Их аварга Хакүхо сүмо бөхийн ертөнцийг орхин одсон нь олны анхаарлын төвд хэвээр байна. Японы үндэсний сүмо бөхийн бараг бүх рекордыг шинэчлэн тогтоосон, дахин давтагдашгүй ёкозүна яагаад бүх амьдралаа зориулсан сүмо бөхөөсөө холдохоор шийдэв? Зодог тайлаад ояката болж, мэддэг чаддагаа зааж сурган, гарын шавиа бэлтгэх гэж иргэншлээ тэр солиогүй гэж үү? Тиймээ, Хакүхо хайртай, дуртай сүмо бөхийнхөө төлөө маш том золиос гаргасан. Дахиад тэвчээд, тэсээд явж үнэхээр болохгүй болсон учраас л тэр сүмогоо орхисон нь мэдээж. Энэ бүхэн Японы сүмо бөхийн холбоо хэмээх хуучинсаг байгууллага, уламжлал, ёс заншил нэрээр эрх мэдлээ хамгаалан үлдэх гэсэн хэдэн хөгшин ояката нарын явуулга, хуйвалдаан байлаа гэхэд болно.
ЗӨРЧЛИЙН ЭХЛЭЛ
Холбоо, Хакүхо хоёрын зөрчил түүнийг ид барилдаж байх үеэс нь эхэлсэн. Аагтай, омогтой Асашёорюү хэмээх монгол аварга байх үед Сүмо бөхийн холбоо Хакүход тун сайн байлаа. Дохён дээр гарсан бол өрсөлдөгчөө дайсан гэж үздэг Асашёорюүгийн эсрэг томоотой Хакүхог сөргөлдүүлж, нутгийн хоёр залууг сайн, муу баатар болгож харуулсан нь Сүмо бөхийн холбоо. Тэр үед Холбооноос Хакүхог сүмо бөхийн түүхийг судалдаг, их аваргуудаа хүндлэн дээдэлдэг, эгэлгүй аварга гэж магтдаг байлаа. Ямар ч хүчтэй бөх байсан цаг нь ирэхээр зодог тайлдаг нь бичигдээгүй хууль. Асашёорюү зодог тайлж, Хакүхо ганцаараа сүмо бөхийг оройлон үлдлээ. Энэ үеэс холбоо, ояката нар Хакүхогийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг өөлөн, шүүмжилж эхэлсэн юм.
Түрүү бөхийн ярилцлага дээр Хакүхо Бөхийн өргөөнд ирсэн үзэгчдийг уухайлуулаад ихэд баяртай байсан ч маргааш нь холбооноос ёс зүйгүй үйлдэл хийлээ, мөрөөрөө яриагаа өгөөд буух ёстой байсан гэж загнасан. Хакүхог өрсөлдөгч бөхөө нэмж нидрээд Асашёорюү шиг боллоо, давчхаад гоол оруулсан хөлбөмбөгч мэт гараа зангалаа гээд тоо томшгүй янзаар хэлж ирсэн. Их аварга энэ бүхнийг тэссээр л байсан. Магадгүй тэр 45-аас илүү олон түрүүлж чадах байсан. Гэвч 2021 оны долоодугаар сард нэг ч өвдөг шороодолгүй, 15 даван түрүүлээд зодог тайлахаар хатуу шийдсэн билээ.
Цар тахлын улмаас нэг жил хойшилсон Токиогийн олимпын үеэр бөхчүүдийг гадагш гарахыг хатуу хориглосон байсан ч Хакүхо жүдо бөхийн тэмцээн дээр ирж, Монголын багаа дэмжсэн. Түүнийг ордонд орж ирж байгааг хараад бөх сонирхогчид зодог тайлах гэж байгааг нь ойлгосон билээ. 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцсон аавыгаа хүндлэн, олимпын дэвжээнд очихгүй байхын аргагүй байлаа, тэр.
