хөгжмийн дээд сургуульд явсан.
-Киевийн Хөгжмийн дээд сургуульд сурсан анхны төгөлдөр хуурч гэж сонссон юм байна?
-Надаас өмнө Киевийн Хөгжмийн дээд сургуулийг төрийн шагналт Н.Жанцанноров гуай төгссөн. Төгөлдөр хуурчдаас бол би анхных. Энэ сургуульд элссэн нь бас түүхтэй. Хөгжим бүжгийн дунд сургуулийг 1975 онд таван төгөлдөр хуурч төгссөн юм. Тэр жил биднийг улсын шалгалтаа өгөх гэж байтал А.И.Филатова ирж, шалгалтад сууна гээд 15.00 цаг хүртэл хүлээлгэсэн юм. Тэгээд ирж, бидний тоглохыг сонсоод намайг Москвагийн Хөгжмийн дээд сургуульд явуулаарай гэж хэлчихээд явсан. Ингээд Москва явахаар болж байтал Киевийн Хөгжмийн дээд сургуулийн мэргэжлийн төгөлдөр хуурын Александр Павлович Муравский гэдэг багшаас “Манай сургуульд ирээч. Би чамд төгөлдөр хуур үргэлжлүүлэн заах хүсэлтэй байна” гэсэн захидал ирэв. Тэр багш Хөгжим бүжгийн дунд сургуульд томилолтоор ирж, надад гурван жил хичээл заагаад нутаг буцсан юм л даа. Ингээд би Соёлын яаманд хандаж, Киев рүү багш дээрээ очсон.
-Багшийн урилгаар очсон “том” оюутан байжээ?
-Би энд байхдаа сургуулийнхаа шилдэг сурагч гэгдэж, өөрийгөө нэлээд гайгүй гэж боддог байсан. Гэтэл Киевт очоод эхний үед үнэхээр сүрдэж, өөрийгөө голж эхэлсэн. Хамт сурч байсан гадаадын оюутнууд том том уралдаанд оролцож түрүүлсэн гээд л янз бүрийн диплом гаргаж үзүүлээд байдаг. Манайх тэр үед ямар уралдаан тэмцээнд оролцдог байсан биш. Тэгээд их мундаг хүмүүс сурдаг сургууль юм байх, яана даа гэж бодож байлаа. Тэгж байтал анхны шалгалт болж, бүгд бие биенийхээ тоглохыг сонслоо. Тэнд надаас сайн нь ч, арай доогуур нь ч байсан. Тэгэхэд би хичээгээд, хийгээд байвал болох юм байна гэж бодсон. 1982 онд төгсөж ирэхэд Соёлын яамнаас Хөгжим бүжгийн сургуульд багшаар томилсон. Уг нь би тоглооч болохыг хүсэж байсан юм.
-Шинэхэн багшид сандрах үе олон байв уу?
-Багшийн ажил хүнээс их туршлага шаарддаг. Хэдийгээр дээд сургуулийн диплом өвөртөлсөн ч учраа олохгүй тэвдэх үе бишгүй байлаа. Манай сургуулийн нэг онцлог нь хэлэх эвээ олохгүй бол биеэрээ үзүүлчихдэг. Би “болохоо байхаараа” ингэж тогло гээд үзүүлчихдэг байсан. Залуу багш байхдаа шалгалтаас шалгалтын хооронд сандарч л явлаа. Хүүхдүүдээ шалгалтад оруулаад, дүнг нь хэлэлцүүлээд миний ажлыг давхар дүгнэчихнэ. Ингэж явсаар нэг мэдэхэд 30 жил өнгөрчихөж. Жилээс жилд туршлагажиж ирсэн. Одоо шавь нартайгаа зэрэгцээд ажиллаж байна. Миний арваад шавь ХБК-д багшилж байгаа шүү дээ. Тэдэнд бидний туршлага хэрэгтэй. Залуусын шинэлэг хандлага, сэтгэлгээ бидэнд хэрэгтэй.
-Төгөлдөр хуурч болох хүсэл тань багшийн ажилд дарагдаагүй биз дээ?
