Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно. Тодруулбал, Москва хотноо 2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр болох Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар оролцох нь ээ. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Төрийн тэргүүн Владимир Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Ерөнхийлөгч Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөхөөр төлөвлөжээ.
Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзах аж. Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно.