Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1993 онд төгсөгчдийн спортын ээлжит их наадам энэ сарын 4-5-нд тус аймгийн төв буюу хуучнаар Чойбалсан хотод болж өндөрлөжээ. Тэмцээнд эл аймгийн төвийн болон сумуудын сургуулийн 12 багийн 140 гаруй тамирчин оролцсон бөгөөд волейбол, дартс, ширээний теннис, олс таталт, сагсан бөмбөгийн холын зайн шидэлт гэсэн таван төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорив.
Нийтийн биеийн тамирыг дэмжих, төгсөгчдийн нөхөрсөг харилцааг бэхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон хийдэг спортын их наадмыг энэ удаад Сүмбэр сумын төгсөгчид хариуцан зохион байгуулсан аж. Эл наадмын волейболын тэмцээнд Дашбалбар сумын төгсөгчид аваргалж алтан медаль хүртсэн бол хоёрдугаар байрт Дорнод аймаг дахь Төмөр замын сургуулийнхан, хүрэл медалийн эзнээр V сургуулийн багийнхан тодорсон байна. Сагсан бөмбөгийн холын зайн шидэлтийн аваргаар Төмөр замын сургууль, мөнгөн медалийг Баян-Уул, гуравдугаар байрт Дашбалбар сумын сургуулийн төгсөгчид шалгарлаа.
Ширээний теннисний төрөлд V сургууль, “Хан-Уул” цогцолбор, Дашбалбар сумын баг тамирчид эхний гурван байрыг эзэлсэн байна.
Дартсын тэмцээнд Чойбалсан сум, V сургууль, Цагаан-Овоогийнхон алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоов. Олс таталтаар нэгдүгээр байрт Чойбалсан сум, удаах байрт “Хан-Уул” цогцолбор, гуравдугаарт Дашбалбарын сургуулийн төгсөгчид шалгарчээ.
Багийн нийт дүнгээр Дашбалбар сумын сургууль тэргүүн байр эзэлж, цом өргөлөө. Харин V сургууль дэд байр, Чулуунхороот сумын сургууль гуравдугаар байрт орсон байна. Шилдэг эрэгтэй тоглогчоор Дашбалбар сумын төгсөгч Б.Бямбацогт, шилдэг эмэгтэй тоглогчоор Чулуунхороот сумын төгсөгч Б.Гарамжав нар тодорсон юм. Спортын их наадмын үеэр Сүмбэр сумын төгсөгч Н.Атарбаяр волейболын спортын мастер цол тэмдгээр шагнуулжээ.