ИХ АВАРГЫН ЭРХИЙГ ЗӨРЧИВ
Сүмо бөхөд их аварга хэмээх ойлголт бий. Энэ нь хориос дээш түрүүлсэн ёкозүнад өгдөг албан бус цол бөгөөд зодог тайлсан хойноо өөрийн нэрээр дэвжээ нээх эрхтэй байдаг. Харин Хакүхо 45 түрүүлсэн, хэзээ ч эвдэгдэхгүй амжилт тогтоосон, их аварга байлаа. Мэдээж Хакүхо нэрээрээ дэвжээ нээх нь түүний мөрөөдөл байсан. Түүхэн их аваргууд дотроос Тайхо, Таканохана хоёр энэ эрхээ ашиглан, дэвжээтэй болж байлаа. Гэвч Сүмо бөхийн холбооноос зөвшөөрсөнгүй. Хакүхо нэрээр дэвжээ нээх нь битгий хэл, холбоонд оякатагаар үлдэх, эсэхийг нь хурлаар хэлэлцэж байсан юм. Ингээд “Ямар ч хэрэг зөрчил гаргахгүй, холбооны үгийг мөрдөн сахина” гэсэн тангаргийн бичиг бичүүлж байж, ояката болгож байсан нь урьд хожид үзэгдээгүй зүйл байв. Их аваргын хувьд бараг доромжлол. Ямар ч гэсэн Хакүхо тэр бичиг дээр гарын үсэг зураад холбоонд үлдлээ. Ирэх жил нь Миягино дэвжээг өвлөн авч, дэвжээ эзэмшсэн ояката боллоо. Ингээд түүний багшийн замнал эхэлсэн юм. Хакүхо Японы бараг бүх аймаг, хотоор явж, шавь элсүүлж байлаа. Хакүоохо, Энхо, Ишиүра гээд л дээд зиндааны хэд хэдэн гарын шавьтай болж, ирээдүйн ёкозүна энэ дэвжээнээс төрөх нь цаг хугацааны асуудал болоод байв.
Хоккайдо арлаас А.Даваанинж гэдэг монгол хүүг элсүүллээ. Өндөр сайхан нуруутай, том биетэй энэ залуу Монголд төрсөн ч Хоккайдод арав гаруй жил амьдарсан тул гадаад бөх гэж тооцогдохгүй, сайн талтай. Бага ангид суралцаж байхдаа Хакүхотой нисэх буудалд тааралдаж, хамт зураг авхуулж байсан хүү. Ёстой бэлгэ дэмбэрэлтэй явдал мэт. Шавьдаа Хокүсэйхо буюу Хойд зүгийн хөх гарьд нэр хайрлав. Хокүсэйхо ч ердөө гурван жилийн дотор цолтой бөх болж, ирээдүй нь гэрэлтэж байлаа. Даанч...
ДЭВЖЭЭГЭЭ ХААЛГАЛАА
Ояката болоод холбоонд үлдсэн Хакүхо тун идэвхтэй ажиллаж байлаа. Шинэ шавь элсүүлэн, холбооноос даалгасан харуул, цэвэрлэгээ гээд бүх ажлыг дүрэм ёсоор гүйцэтгэж байлаа. Өөлөх зүйл огт үгүй. Харин энэ үед дээр дурдсан Хокүсэйхо хэрэг мандуулах нь тэр. 2024 оны хоёрдугаар сард Хокүсэйхо залуу бөхчүүдийг зодож дэглэсэн хэрэг илэрлээ. Холбоонд маш сайхан далим, шалтаг гарч ирэх нь тэр. Ирээдүйн ёкозүна гэгдэж байсан А.Даваанинж зодог тайлахаас өөр аргагүй болсон төдийгүй Хакүхог баллаад нутагтаа харьсан. Харин холбооноос шавиа хүмүүжүүлж чадаагүй, дэвжээнд нь дэглэлтийн хэрэг гарсан гэж Хакүхог хоёр зэрэглэл бууруулах шийтгэл оноолоо. Ийнхүү тэрбээр холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс гарч, ояката нарын хамгийн доод хэсэгт орсон. Мөн гурван сарын цалингийн 30 хувиар торгожээ. Ингээд зогссонгүй, дэвжээ удирдах эрхийг нь хурааж, өөр дэвжээний ояката Миягино дэвжээнд хяналт тавьж ажиллана гэсэн тун хачирхалтай шийдвэр гаргасан.
