Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсны 34 жилийн ой өнөөдөр тохиож байна. Манай улсад хэрэгжүүлж буй бүх хуулийн суурь, чиглэл болдог зарчмыг Үндсэн хуульд тунхагласан юм. Улмаар парламентын засаглалтай, бүгд найрамдах улсыг бий болгосон. Зургаан бү лэг, 70 зүйлтэй уг баримт бичгийн ачаар бид өнөөдөр эрх чөлөөтэй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх орон зайтай, хувийн өмч тэй амьдарч буй билээ. Энэ бол манай улсад баталсан дөрөв дэх Үндсэн хууль байв. Гэхдээ хувь хүний эрх чөлөөг нарийвчлан тунхаглаж, баталгаажуулснаараа өмнөх хуулиудаасаа ялгаатай.
ХУУЛЬ БҮТСЭН ТҮҮХ
БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон 430 төлөөлөгч 76 хоногийн турш хуралдан, хэлэлцэж байж 34 жилийн тэртээх энэ өдөр шинэ, ардчилсан Үндсэн хуулийг баталжээ. Гэхдээ хууль боловсруулах үйл явц нь зөвхөн эдгээр хүнээр хязгаарлагдаагүй. Тэдний ард УБХ, түүний дэргэд салбар бүрийн төлөөлөл, эрдэмтэд, депутатуудаас бүрдсэн 10 ажлын хэсэг байсан юм. Мөн хуулийн зөвлөхүүд, би чээч нар өндөр ачаалалтай ажиллажээ.
1989 оноос эхэлсэн өөрчлөлтийн салхи Үндсэн хуулиа цаг үетэй нийцүүлэн өөрчлөх, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг баталгаажуулахыг шаардсан байдаг. Улмаар 1991 онд УБХ-ын дэргэд дээр дурдсан салбар бүрийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан байна. Үндсэн хуулиа боловсруулахын тулд Гадаад харилцааны яамтай хамтран дэлхийн 10 гаруй орны төлөөллөөс санал, туршлага судалжээ. Мөн гурван сарын турш ард иргэдээсээ санал авсан юм билээ. Уг хэлэлцүүлэгт 900 гаруй мянган хүн оролцож, 500-гаад мянган хүн үг хэлж, 5177 санал ирүүлсэн түүхтэй. Түүнчлэн 1991 оны дундуур НҮБын шинжээчдийн баг ирж, Үндсэн хуулийн төслийн бүлэг, заалт бүрээр холбогдох хүмүүстэй уулзаж, хэлэлцсэн аж. Тухайн үед АИХ, УБХ-ын төлөөлөгч, гишүүдийн олонх нь 30 орчим, 30 гаруйхан настай, эх орондоо шинэ үзэл баримтлал, тогтолцоо бий болгох чин хүсэлтэй залуус байсан. Ийм л залуусын хүсэл эрмэлзэл, олон улсын туршлага, бүх нийтийн саналд тулгуурлан боловсруулсан төслийг АИХ-аар хэлэлцэж, алдаа мадгийг шүүн тунгааж баталсан юм билээ.
ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛСАН НЬ
Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө гэсэн тусгай бүлэг бий. Хоёрдугаар бүлэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа иргэн бүрийнхээ нийт 18 эрхийг баталгаажуулсан юм. Хүн төрөхдөө л үндсэн эрхээ эдэлж эхэлдэг тухай НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд бичсэн байдаг. 1961 онд манай улс НҮБ-д элссэнээс эхлэн уг тунхаглалыг мөрдөх үүрэг хүлээсэн. Гэхдээ 1992 оны хуульдаа л суурь эрхүүдийг нарийвчлан баталгаажуулсан гэхэд болно.
Хүний эрх, эрх чөлөөний тухай уг бүлэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтаар эхэлдэг. Үүнийг санаандгүйгээр эхний хэсэгт бичээгүй нь мэдээж. Хуулийн өмнө тэгш эрхээ эдлэхээс л ялгаварлан гадуурхалтыг халах ажил эхэлнэ. 14.2 буюу удаах заалтад “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээжээ. Эл хоёр заалт бол хүний үндсэн эрх, эрх чөлөөний суурь зарчим юм.
Бид амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Мөн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх нь ч бидний эрх юм. Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Сурч боловсрох бол хүний үндсэн эрхүүдийн нэг. Мэдээж итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Сүүлийн 10 жилд иргэдийн жагсаал цуглаан хийх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдах оролдлогыг эрх баригчдын зүгээс цөөнгүй гаргасан. Бүр олон улсад энэ үзүүлэлтээрээ ухарсан нь ч бий. Гэвч хэн нэгэн улс төрч, бүлэглэлийн санаархал 100 хувь ажил хэрэг болох боломжгүй. Учир нь хууль, эрх зүйн суурь баримтад эдгээр эрхийг тунхагласан заалт хэвээр байгаа. Тэгэхээр Үндсэн хууль бол бидний гол хамгаалалт юм.
