NBA-ийн 2025-2026 оны улирлын аваргаар “Өрнөд” бүсийг тэргүүлэгч, энэ улиралд лигт хамгийн олон ялалт байгуулсан “Оклахома сити тандер” баг тодорлоо. Тэд даваа гарагт болсон долоо дахь тоглолтод “Дорнод” бүсийн аварга “Индиана пейсерс”-ийг хожсон юм. “Тандер” плей-оффын өмнө ч, финалын өмнө ч түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байсан учраас тэднийг аварга болсонд төдий л гайхах хэрэггүй. Гэхдээ “Индиана” финалд гайхалтай тоглож, долоо дахь тоглолтыг гаргасан төдийгүй уг шийдвэрлэх тулааны эхний хагаст илүүрхсэн.
Улмаар талбай дээрээ гутамшиг болж, олонхын таамгийг бусниулахаас сэргийлэн багаа аварсан хүн нь багийн лидер Шэй Гилжес-Александр байлаа. Тэрбээр долоо дахь тоглолтод 29 оноо авч, 12 оновчтой дамжуулалт өгсөн. Тийм ч учраас тэрбээр финалын “Үнэ цэнтэй тоглогч”-оор зүй ёсоор шалгарсан юм.
Ирэх жилүүдэд NBA-ийн нүүр царай болох нь тодорхой, даруухан канад тоглогчийн энэ жилийн плейоффт үзүүлсэн содон амжилтуудыг танилцуулъя.
•Хожим нь аваргалсан багт тоглонгоо хамгийн өндөр онооны дундаж үзүүлэлтийн эзэн, улирлын онооны лидер. Уг үзүүлэлтээр тэрбээр М.Жорданаас 0.1 оноогоор илүү гарчээ. •Тухайн плей-оффт хамгийн олон тоглолтод 30+ оноо, 5+ оновчтой дамжуулалт өгсөн тоглогч болов. Тэрбээр 12 тоглолтод, Леброн, Жордан тус бүр 11 тоглолтод ийм амжилт үзүүлсэн.
•Нэг жилийн плей-оффт 15 удаа 30+ оноо авснаар лигийн түүхэнд дэд байрт бичигдэж эхэллээ. Түүний өмнө М.Жордан (1996 онд 16 удаа), Х.Олажьювон (1995) бий.
•Нэг плей-оффт нийт 3000 гаруй оноо авсан түүхэн дэх 12 дахь тоглогч боллоо.
•Улиралд 68 удаа ялж, нетрейтингээр мөнхийн гэмээр дээд амжилт тогтоосон багийн лидер.
•Шидэлтийн ончоор лигт эхний 15-д орсны зэрэгцээ онооны дунджаар улирлыг тэргүүлсэн.
•Улиралд бөмбөг таслалтын дунджаар дөрөвдүгээр байрт орсон бол финалд хамгийн олон блок-шот хийсэн тоглогч болов.
•Гурван улирал дараалж 30+ оноог 50- ааа дээш хувийн оновчтой довтолгоогоор авсан. Түүхэнд зөвхөн М.Жордан, К.АбдулЖаббар, У.Чэмберлэн, Я.Антетокунпо ийм амжилт үзүүлж байв.
•М.Жордан, С.Көрригөөс хойш нийт үр дүнтэй тоглолтын үнэлгээгээр лигийг тэргүүлсэн анхны хамгаалагч.
•С.Көрригөөс хойш улирлын “Үнэ цэнтэй тоглогч”-оор тодорсноос гадна лигийн аварга болсон анхны тоглогч.
•Л.Жэймсээс хойш улирлын болон финалын “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарснаас гадна лигийн аварга болсон анхны тоглогч. Түүхэнд ийм амжилт үзүүлсэн есөн тоглогч бий.
•Багаа улирлын тоглолтод 65-аас олон ялуулснаас гадна аваргалж, улирлын болон финалын “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан түүхэн дэх хоёр дахь хамгаалагч.
•Алдарт төвийн тоглогч Ш.О`Нилээс хойш лигийн аварга, онооны лидер, финалын “Үнэ цэнтэй тоглогч” болсон анхны тоглогч. Ийм амжилтыг Шак нэг удаа, К.Абдул-Жаббар нэг удаа, харин М.Жордан дөрвөн удаа үзүүлж байжээ. Лигийн хамгийн залуу багийн маргаангүй манлайлагч нь болсон Ш.ГилжесАлександр “Тандер”-ыг дахин олон аварга цолд хүргэнэ хэмээн аналистууд үзэж байна. Энэхүү таамаглалыг бодитой хэрэгжүүлэх авьяас, ур чадвар бүгд түүнд бий. BASKET NEWS
•Энэ зуны хамгийн дуулиантай наймааны нэг явагдаж, К.Дюрант “Финикс”- ээс “Хьюстон”-ыг зорилоо. Энэ удаад түүнийг Ж.Грийн, Д.Брукс, драфтын эхний тойргийн 10 дахь сонголт, хоёрдугаар тойргийн таван сонголтоор сольсон байна. Замналынхаа туршид 26.6 оноог 53 хувийн оновчтой довтолгооноор авч байгаа лигийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч ийнхүү өнгөрсөн улиралд бүсдээ дэд байр эзэлсэн залуухан “Хьюстон” багийн нэг хэсэг болж байна.
•“Бостон”, “Портлэнд” багууд солилцоо хийж, Ж.Холидэй, А.Саймонс нар буурь сэлгэв. •“Денвер”-ийн лидер, серб төвийн тоглогч Н.Йокич энэ зун багтайгаа гурван жилийн 212.5 сая ам.долларын гэрээг байгуулах боломжтой гэж Bleacher Report мэдээллээ. •Лигийн залуу оддын нэг В.Вембаняма NBA-д элссэнээс хойших хоёр жилийн хугацаанд 14 кг жин нэмсэн байна.
•“Тандер”-ын 19 настай холбон тоглогч Н.Топич улирал, плей-оффын нэг ч тоглолтод оролцоогүй хэрнээ аварга болсон түүхэн дэх анхны тоглогч болжээ. “Тандер” түүнийг өнгөрсөн жилийн драфтын 12 дахь сонголтоор авсан ч өвдөгний чагтан холбоосын гэмтлийн улмаас серб тоглогч энэ улирлыг бүтэн өнжих шаардлагатай болсон билээ.
Н.Энх