Манай улс чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг “БуянтУхаа” спорт цогцолборт өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 1-нд анх удаа зохион байгууллаа. Тус тэмцээнд зодоглохоор 17 орны 350 гаруй тамирчин нийслэлд хөл тавив. Дөрвөн өдөр үргэлжилсэн дээрх тэмцээн сонгомол бөхийн барилдаан 55, 67, 72, 77, 82, 87, 97 кг-ын жингийн барил¬даанаар эхэлж, ОУХМ Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг тэргүүтэй Монголын есөн бөх хүч сорьсон. Тэднээс 55 кг-д М.Даваабанди тэмцээний салхи хагалж, хүрэл медаль хүртэв. Түүний жинд Энэтхэгийн тамирчин Анил Мор түрүүлж, Киргизийн Муратбек Уулу үзүүрлэсэн. 87 кг-д Ц.Батбаяр аваргын төлөө Киргизийн тамирчин Асан Курбанович Жанисовт ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо. 130 кг-д Б.Намбардагва гурав дараалж ялсан ч тэрбээр сүүлийн тойрогт Европын АШТий мөнгөн медальт Туркийн Мухаммет Хамза Бакирт дийлдэж аман хүзүүджээ. 97 кг-д Г.Ганхуяг хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Бат-Эрдэнэтэй оноолт таарч, 9:7-гоор буулган авснаар багтаа гурав дахь медалийг авчирсан юм. Тус жинд Киргизийн тамирчин, “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальт Узер Жузупбеков тэргүүлж, Энэтхэгийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Нитеш Нитеш удаалсан. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн багаас 53 кг-д Ч.Отгонтуяа хүрэл медалийн төлөө О.Ариунзаяаг 5:2-оор хожиж, шагналын тавцанд зогссон. Түүний амжилтыг буухиалж 55 кг-д Б.Хулан алт, 57 кг-д Х.Бо¬лортуяа мөнгө, 59 кг-д Т.Алтжин мөнгө, Э.Гантуяа хүрэл медаль хүртлээ. Тэгвэл 62 кг-ын жинд Дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын төлөө барилдахаар шалгарсан бөхийн хорхойтнуудын анхаарлыг ихэд татсан юм. П.Орхон хагас шигшээд ОХУ-ын тамирчин 23 хүртэлх насныхны Европын АШТ-ий мөнгөн медальт Екатерина Кошкина, С.Цэ¬рэнчимэд залуучуудын дэлхийн аварга Алина Касабиеваг буулгаж авсан. Дэлхийн аваргууд нутгийнхаа дэвжээнд түрүү булаалдаж, П.Орхоны ялалтаар өндөрлөв. Тэд сүүлийн хоёр жилийн УАШТ-д дараалан финалдаж, өнгөрсөн жил П.Орхон, энэ жил С.Цэрэнчимэд ялсан билээ. Тэмцээнийг 65 кг-д Т.Энхжин алт медалиар үргэлжлүүлж, Н.Нархажид хүрэл, 68 кг-д Э.Дэлгэрмаа алт, Б.Ганцэцэг мөнгө, М.Батсүрэн хүрэл, 72 кг-д З.Болортунгалаг мөнгө, 76 кг-д Э.Даваанасан мөнгө, Г.Уртнасан хүрэл медаль гардсан. Эрэгтэйчүүдийн багийн барилдааныг 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ эхлүүлж, тэргүүн байр эзэлсэн бол М.Даваабанди хүрэл, 61 кг-д Т.Түвшинтулга алт, 70 кг-д Т.Тулга хүрэл, 86 кг-д Б.Бямбадорж мөнгө, Н.Батбилгүүн хүрэл, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ хүрэл, 97 кг-д Г.Ганхуяг мөнгөн медаль хүртсэн юм. Хүнд жин болох 125 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга М.Лхагвагэрэл финалд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тамирчин, Европын АШТ-ий хүрэл медальт Зианис Храмианкоуг 5:0-ээр хожиж, аварга болсноор дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ харуулав. Дээрх тэмцээнд оролцсон тамирчдын барилдааныг олон улсын зэрэглэлтэй 23 шүүгч дэнсэлж, С1, ТВ9, “Сүлд” телевизээр шууд дамжуулан С.Шижирбат үзэгчдэд тайлбарлан хүргэлээ.