“Москва-1980” зуны олимпын наадмын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Ж.Даваажав агсны нэрэмжит Сонгомол, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д 25 байгууллагын 403 тамирчин өрсөлдөж байна. Сонгомол бөхийн олимпын зургаан жинд болсон тус тэмцээнд 87 бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн хөнгөн жин болох 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Даваабанди аваргын төлөө “Цаст тайга” клубийн М.Сумъяабазарыг ялж, улсын хошой аваргаар тодров. Тэгвэл 67 кг-д “Цаст хайрхан” клубийнхнээс Ц.Отгоннасан “Хантайшир” дэвжээний тамирчин Э.Ганбаатарыг илүүрхэж анх удаа түрүүлэв. 77 кг-ын жингийн барилдаан өрсөлдөөн ихтэй ширүүхэн болж, үзэгчдийн сонирхлыг их татсан юм. Эл жинд Б.Ууганбаяр (“Байдрагийн хүчтэн”) тэргүүлэн мөн улсын хошой алтан медалийн эзэн болсон. Тэргүүн байрын төлөө түүнтэй хүч сорьсон Ц.Сүхбат аман хүзүүджээ. 87 кг-д зодоглосон “Хилчин” спорт хорооныхноос Г.Төрболд, “Цаст тайга” клубийн Д.Лхагвасүрэнг буулган авч, хоёр дахь удаа тэргүүн байрт шалгарсан юм. Түүнчлэн 97 кг-д сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, Монгол Улсын харцага Г.Ганхуягтай алтан медалийн төлөө “Тэх мөнх” клубийн 17 настай Э.Саруул-Эрдэнэ ана мана барилдан олныг огшоож, суудлаас нь өндөлзүүлэв. Энэ удаа дэлхийн дэвжээнд зодоглодог хүчтэй өрсөлдөгчдөө ялагдсан тэрбээр үндэсний болон чөлөөт бөхөөр хи чээллэж, өнгөрсөн намар сумын цолтнуудын барилдаанд шөвгөрөн шуугиулсан билээ.
Хүнд жингийн 130 кг-д хүч үздэг бөхчүүдээс “Аваргууд” академийн тамирчин Б.Намбардагва сонгомол бөхийн УАШТ- д анх удаа оролцохдоо түрүү байрын төлөө “Хилчин” спорт хорооны Ч.Алтангэрэлийг илүүрхэж, улсын аваргаар анх удаа шалгарчээ. Япон Улсад сурдаг тэрбээр өмнө нь дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен” тэмцээнд үзүүрлэж байсан аж. УАШТ-ний багийн нийлбэр дүнгээр ОУХМ М.Мөнхсүх дасгалжуулагчтай “Цаст тайга” клубийнхэн 96 оноогоор тэргүүлж, Гавьяат тамирчин Г.Мандах-Наран дасгалжуулагчтай “Aлдар” спорт хорооныхон II, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн “Байдрагийн хүчтэн” дэвжээ III байр эзэллээ.