-Дээд сургуулийг гоцлооч, багш, цөөхүүл хөгжимчин, концертмейстр гэсэн дөрвөн мэргэжлээр төгсдөг. Миний багш “Нутагтаа очоод битгий багш болоорой. Төгөлдөр хуур тоглох ирээдүй чамд бий. Ядаж 10 жил тоглоорой. Багш болбол тоглоочийн ажлаасаа хөндийрнө” гэж захидаг байлаа. Би ч төгөлдөр хуураа тоглох дуртай. Ёстой л ааг амтагдсан үе байсан даа. Гэвч бодлогоор сургасан хүнээ бид мэднэ, багшил гэсэн болохоор яах ч аргагүй. Залуу байхдаа би боломж л гарвал тоглох гээд л гүйнэ.
Гадаадад зохиосон соёлын өдрүүдэд манай сургуулийнхан их явна. Багш сурагчид уран бүтээлийн тоглолт хийнэ. Тэр бүхэнд төгөлдөр хуураа тоглоно. Миний дотор багшлах ёстой гэдэг бодол, тайзан дээр хөгжмөө тоглох юмсан гэсэн хүсэл хоёр тэмцэлдээд л явдаг байсан. Тэгж яваад өөрийн эрхгүй л багшийн ажил даа илүү анхаарал хандуулж, өөрөөр хэлбэл ууссан даа. Өчнөөн хүүхдийн хувь заяа атгачи хаад сууж байгаа хүн чинь ажил даа анхаарахгүй байж болохгүй шүү дээ. Одоо бол багшийн ажил маань давамгайлсан. Гэхдээ тоглох хүсэл минь хэвээрээ. Тайзан дээр биш ч өөртөө тоглож таашаал авдаг. Ангидаа, хүүхдүүдийн завсар зайгаар хөгжмөө тоглоод суудаг юм.
-Таны тоглосон хамгийн том тайз...
-Монголд ДБЭТ, Улсын филармонийн тайз хамгийн том нь шүү дээ. Хөгжим бүжгийн коллежийн тайз бол хамгийн шалгуур өндөртэй нь. Хамт ажилладаг хүмүүстээ тоглох нь танихгүй хүмүүст тоглохоос хамаагүй хэцүү. Гадаадын олон оронд тоглосон. Хуучин ЗХУ-ын ихэнх бүгд найрамдах улсуудаар явсан даа.
-Долоон настайгаасаа нөхөрлөсөн төгөлдөр хуур тань таны хамгийн дотны анд биз?
-Миний хамгийн сайн чаддаг зүйл бол төгөлдөр хуур тоглох. Хамгийн сайн хамтрагч, дотны найз, үнэнч зөвлөгч бол төгөлдөр хуур. Сурч байхад хэцүү, шантармаар зүйл олон тохиолдож байлаа. Гэхдээ шантрахаасаа илүү баяр баясгалан, урам зориг авч байсан. Энэ мэргэжил хүнээс их тэвчээр шаарддаг юм. Наад зах нь олон цагаар сууж давтах хэрэгтэй. Их хөдөлмөрч байж төгөлдөр хуурч болно шүү. Энэ хөгжим хүнд өндөр шаардлага тавьдаг. Тэр утгаараа хүнийг хүмүүжүүлдэг. Уйтгартай, хэцүү зүйл тохиолдсон үед би хөгжмөө тоглож тайвширдаг. Хөгжимтэйгөө ярьж, зөвлөж, бодол санаагаа хуваалцдаг. Хөгжимчин хүн бүр тэгдэг болов уу.
-Нэгдүгээр ангид орсноос тань хойш тоолбол та тавиад жил сургуультайгаа холбоотой байжээ. Энэ өрөө таны хоёр дахь гэр болсон уу?
-Энэ миний хоёр дахь гэр. Заримдаа миний нэг дэх гэр болох тохиолдол ч бий. Энэ шар байшинд би амьдралынхаа 41 жилийг өнгөрөөсөн. Хоёр удаа мэргэжил дээшлүүлэх сургалтад явснаас өөрөөр эндээс холдоогүй.
Х.УЯНГА