Японы нийслэл Токио хотод пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын эрх олгох гранпри тэмцээн болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Нарантуяа, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзэхэд нэг тамирчин алт, хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн пара наадмын аварга Д.Ганбат, -90 кг-д Б.Баттөгс нар хүрэл медаль хүртлээ.
Үүнээс гадна Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм. Өнөөдөр буудлага спортын хийн гар бууны 10 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Төгөлдөрийн удирдлага дор цэц сорьсон Г.Ганзориг хүрэл медаль хүртэв.