Олон улсын жүдо бөхийн холбоо 2025 оны шилдгүүдийг тодруулах албан ёсны санал хураалтаа эхлүүлсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх олны санал хураалтаар нэр дэвшигчдийг “Оны шилдэг өсөж буй од”, “Оны шилдэг эмэгтэй жүдоч”, “Оны шилдэг эрэгтэй жүдоч”, “Оны шилдэг цэвэр ялалт”, “Дасгалжуулагчийн шилдэг амжилт”, “Шилдэг агшин”, “Энхтайвны төлөөх шилдэг төсөл”, “Жүдо бөхийн хүүхдийн шилдэг төсөл” гэсэн найман төрөлд шалгаруулах юм. “Оны шилдэг цэвэр ялалт”-д 12 улсын 18 бөх нэр дэвшсэний дотор Монголоос ОУХМ О.Уранбаяр багтжээ.Түүний “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээний хагас шигшээд Японы тамирчин Юүдай Танакаг цэвэр ялсан ялалт нь нэр дэвшсэн аж. Шилдгүүдийн шагналыг Францын Парис хотод хоёрдугаар сарын 7-8-нд болох “Их дуулга”-ын үеэр гардуулах юм.