Энэтхэгийг зорих замд таарсан ачтан
Туухайт спортын олон улс, тив, дэлхийн тэмцээний талбарт цахиур хагалж, Монголын багт амжилтын жим гаргасан тамирчин бол ОУХМ Э.Буджав. Улсдаа зохион байгуулсан олс таталт, пауэрлифтингийн тэмцээнд оролцож, хүчний спортод хөл тавьсан тэрбээр ОХУ-ын Кострома хотод цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид суралцах хугацаандаа ОХУ-д туухай өргөлтөөр тууштай хичээллэх болжээ. Үр дүнд нь Казахстаны Астана хотод 2021 онд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 68 кг-ын жинд оролцож, хошой мөнгө, олон улсын “Цагаан шөнө” тэмцээнд алтан медаль хүртэн тамирчин болох замналаа эхлүүлсэн түүхтэй. Тивийн тэмцээний дараа Энэтхэгийг 2022 онд зорьж, Шинэ Дели хотод зохион байгуулсан туухай өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс эх орондоо аваргын цом, хошой алтан медальтай ирж, спорт сонирхогчдыг огшоосон юм.Тэрбээр жиндээ 18 орны 240 гаруй тамирчинтай хүч сорин түлхэлттэй болон огцом өргөлтийн төрөлд түрүүлсэн нь олон орны үзэгчдийн анхаарлыг татах болсон билээ. Тэгвэл БНХАУ-ын Хайнинг хотод өнгөрсөн жил болсон туухай өргөлтийн ДАШТ өрсөлдөж, мөн хоёр төрөлд тэргүүн байрт шалгарсан. Ингэснээр өмнөх онуудын амжилтуудаа нэгтгэн, Дэлхийн аваргад дөрвөн удаа түрүүлж, нийт 10 алтан медаль хүртэн Монголын туухай өргөлтийн спортын түүхэнд өндөр амжилт үзүүлсэн тамирчнаар тодорсон юм. Тус тэмцээний үеэр олон улсын шүүгчийн сертификатаа гардан авч, энэ спортын дэлхийн 47 дахь, Монгол Улсын анхны олон улсын зэрэглэлтэй шүүгч болов. Өнгөрсөн жил Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин М.Отгонжаргалын олонд толилуулсан “Миний нөхөр цэрэг хүн” дууны клипэд тоглож, өөрийн нэрэмжит тэмцээнээ Улаанбаатарт зохион байгуулсан тэрбээр ДАШТ-д анх оролцсон тухайгаа өгүүлэхдээ нэгэн хүнийг онцолсон юм. Хүн ам ихтэй, халуун бүгчим цаг агаартай Шинэ Делиг зорихдоо БНСУ-ын нисэх онгоцны буудалд Л.Батсуурь хэмээх хүнтэй таарч, танилцсан нь олон амжилтын эзэн болох сайхан дурсамжийнх нь эхлэл байв. Тэдний зорих зүг нэг байсан нь тун сонирхолтой. Тэмцээн оролцохоор явах замд нь таарсан анд ах нь эрдэм шинжилгээний хуралд оролцохдоо түүнд байрлах буудал, хоол хүнс гээд олон зүйлээр тус хүргэсэн аж. Дэлхийн аваргад улс тус бүрээс жин болгонд 20 тамирчин хүч сорихоор дасгалжуулагчтайгаа ирсэн байхыг хараад төрийн далбаагаа бариад ганцаараа зогсох түүнд эхэндээ эвгүй санагдсан гэдэг. Эх орноо төлөөлж, тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөд түүнд замын найз нь түшиг тулгуур болж, тэмцээн өндөрлөтөл дасгалжуулагч, сэтгэл зүйчээр нь ажилласан байна.