1990 оноос өмнө монголчууд хүссэн үедээ гадаадад зорчих боломжгүй байв. Харин шинэ Үндсэн хуулиар энэ эрхийг нээж өгсөн. Хуулийн 16.18-д “Иргэд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” хэмээн заасан. Эрх чөлөөний нөгөө талд үүрэг, хариуцлага гэж бас бий. Тиймээс Үндсэн хуульд иргэн бүрийн хүлээх үндсэн болон журамт тус бүр дөрвөн үүргийг тусгасан юм. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуулиар ногдуулсан албан татвар төлөх, эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй. Нийгмийн сүлжээ ид хөгжсөн энэ цаг үед иргэд бусдыг хүссэнээрээ доромжилж, үгээрээ “цаазалж” байна. Тэгвэл дураараа сэтгэгдэл бичиж, нийгмийн сүлжээнд бусдыг гутаагчид Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Мөн хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг гэжээ.
Хэдийгээр Үндсэн хуульдаа тунхагласан ч зарим талаар монгол хүний эрх зөрчигдсөөр, хэрэгжилт хангалтгүй байгаа нь нууц биш. УИХ-ын дарга Н.Учрал намрын чуулганыг хаахдаа “Уг чуулган хүний эрх, эрх чөлөөг хангах, хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас иргэнээ чөлөөлөх бодлого, шийдлийн шинэ гараа боллоо. Ирэх хаврын чуулганаар ард түмний 126 элч төлөөлөгч бид хүний эрх, хүүхдийн эрх, иргэний, улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө ухаан бодлого, мэдлэг чадвараа дайчлан, мэргэжлийн бодлогын мэтгэлцээн өрнүүлэх болно” хэмээжээ. Мөн хуулиас давсан дүрэм, журам бий болсон. Тиймээс УИХ-ын дарга үүнийг цэгцлах “Чөлөөлье” санаачилга гаргасан байна. Гээгдэх гээд буй эрх, мартагдаад байгаа үүрэг, хариуцлагыг парламент эн тэнцүүхэн сануулж, хуулиа хэрэгжүүлэхэд анхаарах нь бололтой.
Үндсэн хуульд парламент 1999, 2000, 2019, 2022, 2023 онд нийт таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахаас эхлээд суурь, өөрчилж болохгүй гол зарчмууд гэж бий. Үүнээс бусдыг нь цаг үетэй нийцүүлж, засаж сайжруулах нь зүйн хэрэг. Хамгийн сүүлд 2023 онд Үндсэн хуульд тогтолцооны шинжтэй томоохон өөрчлөлт оруулаад буй. Парламентад 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгодог болгосон. Ингэхдээ хүйсийн тэнцвэрийг хадгалах талаар цөөнгүй дэвшилт өөрчлөлт оруулж, нам, эвслүүд тойрогт нэр дэвшүүлэх бол 30-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг өрсөлдүүлэх, жагсаалтаар эрэмбэлэхдээ хүйсийн харьцааг 1:1-ээр сөөлжүүлэв. Үр дүнд нь УИХ-ын бүрэлдэхүүний 25 хувьд нь эмэгтэйчүүд сонгогджээ. Гэхдээ Засгийн газрын тогтвортой байдлыг хангах зорилгоор танхимаа бүрдүүлж, сайдаа томилж, чөлөөлөхөөс эхлээд багагүй эрх мэдэл Ерөнхий сайдад олгосон нь зарим талаар буруудсаныг Л.Оюун-Эрдэнийг огцруулах гэж улсаараа “зовсон”-оос харж болно. Мөн мэдсээр атал Үндсэн хуулийг илт зөрчин, төрийн эрхийг булаах оролдлогыг энэ парламентын нэр бүхий гишүүд гаргасан. Харамсалтай нь, тэдэнд хангалттай хариуцлага тооцсонгүй. Энэ мэт бурангуй явдлыг таслан зогсоож, суурь хуульдаа хүндэтгэлтэй ханддаг болгох талаар УИХ-ын дарга ажиллана гэж найдна.
Монгол Улсын 1992 оны анхны, ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, улмаар хэлэлцүүлж батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн хэлсэн нь бий. Тиймээс иргэн бүр Үндсэн хууль, бусад хуулиа дээдлэх үүргээ сахих учиртай. Нэгэнт тогтоогоод өгсөн үнэт зарчмуудыг хадгалж, сайжруулан хөгжүүлж, ягштал мөрдөх нь хууль тогтоогчдын үүрэг. Ялангуяа дураараа гишүүдэд энэ талаар хатуухан сануулга хэрэгтэй байна.