Италийн хойд хэсгийн дөрвөн том бүс нутаг болох Милан, Кортина д’Ампеццо, Вальтеллина, Валь ди Фьемме хотод өвлийн олимпын тэмцээн, уралдаанууд үргэлжилсээр. Тамирчдын ялалт, ялагдал, баяр, гуниг, амжилт гаргах давтагдашгүй мөч, медаль хүртэх торгон агшин, дуулиан шуугиан дэлхийн үзэгчдийн анхаарлыг татаж байна. Олимп бүр дурсах зүйлтэй, өвөрмөц онцлогтой болдог. “Милан-Кортина 2026” хамгийн бага зардал гаргасан, олимпын түүхэн дэх хүйсийн тэнцвэрийг хангасан наадам болж байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Олон цагийн зөрүүтэй ч спорт сонирхогчдыг цэнхэр дэлгэцийн өмнө тэвчээртэйгээр уяж, огшоон догдлуулж буй тус наадмын үеэр сонирхолтой үйл явдлууд ч бас өрнөж байна. Тухайлбал, тамирчдын байрласан тосгонд интернетийн хурд удаан байгаа тул гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдох, цахим үйлчилгээ авахад хүндрэл үүсэж буй талаар тамирчид байр сууриа илэрхийлжээ. Африкийн холбооны хэвлэлийн албанаас мэдээлснээр өмнөх олимптой харьцуулахад энэ удаа Африк тивийг төлөөлөн оролцож буй тамирчид цөөнгүй. Тэд уулын болон гүйлтийн цана, могул фристайл, скелетон төрөлд өрсөлдөж байгаа аж. Цанын богино зайн төрлийн тэмцээнүүд ихээхэн дуулиантай өрнөсөн. БНСУын цаначин Хан Дасом, Е Жин нарын цанын улнаас хориглосон (фторжуулсан) вакс илэрсэн тул олимпод оролцуулалгүй шууд хассаныг Олон улсын цана, снөүбоардын холбооноос албан ёсоор мэдэгдлээ. Фторжуулсан ваксыг хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх шалтгаанаар 2023 оноос цанын тэмцээнд ашиглахыг хоригложээ. Тэгвэл уран гулгалтын багийн төрлийн шагнал гардуулах ёслолын дараа Японы шигшээ баг медалийн тавцангийн бүрээс материалын чанар хангахгүй байгаад гомдол гаргав. Тэдний хувьд тэшүүрийн ир нь хамгийн чухал зэвсэг тул нэлээд бухимдсан байна. Гулгагчдын баярт мөч удалгүй “засварын ажил” болон хувирчээ. Учир нь шагналын тавцанд уран гулгагчдын тэшүүрийн ирийг хамгаалах зөөлөвч бүрээс байгаагүйгээс болж ир нь зурагдаж, гэмтсэн аж. Алтан медаль хүртсэн АНУ-ын тамирчид уг ёслолын дараа тэшүүрээ дахин ирлүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Түүнчлэн спортын төрөл бүрээс шагнал гардсан тамирчдын зүүсэн медаль оосроосоо мултарч унах, эвдэрсэн тохиолдол гарсан тул шалтгааныг нь шалгаж байгаа аж. Олимпын тэмцээн гэгээн хайрын Валентины өдөр ч болсон тул хосууд болзож, баглаа цэцэг нэгэндээ өгч, бэлэг солилцон, баярыг романтик уур амьсгалтай өнгөрүүлжээ. Нэгэн жишээ дурдахад, уулын цанын даунхилл (Downhill) төрөлд түрүүлсэн АНУ-ын тамирчин Бризи Жонсонд найз залуу нь барианы шугам дээр гэрлэх санал тавьсан байна. Өвлийн олимпын наадмын шагналын салхийг хагалж, Швейцарын уулын цанын тамирчин, 24 настай Франьо фон Алльмен хурдан уруудалтын эрэгтэйчүүдийн төрөлд, эмэгтэйчүүдээс скиатлон төрөлд Шведийн багаас Фрида Карлссон алтан медаль хүртсэн. Цахим ертөнц өндөр хөгжсөн өнөө үед олон улс тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтад анхаарал хандуулж, өвлийн олимпод багийн томоохон бүрэлдэхүүнтэй, тактик, техник, статистикийн нарийн судалгаатай оролцуулсан нь тэмцээн, уралдааны өрсөлдөөн харууллаа.
