Хэд хоногийн өмнө ардын жүжигчин Ц.Батчулуун гуай утасдаж “Манай чуулгыг хөгжмийн зэмсгээр хангадаг ганц том үйлдвэр байдаг юм. 20 жилийнх нь ой энэ онд тохиож байгаа. Тун удахгүй шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулах юм билээ. Тэдэнтэй холбогдож, уулзаарай. Хөдөлмөрч сайхан хамт олон” хэмээсэн юм. Морин хуурын чуулгын удирдаачаас магтаалын үг харамгүй сонссон “Эгшиглэн магнай” хөгжмийн зэмсгийн үйлдвэрийг зорилоо. Нэг айлын хашааны газарт гурван байшин зэрэгцүүлэн барьсан байв. Анх өөрийн хөө байшинд үйлдвэрлэлээ эхлүүлж байсан П.Байгалжав захирал одоо нам даралтын зуухаар халдаг хоёр давхар байшинг тэр чигээр нь үйлдвэр болгожээ. Тэр ч бүү хэл тун удахгүй дөрвөн давхар шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулах гэж буй. Эхнэртэйгээ хоёулхнаа ажилладаг байсныг бодвол өдгөө 40 гаруй ажилтантай өнөр бүл болжээ. Биднийг очиход үдийн цайны цаг болсон байсан ч ажилчид нь амрах завгүй шавдуу ажиллаж байв. Учир нь Завхан аймгийнхан шинэ он гарахаас өмнө 200 морин хуур авах хүсэлт ирүүлсэн аж. Өнгөрсөн жил төв талбайд тоглосон 999 морин хуурчийн 850-ынх нь хуурыг “Эгшиглэн магнай” үйлдвэрт урлажээ.
20 жилийн хугацаанд 10 мянган хуур урлажээ
Монголд хөгжмийн зэмсэг урладаг хамгийн том үйлдвэр нь эднийх. 1991 онд П.Байгалжав захирал хувиараа эрхлэх аж ахуй байгуулж, морин хуур, эвэр бүрээ урлаж эхэлжээ. “Дэлгүүрийн лангуу хоосорч, хөгжмийн зэмсэг хийх түүхий эд битгий хэл хоол хүнс ховордсон үеэс л ажлаа эхэлсэн. Гэхдээ болгоё гэвэл болдог л юм байна” хэмээн ярих П.Байгалжав захирал уг нь цахилгаанчин мэргэжилтэй. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат. Багаасаа адуу, мал хариулж явсаар цэргийн албанд мордож, тэндээ цахилгаанчин мэргэжил эзэмшээд Шарын голын уурхайд долоон жил ажиллажээ. Багаасаа л хуур хөрөөдөж, бас урлах гэж оролддог байсан учраас урлагийн ертөнцөөс сэтгэл нь үл холдоно.
Урлаг, уран сайханд дуртай тэрбээр 1989 онд хийл хөгжим анх удаа хийж шинийг санаачлагчдын уралдаанд орж шагнал хүртсэнээр Улсын ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх Үндэсний хөгжим багаж туршилтын газарт ажиллах болжээ. Тэндээ Төрийн шагналт, хөгжмийн зэмсэг урлаач Д.Индрээ багштайгаа учирч, урлаач болжээ. Тухайн үед Д.Индрээ гуай эвэр бүрээний хөгийг анх удаа баяжуулж, таван шинэ дуугаралттай хөгжим хийсэн аж. Тэдгээр хөгжмийг урлахад оролцсон нь П.Байгалжавд өгөөжөө өгч өдгөө морин хуур, их хуур, эвэр бүрээ, товшуур, хэнгэрэг, шанз, ёочин, ятга зэрэг 20 гаруй төрлийн хөгжмийн зэмсэг урладаг үйлдвэртэй болсон гэдэг. Өдгөө эдний үйлдвэрээс гарсан хуурын тоо 10 мянга хол давжээ.
