Шинжлэх ухааны өгүүлэл, бүтээл дагнан хэвлэдэг дэлхийн томоохон компани “Elsevier” болон түүний нэрэмжит сангаас зарласан “Уур амьсгалын өөрчлөлтийн хими” сэдэвт төслийн уралдаанд манай улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор О.Алтантуяа амжилттай оролцож, 25 мянган еврогийн дэмжлэг авах эрхээр шагнуулжээ.
Эл уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 100 гаруй химич оролцож, шинэ, шилдэг гэсэн төслүүдээ илгээжээ. Шүүгчид эхний шатанд 30 төслийг шалгаруулсан бол хоёрдугаар үед таван бүтээлийг тодруулснаар манай улсын судлаач Германы Дресден хотод энэ сарын 12-15-нд болсон “Ногоон, тогтвортой хими” олон улсын найм дахь удаагийн хуралд оролцох эрх авсан байна. Тэрбээр 48 орны 250 гаруй судлаач, эрдэмтэн цугласан хурлын танхимд “Байгалийн чулуулаг ашиглан усны бохирдол бууруулах блок материал гарган авах, хэрэглэх” судалгаагаа танилцуулснаар шилдгийн шилдэг хоёр оролцогчийн нэгээр шалгарсан аж. Ингэснээр судалгааны төслөө хэрэгжүүлэхэд шаардлагатай 25 мянган еврогийн санхүүжилт бүхий грантын эзэн болжээ.
Доктор О.Алтантуяа нь 2021 оноос хойш Хими, химийн технологийн хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторид ажиллаж буй бөгөөд эрдэс түүхий эд, үйлдвэрлэлийн хаягдлыг дэвшилт технологиор боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, шинэ материал гарган авах чиглэлээр судалгаа хийдэг юм байна.