Дээрх хотуудад зохион байгуулж буй уг наадмын тэмцээнийг халуун цэгээс нь Монголын үзэгчдэд хүргэж буй хэвлэл мэдээллийн сурвалжлах багийг АПУ, “Эрдэнэс Таван толгой”, “Макс” групп, “Гор Газ” ХХК ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна. Тэднээс “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцагын дуран авайд тамирчдын ховор агшин хэрхэн буусныг сонирхуулъя.
ХОККЕЙ
Өвлийн олимп шайбтай хоккейн тэмцээн эмэгтэйчүүдийн багийн тоглолтоор эхэлж, 2014 оноос хойш олимпод оролцоогүй шилдэг хоккейчид хурд хүч, тэсрэлттэй тоглолтоор үзэгч дийг алмайрууллаа. Энэ удаа 10 багаас хамгийн их оноо цуглуулсан найм нь дараагийн хэсгийн тоглолтод өрсөлдөнө. ОХУ, Беларусын баг ирээгүй учраас АНУ, Канадын багийг өмнөх шигээ алтан медалийн төлөө тоглох болов уу хэмээн хоккейн мэргэжилтнүүд таамаглаж буй. Шведийн шигшээ Италийн багийг 6:1, ХБНГУынх Японы тоглогчдыг 5:2, АНУ-ынх Финландын тамирчдыг 5:0, Чехийн тоглогчид ДАШТ-ий хүрэл медальт Финландын багийг 2:0-ээр хожиж, анхны ялалтаа авсан. Аваргын төлөөх тоглолт Милан, Кортина хотод энэ сарын 19-нд болно. Өмнөх “Бээжин-2022”-д алтан медалийн төлөөх тоглолтод Канадын баг АНУ-ын шигшээг 3:2-оор хожиж, олимпын аварга цолыг тав дахь удаагаа (2002, 2006, 2010, 2014 онд) хүртэж байв.
Тэгвэл эрэгтэйчүүдийн багийн тоглолт дуулиан шуугиантай үргэлжилж байна. 12 улсын шигшээ өрсөлдөж буйгаас аварга баг олимпын хаалтын өдөр буюу энэ сарын 22-нд тодрох нь. Тоглолтын нээлтийг “Бээжин-2022” олимпын алтан медальт Финланд, хүрэл медальт Словак улсын баг хийв. Аваргууд эхний тоглолтод бүдэрч, Словакийн шигшээд 4:1-ээр хожигдон багагүй сандарсан. Словакчууд энэ удаа даагаа нэхэж, өнгөтэй байгаагаа харуулав. Тэд Финландын багийг 2004 оноос хойш анх удаа хожиж буй нь энэ. Ийм ялалт байгуулсныг дуулиан гэхгүй бол юу гэх билээ. Дөрвөн жилийн өмнө аваргуудад тус багийнхны 6:2-оор хожигдсон гашуун түүх Италид дахиж ялагдахгүйг сануулсан биз ээ. Харин Шведийн баг Италийн шигшээг 5:2, АНУ Латвийг 5:1, Герман Данийг 3:1-ээр илүүрхсэн. Канадын шигшээ Чехийг 5:0, Швейцар Францыг 4:0-ээр буулгаж авав. Тоглолтын эцэс хүртэл энэ эрчээрээ урагшилбал Словакийн шигшээ “акул”уудын дунд амжилтын “бөмбөг” тэсэлж мэдэхээр байна.
УРАН ГУЛГАЛТ
Уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаар чилсан богино үзүүлбэрт өрсөлдөөн ширүүхэн өрнөж, Илья Малинин гол өрсөлдөгчдөө ялж, жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. Өвлийн олимпын мөсөн талбайд анх гулгасан орос хүүг АНУ-ын багт алтан медаль авчирна гэж үзэгчид тэр үед төсөөлөөгүй байх. Хойд хөршийн мөнхийн өрсөлдөгч уран гулгагчид оролцоогүй тул тэдэнтэй Азиас Японы баг хүчтэй өрсөлдөх нь тодорхой болов. Багийн төрөлд бүжгийн болон спорт хос, эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан дөрвөн төрлийн үзүүлбэрийн нэгдсэн оноогоор медалийн эзэд тодордог.