Гаднын ояката Миягино дэвжээнд ажиллаад мэдээж хэрэг, Хакүхо дэвжээ удирдах чадваргүй гэсэн тайлан гаргасан байна. Холбооноос дэвжээг нь хааж, Хакүхог бөхчүүдийнх нь хамт Исэгахама дэвжээнд шилжүүллээ. Эрчүүдийн спорт болсон сүмод дэглэлт, хүчирхийллийн хэрэг маш олон гардаг. Гэхдээ ингэж дэвжээг нь хураан авч байсан удаагүй. Ганц жишээ дурдахад, Нишёоносэки ояката буюу бидний танил Кисэносатогийн дэвжээнд насанд хүрээгүй залуу бөхчүүдэд хүчээр архи уулгаж, согтоож, дэглэсэн хэрэг гарсан. Харин холбооноос Кисэносатод шийтгэл оноогоогүй билээ. Өөр дэвжээнд очно гэдэг өргөмөл хүүхэд боллоо л гэсэн үг. Гэхдээ сүмо бөхийн холбооноос дэвжээг чинь нэг жилээр хаалаа гэж Хакүход хэлсэн байдаг. Угаасаа шавь нь буруу зүйл үйлдсэн тул Хакүхо ч хүлээн зөвшөөрч, бүтэн жил Исэгахама дэвжээнд хүчин зүтгэсэн юм. Жилийн хугацаа энэ оны дөрөвдүгээр сард дууссан ч холбооны хурал дээр Миягино дэвжээг дахин сэргээх, нээх талаар огт хэлэлцэхгүй байлаа. Исэгахама ояката Хакүхогийн талаар холбоонд “Залуу бөхчүүдэд юм зааж, сургах огт хүсэлгүй байгаа нь ажиглагдлаа” гэсэн хов хүртэл хүргэсэн нь дараа нь илэрсэн юм.
СҮМО БӨХИЙГ ОРХИЛОО
Сэтгүүлчид ч гэсэн хэзээ Хакүхогийн дэвжээг нээхийг сонирхож, асууж лавласан ч Холбоо таг чиг хэвээр. Тэдэнд Хакүхо дэвжээгүй байх нь ашигтай. Мэргэжлийн сүмод жюүрёо зиндаанд тодорхой хэдэн башё барилдсан бол ояката болох эрхтэй байдаг. Холбооны 103 ояката дотор дээд зиндаанд гарч үзээгүй ояката ч бий. Тэд барилдаж байхдаа ёкозүна, озэки байсан ояката нарт таагүй ханддаг. Японы их аварга Таканохана ояката байхдаа сүмо бөхөд шинэчлэл хийнэ гэсэн уриатайгаар Сүмо бөхийн холбооны тэргүүнд өрсөлдөж байлаа. Гэвч япон аварга хүртэл холбоотой тэмцэлдээд дийлэхгүйгээ мэдрээд хэдэн жилийн өмнө сүмо бөхөөс холдож байсан юм. Харин энэ удаад бас нэгэн их аварга Хакүхогийн ээлж иржээ.
Хакүхог байлгаад байвал эрт орой хэзээ нэгэн цагт Сүмо бөхийн холбооны тэргүүн болох нь ойлгомжтой тул бага дээр нь дарж авах бодлого явагдсан нь энэ. Дэвжээгээ хаалгаад Хакүхо Кёкүтэнхогийн Оошима дэвжээнд шилжих хүсэлт гаргасан ч холбооноос “Адилхан монгол хүмүүс хамт байж болохгүй” гээд зөвшөөрөөгүй. Дараа нь хэзээ дэвжээг нь нээх талаар асуухаар “Чи япон хүн юм чинь дахиад нэг жил тэсчих” гэсээр сүүлдээ тэсвэр алдагдах нь ойлгомжтой. Дэвжээ хаах, Хакүхо холбооноос гарахын ард хөрөнгө мөнгө, оякатагийн эрх, лиценз гээд зөндөө асуудал шийдэгдээгүй хэвээр үлдсэн. Хакүхо сүмо бөхийн төлөө холбооноос гадна зүтгэх нь дээр юм байна гэж холбооноос гарснаа тайлбарласан. Харин хэвлэлийн бага хурал дээр хэл ам хийж, холбоог шүүмжлээгүй.
ХАКҮХОГИЙН ЦААШДЫН ЗОРИЛГО
Юуны өмнө хэлэхэд, Хакүхо сүмо бөхөө орхиогүй. Түүний зохион байгуулдаг өсвөрийн сүмо бөхийн “Хакүхо Цом” тэмцээнээс олон сайн бөх төрөн гарсан. Сүүлийн ёкозүна Ооносато ч энэ тэмцээний бүтээгдэхүүн. Хакүхо цомын тэмцээнээ улам өргөжүүлнэ. Мөн сүмо бөхийн “Дэлхийн Их дуулга” тэмцээн зохион байгуулна. Түүний энэ ажлыг эртний ивээн тэтгэгч “Тоёота” компани бүрэн дэмжин, хамтран ажиллах болно. “Тоёота” компаниас энэ зорилгоор шинэ компани үүсгэн байгуулж, Хакүхо удирдах юм. Мөн ояката байхдаа мөрөөддөг байсан шилэн дэвжээгээ ч Хакүхо нээх болно. Гадаа гудамжинд байгаа хүмүүст бөхчүүдийн бэлтгэл бүгд харагдах, тийм бөхийн ордон. Цаашдаа сонирхогчдын сүмо бөхөөр ДАШТ зохион байгуулж, олимпын төрөл болгох хэтийн мөрөөдөл бас бий.
ХАКҮХО ХОЛБООНООС ГАРАХ ХҮРТЭЛХ ОН ЦАГАЛБАР
- 2021.09.30 -Их аварга Хакүхо зодог тайлж, Магаки ояката нэрээр холбоонд үлдлээ. Их аваргын ёсоор өөрийн нэрээр дэвжээ нээх ёстой байсан ч холбоо зөвшөөрсөнгүй. Бүр “Тангаргийн бичиг” бичүүлж байж, ояката болох зөвшөөрөл өгч байлаа.
- 2022.07.28 -Миягино нэрийг авч, тус дэвжээг өвлөн авлаа.
- 2022.08.21 -Хуучин Азүмасэки дэвжээнд нүүж, шинэ дэвжээгээ сэтгүүлчдэд танилцууллаа. Нихонбашид дэвжээний шинэ барилга барих төлөвлөгөөтэй гэдгээ илэрхийлжээ.
- 2023.01.25 -Очиай буюу одоогийн Хакүоохо макүшитагаас ганц башё барилдаад жюүрёод дэвшиж, түүхэн амжилт тогтоов.
- 2023.01.28 -Зодог тайлах ёслолоо хийж, хоёр орны алдартнууд цугларлаа.
- 2024.02.21 -Миягино дэвжээний маэгашира асан Хокүсэйхо хоёр залуу бөхөд хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарлаа.
- 2024.02.23 -Холбооноос Хакүхог хоёр шат буулган шийтгэж, цалингийн 20 хувиар гурван сар торгох шийтгэл оноов.
- 2024.02.28 -Миягино дэвжээг удирдах ажлаа өгч, Магаки ояката дэвжээг удирдах боллоо.
