“Эрдэнэс Тавантолгой” компанийн хэрэгжүүлж буй стратегийн ач холбогдол бүхий 10 төсөл, хөтөлбөрийн нэг болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг өчигдөр ашиглалтад оруулав. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах нүүрс баяжуулах уг үйлдвэр нь Ази, Номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологитой юм байна.
Тус компани уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж буй гэнэ. Дээрх үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” компани жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын ашигтай ажиллах аж. Ингэснээр улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.доллар төвлөрүүлэх нь. Мөн улсын болон бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, 900 гаруй ажлын байр шинээр бий болгох юм байна.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн