...До.Цэнджавын шүлгүүд торгон мэдрэмж, санаанд оромгүй уран гаргалгаа, өөрийн гэсэн ур цэц, утга түрсэн санаа, шүүмжлэхүй аяс, уянгын зөөлөн шивнээ, сэтгэлийн салхи савир цөм хослон цогцолсон байх мөртлөө дүрслэл, санаа нь монгол хүмүүсийн амьдарч ирсэн, бас бидний амьдарч байгаа энэ л бор амьдралаас эрж хайгаад байхааргүй энгийн зүйлс байж, тэр нь монгол ахуйн тод зураг, ёс заншлын шүншиг, байгаль, уул ус, эх орноо хайрлах үзэл, ёгт хошин илэрхийлэл, хүүрнэл өгүүлэмжтэйгээ нэгдэн найрч, ямар ч уншигчийн сэтгэлийг холбилзуулан татсан уран санаа, утгын төвлөрлийг үүсгэдэг нь найрагчийн эрдэм авьяасын адвиш онцлог юм.
Д.Галбаатар Утга зохиол судлаач, шүүмжлэгч, профессор
Дайчин бэйсийн гурван охин
Дархан гуайн гурван охин
Салхинд гунхмаар дэгжин
Дарсанд халмагтан харвал
Саранд тольдмоор шаавай
Гүйн хар алхаатай моринд
Гүнжид бадмын завилгаатай
Гүйцээж урласан гоо нь
Гүйлс цэцгийн чимэгтэй
Дөрөө тамга хавиран
Дөлсөн юм шиг гурвуулхнаа
Тавин лангийн баавар
Тахим дундаа шигширгээтэй
Тавхан үгийн солио нь
Талын болжморын жиргээтэй
Аль нь эгчийг мэдэхгүй
Адил гурван охидын
Далдирсхийгээд инээхэд нь
Дараад авах шиг хонхойно
Завхуул алдуул үгэнд
Загас шиг булт үсэрнэ
Дайчин бэйсийн гурван охин
Дайрсан олныг согтооход
Давхар угалзтай майхнууд
Дагаад нисэх шиг дэрвэлзэнэ
Очир зангидсан малгай ч
Онгод сүрээ мартмаар
Олойр буман оддын ч
Оч нь жаахан дутмаар
Дэгжин гурван охин
Дэнж хотойлгон гайхуулав
Сур, бөх, морь гурвыг
Суурин дээр нь тонгорчхоод
Сураггүй алга болсон
Суугуул нутгийн дагинас
Дараа жилийн наадмаар
Дахиад таарахгүй охид
Дарстай нь хамт хөнтөрчихмөөр
Дайчин бэйсийн гурван охин....
Намар орой
Чөдөртэй морь
Хяр даваад холджээ
Ойрдоо өвс байхгүй
Гадаа тогтохоо больжээ
Намар оройн хяруу
Өрхөн дээр унажээ
Дээлийн сугаар
Талын салхи сийгэж
Дэрсний гундуу үзүүр
Шар Шандад бөхөлзөнө
Тэртээх зэрэглээнд
Тэмээ мал бүртэлзэж
Сүүлчийн хоёр тогоруу
Сүргээсээ тасарч үлджээ
Нүүдлийн жингийн араас
Нүдээ шилээсэн ч хоосон
Худаг руу хөтлөлцсөн инээд
Хуучин мөр шиг баларчээ
Санаа алдаад тэнгэр ширтвэл
Саарал өнгөөр намайг мялаав аа...
Чоно
Догшин хөх тэнгэрийг
Сэрвээн дээрээ шилгээж
Долоон голын жаврыг
Жартгай дотроо гүйлгэдэг
Хээрийн хар салхитай
Хөлөө хурцалж үзэлцдэг
Ширхэг цагаан хялганаар ч
Шилгээж байгаад хооллочихдог
Хаад, хаадын хүлгээс зугтааж
Хар чөдөр болтлоо сунайсан
Дайснаас түрүү сумны зэвийг
Дайр бие дээрээ шалгуулсан
Тал сарыг хараад
Өөрийгөө гэж ульдаг
Тасарч харвасан оддыг
Хэл дээрээ тосдог
Улихад нь
Уулс хүртэл жихүүцдэг
Чоно заяанаасаа урваагүй, уйдаагүй
Чоно нэртэй чоно
Ганц далдирдаг юм нь
Гал...гал...гал...