- 2024.03.28 -Миягино дэвжээ хаагдаж, дэвжээний 19 хүн Исэгахама дэвжээнд шилжлээ. 2024.04.28 -Исэгахама дэвжээнд нэгдэн, өөрөө маваши углан, бөхчүүдтэй бэлтгэл хийж эхлэв.
- 2024.05.29 -Миягино дэвжээнд байсан дөр¬¬вөн залуу бөх өөр дэвжээнд барилдах хүсэлгүй хэмээн зодог тайлжээ.
- 2025.06.02 -Холбоонд өгсөн байсан ажлаас гарах өргөдлийг Сүмо бөхийн холбоо хүлээн авснаар энэ сарын 9-нд гарахаар боллоо.
- 2025.06.07 -Монголоос Токиод эргэн ирж, 9-нд болох хэвлэлийн хурал дээр бүгдийг ярина гэж мэдэгдлээ.
ТОЧИНОШИН: СҮМО ХОЛБОО ЯАГААД ГАНЦ ХАКҮХОГ Л АД ҮЗДЭГ ЮМ БЭ?
Мэргэжлийн сүмо бөхийн озэки асан Точиношин Леван Горгадзе твиттер хуудсандаа Сүмо бөхийн холбооноос гарсан их аварга Хакүхогийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Хакүхотой хамт авхуулсан гэрэл зургаа хийгээд “Итгэхгүй байна. Зүрх өвдөж байна” гэж бичжээ. Дараа нь бичлэг хийж “Юм бичье гэж бодсон ч видео бичлэг хийсэн нь бодлоо илэрхийлэхэд илүү дээр гэж бодлоо” гээд бичлэг хийсэн байна.
Точиношин “Ёкозүна Хакүхогийн асуудлыг та бүхэн юу гэж бодож байна вэ? 45 түрүүлсэн аварга, ёс журамтай эр хүн, өөр хэнээс ч илүү сүмогийн төлөө зүтгэж, бүтэн 20 жил сүмо бөхийн холбоог авч явсан хүнд холбоо ийм хүйтэн хандана гэж бодсонгүй. Удахгүй Миягино дэвжээндээ эргэн ажиллах нь гэж бодож байтал бараг л ажлаас нь халчихлаа. Ер нь халагдсантай агаар нэг зүйл боллоо. Өөрөө ажлаа өгнө гэж хэлсэн гэгдэж байгаа ч өөр арга түүнд үлдсэнгүй. Болихоос өөр арга байсангүй. Үнэхээр гунигтай байна. Миягино ояката, залуу ояката нар гарч ирээд одоо л яг Сүмогийн холбоо жинхэнэ мандах нь гэж би бодож байлаа. Яагаад холбоо ганцхан Хакүход л ийм ширүүн, хатуу ханддаг юм бэ? Миягино дэвжээнд гарсан шиг асуудал өөр олон дэвжээнд гардаг. Гэтэл яагаад Хакүход ийм муухай хандав? Сүмогийн холбоо юуны төлөө оршин тогтнож байгаа юм бэ? Холбооныхоо хүмүүсийг хамгаалахын тулд байгаа холбоо биз дээ? Яагаад Миягино оякатаг хамгаалсангүй вэ? Хачирхалтай юм гэж гайхаагүй гэж үү? Үнэхээр муухай. Итгэхгүй байна. Хэнээс ч илүү сүмо бөхийг судалж, сайн барилдаж, Сүмо холбоог авч явсан хүнийг халаад хаясан мэт зүйл боллоо. Дүрэм журам гэж холбооноос ярьж байгаа ч тэгвэл бусад дэвжээнд гарч байгаа асуудлуудыг адилхан шийд л дээ. Алаг үзэхээ боль л доо. Яагаад Хакүхог л ад үздэг юм бэ” гэж ярьжээ.
М.Сугар-Эрдэнэ