Эхний жилд 100 орчим хуур урладаг байсан бол 2000 оноос хойш 400-500 болж нэмэгдсэн байна. Харин сүүлийн гурван жил энэ тоо эрс дээшилж 2000 болсон аж. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Эгшиглэн магнай” үйлдвэрийнхэн эрдэнийн чулуун шигтгээтэй, 2.6 метр өндөр морин хуур урласан нь өдгөө Солонгосын олон үндэстний музейд хадгалагдаж буй. Аварга хуурын “ихэр” нь эх нутагтаа үлдэж, шинэ үйлдвэрийнхээ хойморт залах гэнэ.
Хөгжим урлал мод сонгохоос эхэлдэг
Үйлдвэрийн хонгилд анхан шатны дамжлагын цех бий. Энд модыг зүсэж, хэлбэрт оруулаад урлаач нарт хүргэхэд бэлэн болгоно. Эдгээр бэлдэцийг урлаач нар хүлээн аваад сийлж, зорж, нааж хуураа хийдэг. Хуур урлах ажил мод сонгохоос эхэлдэг аж. Дээхнэ үед урлаачид ууланд очиж өөрсдийн гараар модоо бэлтгэдэг байсан ч одоо хорио цээр ихтэй болсон тул модны захаас л тохирох модоо шилж, сонгох болж. Морин хуур урлахад хамгийн тохиромжтой нь хус. Энэ модоор хайрцаг, иш гэх мэт хөгжмийн зэмсгийн хүнд жинтэй хэсгийг урлаж, нүүрийг нь нарс, гацуураар хийдэг аж. Ёочин, ятга, шанз зэргийг хийхэд ашигладаг үйтүн, улаан модыг БНХАУаас авдаг гэнэ. Эвэр бүрээ, бишгүүрийн голыг гуулиар хийдэг учраас гадуур нь хуш модоор бүрдэг юм билээ.
Хөгжмийн зэмсэг урлалын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор урлаачид янз бүрийн туршилт хийж үздэг. Гэсэн ч монгол хөгжмийн ая, данг өөрчлөхгүй байхыг эрхэмлэнэ. П.Байгалжав гуай хэдэн сарын өмнө том үндэс худалдан авч, түүнээсээ морин хуурын дөрвөн бэлдэц гарган авчээ. “Ховор нандин модоор урлаж буй эдгээр хуураа туршиж үзээд, сайн болбол Монголын мэргэжлийн морин хуурчдад өгнө” хэмээн тэр ярьсан.
“Хийморьтой хөгжмийнхөө буянаар айлын хойморт л заларч явна”
“Эгшиглэн магнай” үйлдвэрийн нэгдүгээр давхрын эхний өрөөнд мастер хуур урлаачид суудаг. Морин хуур урлаачдын олон улсын уралдааны айргийн тавд шалгарсан урлаачид цөм П.Байгалжав захиралын шавь. Шавийн эрдэм багшаас гэдэг. Анх 1989 онд морин хуур урлаачдын “Алтан намар” уралдаанд П.Байгалжав тэрг үүлж байсан түүхтэй. Тэр хуур нь одоо Театрын музейд хадгалагддаг аж. Харин одоо шавь нарынх нь үе иржээ. Биднийг очиход урланд БатАмьдрал, Даваажав, Өлзийбат нар ажиллаж байв. Хөгжмийн зэмсгийн үйлдвэрт 15 жил тасралтгүй ажиллаж байгаа морин хуур урлаач Д.Даваажавтай ярилцлаа.
-Энэ үйлдвэрт хөл тавьсан түүхээс яриагаа эхэлье.
-Оюутан болж хотод ирсэн жилдээ буюу 1996 оны арваннэгдүгээр сараас хойш ажиллаж байна. Манай нутгийнхан П.Байгалжав ахын тухай бахархан ярьдаг байсан учраас, нутгийн ахад шавь орох нууцхан хүсэлтэй байлаа. Тэр жил багшийнх шинэ байшингийн найр хийсэн юм. Зурагтаар л барааг нь харж байсан урлагийн томчууд найранд уригдаад ирчихсэн сууж байхыг хараад бахархах сэтгэл төрж, найрын дараа багшдаа шавь орсон. 2000 онд кино найруулагч мэргэжлээр сургуулиа төгссөн ч багшийнхаа хүсэлтээр үйлдвэртээ үргэлжлүүлэн ажиллаж байна.
-Таван жилийн өмнө Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулсан гэсэн. Морин хуур хөгжим урладаг ажлаараа бахархана биз?
-Хийморьтой хөгжим урлаж байгаа болохоор хаана ч хүндлэгддэг нь сайхан. Ер нь бахархах зүйл олон. Монголчууд морин хуур хөгжмөө дээдэлдэг учраас түүнийг урладаг хүнийг хоймортоо л урина. “Хуур урладаг учраас тоглодог л биз дээ” гээд ая хүснэ. Үүнийг багш сайн мэддэг учраас 1998 онд намайг нутагтаа амрахаар явахад “Арван тавны сар” дууг хэрхэн хуурдахыг зааж өгсөн. Харин өнгөрсөн жил олон улсын уралдаанд оролцож байхдаа гаднын хөгжимчид морин хуурыг мэргэжлийн төвшинд тоглож байгааг хараад “Эгшиглэн” дэлгүүрийнхээ дэргэд байгуулагдсан “Эгшигт оюу” морин хуурын шавь сургалтад элсэн орж ноот сурч байгаа.
-Танай үйлдвэрт тусгай захиалга олон ирдэг гэсэн. Танд ногдсон хамгийн чухал захиалга юу байв?
-Хамгийн анхны тусгай захилга маань санаанаас огт гардаггүй юм. “Бөртэ” хамтлагийнхан Германд тоглодог байхдаа дөрвөн утастай их хуур захиалсан юм. Контрбасс хөгжимтэй төстэй, арслан толгойтой их хуур урлаад явуулж байлаа. Сонин содон хөгжим урладаг ч бидэнд зураг нь л үлдэх юм даа.
-Танай үйлдвэрт 40 гаруй хүн ажилладаг гэх ч энд тэнд хүн бужигнаад байхгүй, нам гүмхэн юм?
-Бүгд л ажил ихтэй байгаа болохоор тэгж санагдсан биз. Би хамт олноороо их бахархдаг. Учир нь багш энэ олон хүнтэй бүгдтэй нь тулж ажиллах завгүй байхад хэн чаддаг нь нөгөөдөө сургаж, тусалж байж л энэ их ажлын ард гарч байна. Анхнаас нь хамт олноо зөв нийцтэй байх уур амьсгал бүрд үүлсэн учраас дараа, дараагийнх нь тэр орчинд хүмүүждэг. Багш маань ямар нэгэн дээд сургууль төгсөж, өндөр боловсрол эзэмшээгүй ч бидэнд үргэлж “Сайн явах санааных” гэх зэргээр зөвлөгөө өгч байдаг юм.
Үйлдвэрлэл, худалдаа, засвар, сургалт
“Эгшиглэн магнай” ХХКийн үйл ажиллагааны гол чиглэлүүд нь энэ. Хөгжмийн зэмсэг худалддаг дэлгүүр, засварын төвийг 1999, “Эгшигт оюу” шавь сургалтын төвийг 2010 онд нээжээ. Түүнчлэн үйлдвэр дээрээ хөгжмийн зэмсгийн хайрцаг, уут хийдэг оёдлын цехтэй. Шинэ үйлдвэртээ орохоороо ардын хөгжмийн сургалтын төвөө өргөжүүлж, хөгжмийн зэмсгийн музейтэй болгохоор төлөвлөж буй юм билээ. Монголчууд 1960-1970-аад онд арьсан цартай уламжлалт хуураа барьдаг байсан бол 1980-аад оноос сатуркан утастай, араатай чихтэй болгон өөрчилжээ.
Хэрэгцээ, шаардлагын дагуу зарим өөрчлөлт гарч байгаа ч морин хуур урлах дэгийг эвдэхгүй байхыг урлаачид эрхэмлэдэг аж. Монголчууд ардын хөгжмийн зэмсгээрээ тоглох нь ихэсч, тэр чинээгээр энэ үйлдвэрийнхний ажил ундарсаар л байна. Жилийнхээ захиалга, борлуултыг бүгдийг нь бэлдэхийн зэрэгцээ өөрсдийн гараар шинэ үйлдвэрээ барьсан залуус одоо ойн баяртаа зориулсан номоо гаргахаар ухаанаа уралдуулж суугаа.
Ж.СОЛОНГО