Сайндаа ч биш
Салхинд ирлэгддэг болохоос
Дулаанд...нэлхийх халуунд...
Дугжирдаггүй заяа нь тэр
Өрөвдөхийг мэдэхгүй ч
Үүрэндээ улай үзээгүй
Анир чимээгүй суйлж сураагүй
Асуух мэт архирдаг
Харийн нутгийн чулууг
Шиншилж байгаад таньчихдаг
Халуун эх нутгийнхаа
Хавханд нь орж баригддаг
Эцсийн хар нулимсаа
Элгэн чулуундаа шингээдэг
Эрийн хийморь асаачхаад
Эмээл дээр нь сугсрагддаг
Чоно заяанаасаа урваагүй, уйдаагүй
Чоно нэртэй чоно...
Хурандаа
Сулинхээрийн улайссан чулуу
Сунайж байгаа чоно шиг хөх уулс
Ахтай минь ижилсэж
Адуу шиг бие биеэ гэж явсан
Цанатай гудамжинд вальс хангинаж байхад
Цагийн цохилт шиг зүрхээр хилээ эргэж байсан
Эрээн даашинзтай охид эрвэлзэж дэрвэлзэж явахад
Эртний гүрвэлийн нутгаар онгож гандаж явсан
Шувуу ч ирж буудаггүй харуулын шовгорт
Шуудангийн тэрэгнээс өөр бараа нь үгүй говьд
Шунал, алдар хоёрыг таг мартаж
Шуурга түгшүүрийн дор буулгатай юм шиг явсан
Гүжир бажир хэдэн эрстэй хундага тулгаж
Гүрж аялгуунд товшиж бүжиж явсан ч
Эргээд л өнөө өмнө, баруун хязгаарт
Эмээл сэлгэхгүй албандаа мөлхөж явсан
Энэ муу шар авгай минь амь болж явлаа гэж
Эгээтэй л нулимс унагаалгүй халамцуухан магтана
Үнэндээ ч энэ хоёр дээлийн хос товч шиг
Үүрийн цолмонгоор өрхөө татаж албаа цуг хаасан
Арслан цолыг ногоон дэвжээнд ааглаж авдаг шиг
Армийн хурандаа цолыг сөгдөж аваагүй ээ
Шамрага цас гялтганаж бударсан энэ өглөө
Саарал папахтай ах минь машинаасаа бууж байна
Өмнүүр нь чоно ч гүйж амьд гараагүй юм сан
Өвгөрөх болоогүй хурандаа халаагаа өгч байна
Яралзтал алхаж байсан он жилүүд өнгөрч шүү дээ
Яахав дээ, ах минь сэлмээ хуйлаад жаахан амар даа
Хурандаа минь
Хуучин цэрэг минь...
Ихийн дууль
Их сургуулийн гудамжаар алхахад
Их уул зөрнө
Идэр чийрэг залуус
Их уулыг онхолдуулах шахна
Тэглээ гээд хэнийг мэдэхгүй
Тэвэр дүүрэн номтойгоо
Өсгөгч шилний цаанаас
Өмнө нүх байгааг таахгүй
Гудамж хөндлөн гарахдаа
Гутлаа гээчих шахна
Хар тэрэгний хаалганы цаана
Хайртай шавь сайд өнгөрнө
Ная шахсан ч
Их сургууль руугаа
Нанчид хүртсэн ч
Их сургууль руугаа
Маршалын хөшөө хааяа
Мартагдсан дурсамжийг сэргээнэ
Магадлалын онолоор
Мад тавьсанаа санана
Ийм ч яваагүй ээ, их уул
“Ингэж хөгжихгүй” гээд
Их холоо хөөгдөх шахсан
Дугуй танхим дотроо
Дураар сэлэх загас шиг байсаан
Инээлдэж явсан
Оюутны жил тэртээ цаана...
Ижил хань нь
Орхиод тэртээ тэнгэрт...
Их сургуулийн гудамжаар
Их уул зөрнө
Их уулыг
Илүүдсэн зөнөг л гэнэ
Арьсан цүнх нь
Цоорхой профессор
Араасаа ирж яваа
Шавьдаа гүйцэгдэнэ
Номоороо биш ээ, үгүй ээ
Номоор ч юмуу даа...