Бүжгийн болон спортын хосын дараа Америкийн баг оноогоор илүү явсан ч эмэгтэй чүүдийн ганцаарчилсан төрөлд Японы гулгагч, дэлхийн гурван удаагийн аварга Каори Сакамото алдаагүй, төгс гүйцэтгэж, оноог 49 болгож тэнцүүлсэн.
Шийдвэрлэх гулгалтыг эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл шийднэ. Америкийн багийг дэлхийн хошой аварга, дөрвөн эргэлтийн хаан Илья Малинин төлөөлөв. Орос аав, ээжтэй (хоёул уран гулгагч) 21 настай Илья Малинин хөтөлбөртөө дөрвөн эргэлттэй флип, гурван эргэлттэй аксель, мөн дөрвөн эргэлттэй лутц гурван эргэлттэй тулупыг багтааж, алдаагүй гүйцэтгэхэд шүүгчид 108.16 оноо өгчээ.
Японы уран гулгагч Кагияма Юма 103.07 оноогоор II байрт, Францын уран гулгагч Адам Шяо Хим Фа 102.55 оноогоор III байрт шалгарсан юм. Уран гулгалтын багийн төрөлд Япон улс ганцхан оноогоор хожигдож, мөнгөн медаль хүртлээ. Тэднээс Шюн Сато гурван квад үсрэлт хийж, үзүүлбэрээ чамбай, цэвэр гүйцэтгэсэн. Түүнд нэгл квад үсрэлт илүү байсан бол аваргын алтан медаль тэднийх болж болох байлаа. Тэрбээр үүндээ ч нэлээд харамсан, уйлж харагдсан. Илья Малинин АНУ-ын уран гулгагч, техникийн хүнд элементүүдийг гүйцэтгэх чадвараараа дэлхийд алдаршсан тамирчин. Түүнийг “Quad God” (дөрвөлсөн үсрэлтийн хаан) гэж хочилдог юм. 50 жилийн турш хориглосон үсрэлт түүний олимпын мөрөөдлийг бараг сүйрүүлэх шахжээ. Олон жилийн турш хориглосон арагш эргэх сальто, тэмцээнд оролцоход хэтэрхий аюултайд тооцогдож ирсэн хөдөлгөөн аж. Үзэгчид хоромхон зуур амьсгаагаа түгжиж, түүний тэшүүрийн ир мөсөн дээр буух агшинд нижигнэтэл алга ташсан. Гэвч удалгүй тайзны ард мэргэжилтнүүд болон албаны хүмүүс хоёр хуваагджээ. Ийм өндөр эрсдэл нь ямар ч медалиар шагнагдах ёсгүй хязгаарыг давсан гэж зарим нь үзсэн юм. Гэхдээ л тэр онцгой, содон, дахин давтагдашгүй, өвөрмөц, бас шилдэг нь байж чадав.
Ийнхүү Илья Малинин хэмээх орос хүүгийн авсан чухал оноогоор АНУ-ын гулгагчид түрүүлж, Японых мөнгө, Италийн баг хүрэл медаль хүртсэн юм. Сонирхуулахад, франц шүүгчийн оноо уран гулгалтын дуулианыг дэгдээв. Түүний үнэлгээ бусад шүүгчийнхээс ихээхэн зөрүүтэй байлаа. АНУ-ын хос Чок, Бейтс нарт 129.74 оноо өгсөн юм. Тэрбээр тэдэнд 130-аас дээш оноо өгөөгүй цорын ганц шүүгч болсон.
