Өмнөд хөршийн Бээжин хотод зохион байгуулж буй пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын “Дэлхийн цом”-ын тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, Б.Энхбаяр нарын удирдлагад таван тамирчин өрсөлдөж байна. Тэднээс залуучуудын ангиллын 54 кг-ын жинд Д.Жигмэд цээжнээс 151 кг-ыг шахаж алт, насанд хүрэгчдийн 54 кг-д нийлбэр дүнгээр (443 кг) мөнгөн медаль хүртлээ. Насанд хүрэгчдийн ангилалд 59 кг-д Б.Алтангэрэл нийлбэр дүнгээр (333 кг) хүрэл медаль зүүв. Д.Жигмэд эхний өргөлтөөр залуучуудын Ази тивийн дээд амжилтыг (141 кг) эвдсэн бол сүүлийн өргөлтөөр (151 кг) залуучуудын ангилалд дэлхийн рекордыг шинэчилжээ. Харин Б.Алтангэрэлийн олон улсын тэмцээнээс хүртсэн анхны медаль нь энэ. Тэмцээний сүүлийн өдөр Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүтэй гурван тамирчин хүч сорих нь.