БНХАУ-ын Фужянь мужийн Фүжөү хотод үргэлжилж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Зүүн Aзийн АШТ-ээс Монголын баг аваргатай болов. Найман орны баг оролцсон эл тэмцээнд манайхаас 12 тамирчин, дөрвөн дасгалжуулагчийн удирдлагад өрсөлдлөө. Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Б.Энхжин огцом өргөлтөөр 99 кг-ыг өргөж алт, түлхэлтээр 121 кг-ыг өргөн хүрэл, нийлбэр дүнгээр 220 кг-ыг өргөн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ч.Март, А.Отгонжаргал, нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаасан юм. Түүнээс гадна 53 кг-д Б.Отгонтуул гурван хүрэл, эрчүүдээс 65 кг-д Э.Доржрагчаа хошой хүрэл медалийн эзэн боллоо. Тус тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын тамирчид багийн дүнгээр тэргүүлж, Япон, БНСУ-ын баг удаалав. Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Токио-2020”, “Парис-2024” зуны олимпын наадмын шүүгч Л.Одгэрэл болон олон улсын шүүгч Б.Оюунтунгалаг нар багтсан байна.