Дэлхийн шилдгүүдийг илүүрхэж, түрүүлсэн баярт мөч
Нэг жинд өрсөлдсөн хойд хөршийн тамирчнаас 20 гаруй тоогоор илүү өргөж түрүүлэхдээ өөрийгөө дайчилж, хөдөлмөрлөснийхөө үр дүнг харуулав. Аваргыг ялж, аварга болох түүнд амар байгаагүй. Тэнд 68 кг-ын жинд өрсөлдсөн тив, дэлхийн шилдгүүдийг ялж, түрүүлсэн шинэ танил нь тэрбээр байв. Тэд түүнийг түрүүлнэ гэж төсөөлөөгүй аж. Энэтхэг, ОХУ-ын оролцогчтой аваргын төлөө өрсөлдөн хүч нь цуцаж, гийрээ алдаж унагахад нэг л хүн тэсвэр хатуужлыг харуулж үлдсэн нь Монголын тамирчин байлаа. Мөнгөн медаль хүртсэн тамирчинтай өмнө нь “Цагаан шөнө” олон улсын тэмцээнд аваргын төлөө өрсөлдөж ялжээ. Тэрбээр түүний жинд оролцсон тамирчдаас хамгийн хүчтэй нь. Хойд хөршийн аваргуудаас Иван Марковын тэмцээний бичлэгийг үзээд тэрбээр өөртөө зорилго тавьсан гэдэг. Түүний техник маш цэвэрхэн. Амжилт, ур чадвараас гадна бие бялдраа энэ спортоор өв тэгш хөгжүүлсэн хичээл зүтгэл нь бахархал төрүүлсэн байна. Тамирчин хүн амжилт гаргахад сахилга бат, тууштай хичээл зүтгэл, техникийн дагуу бэлтгэл зөв хийх нь чухал. Шагналын тавцанд Төрийн дууллаа эгшиглэхийг сонсож зогссон түүний нүдэнд дэлхийн талыг мориор туулж, эзэлсэн өвөг дээдсийнхээ халуун амиар хамгаалж, хойч үедээ үлдээсэн эх орон, тусгаар тогтнол, газар нутаг харагдах шиг болжээ. Тухайн үед Монголын цэрэг эх орныхоо нэрийг дэлхийд гаргахгүй юм бол хэн гаргах юм гэх бодол төрсөн аж.
Аавын хөвгүүд армид алба хаадаг ч спортын талбарт үлдэж, тамирчин болох нь цөөн. Тэрбээр аав, ээжийнхээ автомашиныг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж, хилийн дээс алхсан нь дэлхийд өөрийн амжилтаа тунхаглан зарлах эхлэл байв. Амжилт гаргахад түүнийг зориг, бас зорилго ч хөтөлсөн гэж боддог. Монгол Улс ямар тамирчидтайг үзэгчид түүгээр төлөөлж харах тул ялагдах эрх байгаагүй. Тэнд Буджавын бус Монголын нэр гарах болохоор өөрт байгаа бүх хүчээ дайчилсан юм. Дэлхийн аварга болоход гадаадын үзэгчид “Чингисийн хүү” гэж баяр хүргэхэд өвөг дээдсээрээ бахархаж зогсжээ. Тамирчид хилийн дээс алхаад л улсынхаа нэрийг өндөрт өргөх үүрэг, хариуцлага нуруундаа үүрдгийг тэр үед л их мэдэрсэн гэдэг. Эх орон, эцгийнхээ нэрийг дуудуулж аваргын алтан цом гардах мөч амьдралд нь тохиосон хамгийн сайхан баярт агшин байсныг өгүүлэхдээ “Дэлхийн шилдгүүдийг ялсны дараа би зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүлж, Монголынхоо тамирчдад амжилтын жим түрүүлж гаргалаа” гэж өөртөө хэлж билээ” гэсэн юм.
Дэлхийн аваргын хоёр төрөлд түрүүлэх боломж тэр бүр тохиодоггүй. Анх удаа Энэтхэг улстай анх удаа танилцсан түүнд Шинэ Дели хотын дэвжээ ивээлээ харамгүй хайрлажээ. Тус хотод олон жилийн өмнө болсон чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын тамирчдаас З.Ойдов гуай түрүүлсэн юм билээ. Э.Буджав туухай өргөлтийн ДАШТ-ий нэг төрөлд оролцох мандаттай явсан ч хоёр дахь төрөлд нь ч амжилттай оролцсон юм. Түүнийг түлхэлттэй өргөлтөд алтан медаль хүртсэний дараа анд найз нь болсон Л.Батсуурь “Чи огцом өргөлтийн төрөлд оролцооч” гэхэд зардал, мөнгөнөөс шалтгаалж нэг л төрөлд өрсөлдөхөөр ирснээ хэлэхэд “Ах нь мандатны мөнгийг нь төлье. Чи оролц” гэснээр 10 минутад 119 удаа өргөж түрүүлжээ. Тэрбээр “Би дэлхийн аварга цолыг ганцаараа хөдөлмөрлөж хүртээгүй юм. Надад тусалсан олон хүн бий.Тэдний итгэл найдвар, сайхан сэтгэлийн хүчинд амжилт гаргасан даа” хэмээн даруухнаар өгүүлсэн.