Тоглоом ч үгүй нэг л өглөө
Тойрох хуудсаа шавиасаа авна
Их сургуулийн гудамжинд
Их уул нам гүм болно
Сураггүй болсон нэр
Сурах бичгээс алга болно.
Өнгийж харах биш дээ
Үнэнч шавийнх нь нэр харагдана
Хаданд нэргүй нь ч яахав ээ
Хавтсанд нэргүй нь л хөөрхий ...
Ил нүдэнд харагддаггүй
Их уул байдагсан уу?
Тэртээ хөндийд бороо цаашилна
Санах л юм чамайг санах юм
Сарны доогуур гол чимээгүй урсахыг санах юм
Модон гүүр тохойлдоод зогсоход
Мойл нүд чинь сормуусандаа чийгтэхийг санах юм
Тэртээ хөндийд бороо цаашлахад
Тэрлэгийн чинь заамаар туяа гийхийг санах юм
Арилсан борооны солонго гэзэгнээс нь зүүгдэхэд
Арын ууланд хөхөө донгодохыг санах юм
Чисжүү тэрлэгийн богино хормой задалж
Чилгэр үдшийн бороонд гүйхийг чинь санах юм
Шанзын чинь эгшгээр гэрэлтэй тооныг чинь олж
Шарилжны дундуур очдог хашааг чинь санах юм
Навчис шуурсан улиангарын чөлөөгөөр холдож
Намрын шувууд шиг буцаад ирээгүйг чинь санах юм
Сөхөрсөн согоо шиг чинэрсэн гоолиг биеийг чинь
Цөөрөмд булхах сар шиг ариухан гэж санах юм
Аян холын харгуйд учрахгүй л юм сан чамтай
Алчуур намирах шиг чичрэхээ болио доо гэж санах юм
Сахал байтугай салхинд ч хиртмээр арван найман насыг чинь
Сарниахгүйн эрхээр чамтай уулзахгүй юм сан гэж санах юм
Гүнтийнх
Хөөрхөн горхи
Чимээгүй урсах нь Гүнтийнх
Хөхөөн дуу
Зэлүүд донгодох нь Гүнтийнх
Хүрээ шанз
Зүрх рүү урсах нь Гүнтийнх
Хүрэн тэрлэг
Зөнгөөр задрах нь Гүнтийнх
Модны цаана
Утаа суунаглах нь Гүнтийнх
Мойл нүд
Усанд гэрэлтэх нь Гүнтийнх
Долоодугаар сар
Цэцгэндээ бялуурах нь Гүнтийнх
Дор дороо
Цээрлэхээ болих нь Гүнтийнх...
Эрвээхэй эргэлдсэнээ
Андуурч буух нь Гүнтийнх
Элгэн сэрвэн хад
Амьсгаа чагнах нь Гүнтийнх
Аягач
Аягач болгон
Алиа хөөрхөн ааштай
Алаг нүд нь
Аньсагандаа жавартай
Яв ягаан уруул нь
Янзтай
Хааны урдаас ч
Хараастай
Хатанд нь бол
Хатгаастай
Баатрын өмнөөс ч
Бариастай
Дайсны өөдөөс ч
Дарстай
Ордны аягач
Од түгэхийг ч мэднэ
Шаа хөшиг
Шархийх ч сонсоно
Арслант алтан тамганд
Алганы хээ л үлддэг
Дотроо могойн шүлстэй
Догшин хар дарсыг
Долоон чононд
Долоолгож дийлэх
Булбарай хөөрхөн аягач
Бусдын өмнө бултамхай
Нүгэл хураасан
Нүд нь янзаганых шиг
Аравхан наймтай
Аялагхан охин
Оюу эрдэнэ нь илгүй ээ
Ордноор ниснэ
Шаазан л хагарахгүй бол
Төр хагарах нь хамаагүй
Сар далдирмаар
Сайхан охин
Аяган дотроосоо л
Аз хишиг горьдох
Хорвоогийн бүх аягач
Хосгүй хөөрхөн амьтад аа
Тэр үдэш
Өвсний бухлаас чийг үнэртэж
Өглөө болох ч өдий байсан
Хөл нүцгэн, нөмгөн тэрлэгтэйгээ чи
Хөнгөхөн дэгдээд ирсэн
Оюутны майхан унтаагүй
Орь гунигтай гитар эгшиглэхэд
Од дээрээс бидэн рүү ирж яваад
Очир гуайн трактор дээр унах шиг болдог сон