“Миний ирээдүйн нөхөр ухаалаг, энгийн, хөгжилтэй хүн байна байх. Гадаад байдал нь ямар ч яах вэ. Зан байдал нь зөөлөн, амьдралын минь туршид тайлагдашгүй оньсого шиг байх хүнд хайртай болж, түүнийгээ бахдан харж, шимтэн сонсож суух юм сан гэж боддог. Уйтгартай хүнд би дургүй” хэмээх Заяа бүсгүйд дүр бүтээсэн Лувсандоржийн Энхтуяа, хүний хань болж, эх хүн болохын утга учир, хуучин, шинэ цагийн үзэл суртлын зөрчил дунд нандин хайр сэтгэл, гэр бүлийн аз жаргал хэрхэн төлөвшиж буйг харуулсан бөх Төмөрийн эхнэр Нарангийн дүрд ажилласан Намсрайн Сувд өдгөө ч монгол киноны сайхан хүүхнүүд хэмээнтооцогддог билээ. Сайтар анзаарвал уян зөөлөн хэр нь эр зоригтой, садан төрөл, эх нутагтаа элэгтэй монгол хүний дүр түүний найруулсан бүтээл бүрд байдаг шиг.
Манай улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй зэрэгцүүлэн манай сонин “алтан үеийн” гэгдэх дэлгэцийн киноны нэрт найруулагчид, тэдний уран бүтээлийг уншигчдадаа цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаагийн нийтлэлийн баатар бол Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадрахын Сумхүү. Үүнээс өмнө “Анхаар, мотор!” буюу цахилгаан сүүдрийн эзэн Б.Балжинням”, “Ирж яваа цагийн найруулагч Ж.Бунтар”, “Намайг хэн явсныг тэнгэр мэднэ” хэмээх жүжигчин, найруулагч Г.Доржсамбуу нарын уран бүтээлийн талаар нийтлэл хүргэснийг уншигчидсанаж буй биз. Увс аймгийн Давст сумын харьяатболовч Улаанбаатар хот руу нүүж явахдаа Ховд хотод мэндэлсэн гэгддэг Б.Сумхүү сонирхолтой түүхтэй нэгэн. Эцэг ӨлзийтийнБадрахыг нь улс төрийн хилс хэрэгт холбогдуулан 1934 онд ЗХУ руу цөлөхөд тэрбээр гэр бүлийнхээ хамт Москвад суурьшсан гэдэг. Түүний аав Москва дахь Коминтерний хэвлэлийн газар ажиллаж байсан ч төд удалгүй баривчлагдсан тул Б.Сумхүү хүү ээжийн хамт нутагтаа эргэн иржээ. 1941 он хүртэл Улаанбаатар хотын Үлгэр жишээ бага сургуульд сурсан боловч ЗСБНХУ-ын Дээд шүүхээс Ө.Бадрахад цаазаар авах ял оноож гүйцэтгэсэн учир хүү Сумхүүг нь “эсэргүүний хүүхэд” хэмээн хөөхөд нийслэлийн I бүрэн дунд сургууль руу шилжсэн аж. Урлагийн хорооны шийдвэрээр 1950 оны дөрөвдүгээрсард ЗХУ-ыг зорьж, тайзны зураач мэргэжил эзэмшиж ирээд Улсын хөгжимт драмын театрт тайзны конструктор зураач, жүжиг чимэглэлийн эрхлэгчээр чамгүй олон жил ажиллажээ. Эцэст нь Б.Сумхүү Бүх холбоотынКУДС-ддоктор, профессор Л.В.Кулешовын удирдлага дор уран сайхны киноны найруулагч мэргэжлээр суралцсан нь түүний анхны алхам, шинэ замналын гараа болсныг энд дурдах нь зүй. Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жигжид өөрийн олон жил чармайж эхлүүлсэн киногоо дуусгаж чадалгүй бие нь өвдөхөд “Засаг төрөөс надад итгэл хүлээлгэн өгсөн киногоо би Б.Сумхүүд өгмөөр байна” хэмээн нүдэндээ нулимстай хэлсэн нь Соёлын яамны 1986 оны долоодугаар сарын 8-ны хурлын тэмдэглэлд үлджээ.
Тэрбээр “Толбот хивс” (1962), “Төөрсөөр төрөлдөө” (1966), “Агуйн нууц” (1969), “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” (1971), “Ичээнд нь” (1972), “Моторын дуу” (1973), “Хань” (1975), “Анхны хайрын дууль” (1975), “Говь хянганд тулалдсан нь” (1981), “Би нисэх дуртай” (1987), “Одод орчих хязгаар” (1990) тэргүүтэй 20 орчим бүрэн хэмжээний бүтээл найруулж, 50 гаруй гадаад киног монгол хэлнээ хөрвүүлжээ. Түүнийнайруулсан“Төөрсөөр төрөлдөө” нь Азийн кино фестивалиас тусгай шагнал, “Моторын дуу” Карло Варын кино наадмаас дэлхийн кино зохиолч, найруулагчдын холбооны шагнал, 1996 онд “Гоо марал” наадмын хүндэт диплом хүртсэн юм.

ИЧЭЭНД НЬ
1921 оны ардын хувьсгалын дараах жилүүдэд Жа лам хэмээх Дамбийжанцангийн удирдсан хувьсгалын эсэргүү бүлэг ард олныг айлган сүрдүүлж, өөрсдийн эрхшээлд оруулан, шинээр тогтносонзасаг төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж байгаа харгис үйлдлийг таслан зогсоох даалгаврыг Ардын засгийн газраас Нанзад тэргүүтэй чекистүүдэд үүрэг болгосноор эл эсэргүүчүүдийн эсрэг амь хайргүй тэмцэж явсан тэдний үйл хэргийг тун адал явдалтайгаар өгүүлж, хязгаар нутгийг төвхнүүлж буй түүхэн үйл явдлын талаар харуулах тус киног үзэхийг орчин үеийн үзэгчдэд зөвлөх байна.
Эчнээ танил Б.Балжинням зураглаачаар, Д.Лувсаншарав хөгжмийн зохиолчоор ажилласан тус бүтээлийн талаар “Жа лам болж тоглосон жүжигчин М.Цолмонбаатар гадаад талдаа энэрэнгүй, дөлгөөн харагдавч хорон санаатай, хоёр нүүртэй хүнийг гаргаж байна. Театрын жүжигчин тэрбээр харгис Дамбийжанцангийн дотоод муу талыг уудлахдаа дутуудууллаа. Энэ нь нэгт, кинонд тоглосон туршлага дутсанаас, хоёрт, ногдсон дүрээ судалж, өөрийн болгоогүйгээс болжээ. Ер нь театрын жүжигчин хүн кинонд тоглохдоо хэтрүүлдэг, эсвэл дутаадаг тал байдгийг жүжигчин, кино найруулагчид анхаарах хэрэгтэй. Киноны зарим үйл явдал дундаа холбоо муутайгаас чухам энэ хэсэг нийслэл Хүрээ, Улиастай, Мичин уул, Итгэмжит бэйсийн хүрээний алинд нь болоод байгааг ухахад бэрх болжээ” хэмээн “Үнэн” сонины 1973 оны хоёрдугаар сарын 10-ны дугаарт бичсэнийг энд дурдъя.
МОТОРЫН ДУУ МИНИЙ ДУУ
Говийн ганц худагт моторчноор ажиллаж байгаа Ганаагийн амьдралаар дамжуулан хөдөө нутагт соёл нэвтэрч, хүн ардын оюун санаанд шинэ нийгмийн үзэл суртал нэвт шингэж буйг тус бүтээлд өгүүлэх болно. Уг киноны ганган жолоочийн дүрээрээ танигдсан Б.Даваасүрэн нэгэн ярилцлагадаа “Моторын дуу” кино маань дэлгэцнээ гараад 53 жил болчхож. Миний залуу нас энэ бүтээлд үлджээ. Зураг авалтад тэнцээд киноныхоо тухай судлахад цаад санаа нь их сонин байсан. Энэ киноноос өмнө жолооч гэдэг хүн пөөнийсөн хар хүрэмтэй, хацар ам нь тос болсон техникийн боол мэтээр дүрслэгдэж байлаа. Тэгээд залуу жолооч хүн яагаад цэвэрхэн явж болохгүй гэж гэсэн санааг өгсөн юм. Тэр үед эрээн цамц, жинхэнэ биш ч гэсэн жинс гарч эхэлсэн байв. Тэгээд л тийм ганган дэгжин жолооч болсон доо. Кино гарсны дараа тухайн үеийн авто бааз бүгдээрээ хүлээж авсан. Өглөө бүр улс төрийн сонсгол хийдэг байлаа. Тэгээд намайг очихоор “Яаж гоё жолооч болов” гээд л асууж өгнө. Тэр үедээ л жолооч нарын дунд од нь явлаа” хэмээснээс үзвэл дэлгэцийн уран бүтээл гэдэг нийгмийн хөгжил, чиг хандлагад чамгүй нөлөөтэй гэж дүгнэж болохоор шүү.

ХҮНИЙ САЙХАН “ХАНЬ”
Энэ кино гарсны дараа “Манай бөхчүүдийг ингэж харуулах нь зөв үү”, “Би олон бөх танина. Тэд дунд ийм “өвчтэй” авгайтай хүн лав байхгүй. Эхнэрээрээ цолоо дуудуулдаг хүн байх ч гэж дээ”, “Хүүхэд гаргадаггүй эхнэрээсээ салаагүй Төмөр бол сайн залуу” гэх олон хүн байсан гэдэг. Гэхдээ энэ нь бөхөөр төлөөлүүлсэн л болохоос биш, орчин үеийн гэр бүлийн тухай бүтээл гэвэл онох юм шиг. Социализмын үед шинэ цагийн хандлага, хүн хүнээ хайрлах сэтгэл, амьдралын эгэл энгийн дүр зургийг хүүрнэдгээрээ Б.Сумхүү нэн шидээвэр.
Монгол оронд газар тариалан хөгжүүлэх үйлсийн эхлэл, түүний замд тохиолдсон саад бэрхшээл залуусын хүсэл тэмүүлэл, хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Одод орчих хязгаар”, эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмэгтэй нисгэгч Заяагийн эр зориг, авхаалж самбааг харуулах “Би нисэх дуртай”, Халхынголын дайн, түүний далайцыг дэлгэцнээбуулгасан“Дайсны цэргүүдээ сонсоцгоо” зэрэг бүтээлийг энд дэлгэрүүлэлгүй уншигч танд үлдээе. Түүний бүтээл бүрээс монгол хүний уужим сэтгэл, тэнүүн ухаан, эр зориг “ханхална”. Түүний үлдээсэн энэ л өв шинэ үеийн кино уран бүтээлчдэд урам зоригийн эх ундарга болсоор байх нь дамжиггүй.

Д.Сэлэнгэ