“Монголын үнэн” сонины нэрэмжит “Д.Сүхбаатарын мэргэн бууч” буудлага спортын тэмцээн энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. 59 дэх удаагийн тэмцээнд Булган, Сэлэнгэ, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын 200 гаруй тамирчин 12 дасгалд цэц сорьж буй. Үндэсний шигшээ багийнхнаас 50 метрийн хэвтээгээс буудах дасгалд эмэгтэйчүүдээс О.Есүгэн (625.9 оноо) алт, Г.Нандинзаяа мөнгө, эрэгтэйчүүдээс Н.Баяраа хүрэл медаль хүртлээ. Гар бууны 25 метрийн дасгалд Э.Даваахүү (575 оноо) тэргүүлж, Э.Бадамгарав удаалан, О.Төгөлдөр III байр эзлэв. Сонирхуулахад, 1921 онд Ардын хувьсгалыг удирдсан Д.Сүхбаатар жанжин журамт цэргүүдийнхээ дунд буудлага, морьтой спорт буудлагын тэмцээнийг Хужирбуланд зохион байгуулдаг байжээ. Тэрбээр 1920 онд “Монголын үнэн” сониныг санаачлан хэвлүүснээс хойш 106 дахь жилтэйгээ золгож байна. Тус сонины хамт олон Монголын буудлага спортын холбоотой хамтран 1967 оноос эхлэн эл тэмцээнийг зохион байгуулж ирсэн уламжлалтай.