Өмнөхөөсөө илүү хичээх ёстойг тивийн тэмцээн түүнд ойлгуулав
Спортын гараагаа хүчний спортоос пауэрлифтингээр анх эхлүүлсэн ч нуруундаа гэмтэл авч, түр завсарласан. БХИС-д 2017 онд элсэхдээ гийр, олс таталтаар хичээллэж, спортын дэд мастер цолны болзол хангасан юм. Оросын I Петр хаан XVII зууны үед нүүдэлчдийн дайралтаас улсаа хамгаалахын тулд тариачдаа гийртэй нөхөрлүүлсэн нь хожим үндэснийх нь спортын нэг төрөл болж хөгжжээ. Гийр спортын төрлүүдийн үндсэн суурь болдог тул Европын орнуудад өндөр хөгжсөн, тэр хэрээр өрсөлдөгч олонтой. Оросын тамирчдын амжилт гаргадаг нууц нь туухай. Тэд хичээллэдэг спортынхоо үндсэн дасгалуудыг гийртэй хослуулж, тэсвэр, хурд, хүчээ ахиулдаг. Европчуудын урт насалдаг нь үүнтэй холбоотой. Тэрбээр уншигчдад “Хүмүүсийн эмийн санд дугаарлаж зогсохын гол шалтгаан нь стресс бухимдал, зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал юм. Өөртөө санаа тавиад спортоор хичээллэвэл эрүүл амьдарна. Туухайт спорт өртөг багатай. Хаана ч хичээллэх боломжтой. 16 кг-ын туухай авчраад байгууллагынхаа өрөөнд хамт олноороо хичээллэж болно. Мэргэжлийн тамирчин болдоггүй юм гэхэд бие бялдраа хөгжүүлж, зөв хүн болж төлөвших нь чухал” гэж зөвлөв.
Казахстаны Астанад 2022 оны хавар болсон Азийн АШТ-ээс хошой мөнгөн медальтай ОХУ-ыг зорив. Түүнд тивийн аваргад болоход нэг л алхам дутсан. Хошой мөнгөн медаль алдаагаа засаж, өмнөхөөсөө илүү хичээх ёстойг ойлгуулсан нь тэр. Тиймээс амжилт гаргахын тулд системтэй бэлтгэл хийх чухал болохыг мэджээ. Тэндээс ирснийхээ маргааш дасгалжуулагч, Гавьяат тамирчин Г.Үүрцолмон, мөн Азийн аварга Н.Мадигайым, Г.Цолмонхүү нартай холбогдож, зөвлөснийх нь дагуу бэлтгэлээ үргэлжлүүлэв. Түүний сургуульд туухай өргөлтийн АШТ болоход хүрэл медаль хүртэхэд үзэгчид “Чи Казахстан, Киргиз, Тажикистаны тамирчин уу” гэж асуухад “Би Монголын иргэн. Энэ спортоор өмнө нь хичээллэдэг байсан юм” гэхэд ихэд гайхжээ. Тэмцээн үзэж суусан Машенько Александр багш нь “Чамд хурд, хүч, тэсвэр байна. Одоо техниктээ анхаарал хандуулж, сайжруул” гэж зөвлөсөн аж. Түүнээс хойш Оросын тамирчидтай бэлтгэлээ техникийн дагуу системтэй хийснээр хойд бүсийн АШТ-д хүрэл медаль гардахдаа Дэлхийн туухайт спортын нарийн бичгийн дарга Валентин Егоровтой танилцсан нь амжилт гаргахад алхам ойртуулав. Тус тэмцээний дараа Астанад болсон Азийн АШТ-д өрсөлдөхдөө түүнтэй дахин тааралдан сургуулиасаа чөлөө авч, тэмцээнд оролцсон тухай өгүүлэхэд тэрбээр ”Санкт-Петербург хотод “Цагаан шөнө” олон улсын тэмцээн болно. Чи оролцооч. Чамайг дэмжиж, зардлыг чинь даая” гэж санал тавьснаар анх удаа аварга болж, урам авчээ.

