“Москва-1980” олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Ж.Даваажав агсны нэрэмжит сонгомол, чөлөөт бөхийн насанд хүрэгч дийн УАШТ-д 39 шүүгч ажиллаж, жин тус бүрд аваргуудыг тодруулсан билээ. Тус тэмцээний эргэн тойронд өрнөсөн сонирхолтой үйл явдлуудын нэг нь олон улсын шүүгч, Гавьяат дасгалжуулагч Ц.Сэрээтэр 57 кг-ын жингийн алтан медалийн төлөөх барилдааныг дэнсэлсний дараа шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүлэв. Тэрбээр сүүлийн удаа шүгэл үлээн, их спортын дэвжээндээ хүндэтгэл үзүүлж, олон улсын шүүгч Э.Бат насанд халаагаа өгсөн юм. Шүүгчээр 39 жил ажиллахдаа УАШТ-ийг нэг ч өнжилгүй дэнсэлсэн түүнд Монголын чөлөөт бөхийн холбоо, мэргэжил нэгт шүүгч, тамирчин, дасгалжуулагч, гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлснээс гадна шавь, найз нөхөд нь “Саруул хотхон”-д хоёр өрөө байр бэлэглэв. Ц.Сэрээтэр “Бээжин-2008” зуны олимпод чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар оролцож, 2011 онд олимпын зэрэглэлтэй шүүгч болсноор “Лондон-2012” олимпын наадамд шүүгчээр ажилласан юм. Түүний аав О.Цэрэндагва нь олон улсын шүүгчээр ажиллахдаа 1964, 1968, 1972, 1976 оны зуны олимпод дасгалжуулагч, шүүгчээр оролцсон түүхтэй.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд зодоглодог ДАШТ-ий хүрэл (2018), Ази тивийн хошой хүрэл, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт, улсын зургаан удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Түмэнбилэгийн Түвшинтулга мөн сүүлчийн удаа УАШТ-д хүч сорьж, чөлөөт бөхийн дэвжээнээ хүндэтгэл үзүүлэн зодог тайллаа. Тэрбээр өнгөрсөн жил дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээнд түрүүлж, тив, дэлхийн тэмцээнд улсаа төлөөлж оролцсон билээ.