Аваргыг ялж аварга болоход хамгийн их зоригжуулдаг хүмүүс бол аав, ээж нь
Таныг дэлхийн аварга болтол хурцалж, урагшлуулсан хүн хэн бэ гэж асуухад аав, ээж минь гэж эргэлзэхгүйгээр хариулав. Түүний ээжийг З.Чанцал, аавыг нь С.Энхбаатар гэдэг. Гурван хүүтэй. Тэднийгээ зөв хүмүүжиж, амжилт гаргахад нөлөөлсөн хүн бол ээж нь. Багаас нь бие даалгаж, хар бор ажил хийлгэн, амьдралын ухаанд сургасан ч хэрэг болжээ. Тэрбээр хүүхэд байхдаа зуны амралтаар Говь-Алтай аймаг дахь өвөөгийндөө амран хонь хариулж, адуу манахаас өгсүүлээд монгол ахуйтай ойр өссөн байна. “Алтайн говь” нэртэй мах, сүү, цагаан идээ худалддаг хүнсний дэлгүүрээс нь нийслэлийн дүүрэг бүрээс сүү, тараг, ааруул авахаар тэднийхийг зорьж ирэх хүн олон. Хөвгүүд нь ээжийнхээ цагаан идээ боловсруулах ажилд тусалж ирсэн болохоор үндэснийхээ ахуйн соёл, ёс заншлаас чамгүй суралцжээ. Гадаадын орнууд манайхаас хөгжил, хоол хүнс, ахуй соёлоороо өөр. Тиймээс тэмцээнд оролцох бүрдээ ээжийнхээ зэхсэн борц, ааруулыг авч явдаг. Ээжийнх нь хийсэн ааруулыг орос найзууд нь сонирхож идсээр байгаад сүүлдээ захилдаг болжээ. Түүнийг хурцалж, ДАШТ-д оролцох урам зориг өгдөг ээж нь дайчин зантай ч магтаалын үгэнд харам. Тиймдээ ч хөвгүүдээ эрхлүүлж өсгөөгүй гэдэг. Ямар ч тэмцээнд түрүүлэхэд нь магтаж, хөөргөдөггүй. Гэртээ медальтай ирэхэд бэлгэшээн сүүгээр мялаадаг ээжийнх нь тэр хүндлэл хүүд нь том шагнал болдог аж. Түүний ахыг Э.Дашбат гэдэг, ХААИС-ийг улаан дипломтой төгссөн бол дүү Э.Сумъяабазар нь тамирчин. Үндэсний бөх, жүдо, самбогоор хичээллэдэг. Жүдогийн өсвөр үеийнхний УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Хүүхдүүд нь аав, ээжийнхээ сургаснаар даруу занг эрхэмлэж өссөн байна.Хэдийгээр өрсөлдөгч гэлээ ч тамирчид нэгийнхээ давуу талаар бахархаж, нөхөрлөлийн хүрээгээ тэлдэг. Тэрбээр ДАШТ-д оролцдог болсноор олон найзтай болов. Түүнийг түрүүлэхэд Энэтхэгийн тамирчин хамгийн түрүүнд баяр хүргэж, урам хайрлажээ. Тэд тэр үеэс байнга холбогдож, бэлтгэл сургуулилалтынхаа талаар зөвлөлдөн ярилцаж, санал бодлоо хуваалцдаг болсон аж. Тэрбээр сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ Монголдоо ажиллахыг хүсдэг. Шавийн хувьд Н.Чинзориг, А.Амарсүрэн багш нараасаа тамирчин хүн ямар байх ёстой, спортын гарааг хэрхэн эхлүүлж, тэсвэр хатуужлаас суралцан, амжилт гаргаж болдгийг сурчээ. Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд “Намайг дэмжиж, сайхан сэтгэлээр тус болсон хүмүүсийн ач тусыг амжилтаар хариулж, бэлэг барьсандаа талархдаг. Эх орондоо ирээд нэг зүйлийг маш сайн ойлгосон нь түүх, өв соёл, эх хэлээ иргэн бүр хайрлан, хамгаалж, Монгол хүний хүч, хурд, эр зориг, хатуужил тэсвэр, сэтгэлийн тэнхээг дэлхийд таниулах үүрэгтэйг ухаарсан” хэмээсэн юм.