Тэгвэл эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Казахстаны уран гулгагч, 21 настай Михаил Шайдоров чөлөөт үзүүлбэртээ таван удаа дөрвөлсөн үсрэлт хийн, 291.58 оноо авч олимпын аваргаар анх удаа тодров. Дэлхийн аваргын мөнгөн медальт, 2025 оны дөрвөн тивийн аварга түүнийг түрүүлнэ гэж таамаглаагүй ч олимпоос медаль авахад гайхах зүйлгүй гэдгээ харууллаа. 2023 оноос хойш олон улсын тэмцээнд 12 дараалан түрүүлж, дэлхийн хошой аварга болсон Орос гаралтай АНУ-ын тамирчин Илья Малинин хөтөлбөрийнхөө эхнээс л бүдэрч, хоёр удаа унаснаар 15-д жагссан ч нийлбэр дүнгээр VIII байрт шалгарсан.
Японы гулгагчдаас Кагияма Юма 280.06 оноогоор мөнгө, Сато Шун 274.90 оноогоор хүрэл медаль гардсан юм. Кагияма Юма өвлийн олимпоос дөрөв дэх медалиа зүүж, олимпын түүхэн дэх хамгийн олон медаль хүртсэн уран гулгагч боллоо. Эмэгтэйчүүдээс өвлийн олимпын алтан медалийн эзэн болох хамгийн найдвартай тамирч наар Японы уран гулгагч Каори Сакамотог мэргэжилтнүүд онцолсон. Тэд түүнийг 2.2 коэффициентоор үнэлж байгаа аж. Түүний ард АНУ-ын тамирчин болох Алиса Лью 3, Эмбер Гленн 3.3, Аделья Петросян 3.8 коэффициентоор жагсаж байна. Өвлийн олимпын эмэгтэйчүүдийн ганцаар чилсан уран гулгалт энэ сарын 17-нд эхэлнэ.
ГҮЙЛТИЙН ЦАНА
Тесеро хот дахь цанын баазад энэ сарын 13-нд болсон гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 кмийн цуваа гараатай (чөлөөт тэшилт) уралдаанд 113 тамирчин хурд сорьсноос 111 нь барианд оров. Уралдааны үеэр замд техникийн алдаа гарч, Б.Ачбадрах унахад цанынх нь нэг таяг хугарчээ. Гэсэн ч тэрбээр бууж өгөлгүй уралдсаар ардаа 28 тамирчныг орхиж, замаа амжилттай дуусган (25 минут 32 секунд 8 доль) 85 дугаар байр эзлэв. Түүний хувьд өвлийн олимпод гурав дахь удаагаа эрх авч оролцохдоо гурван зайд уралдан тэмцээнээ өндөрлүүлж байна. Тус зайд өрсөлдсөн цаначдаас Норвегийн алдарт тамирчин Йоханнес Клэбо (20.36.2) гурав дахь удаагаа аваргаар шалгарч, Францын Матис Дэсложес мөнгө, Норвегийн Эйнар Хедегарт хүрэл медаль хүртлээ. Б.Ачбадрах өмнө нь скиатлон (10 км сонгодог+10 км чөлөөт тэшилт) төрөлд анх удаа оролцож 55, 1.5 км-ийн спринт зайн уралдаанд 81 дүгээр байрт бичигдэв.
Б.Ачбадрахын уралдахыг эхнэр нь дэмжин үзэхээр очиж, нөхрийнхөө тэсвэр хатуужлаар бахархан үзэгчдийн дунд нулимс дуслуулж зогссон нь дурайн авайд буужээ.
Эмэгтэйчүүдийн 10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөлд 111 тамирчин өрсөлдсөнөөс Э.Ариунтунгалаг 83 дугаар байр эзэллээ. Уг төрөл нь завсарлагатай гарааны (interval start) системээр явагддаг. Барианд хамгийн түрүүнд орсон тамирчин бус, хамгийн богино хугацаанд зайгаа туулсан нь ялагчаар тодордог. Түүний уралдааныг ээж, охин нь дэмжин үзэж, тэмцээний үед түшиг тулгуур болон эрч хүч, урам зориг өгчээ. Тэрбээр өмнө нь 1.5 км-ийн спринт төрөлд 35 орны 89 тамирчнаас 68 дугаар байрт орсон юм. Уралдааны дараа тус төрөлд медаль хүртсэн тамирчдад ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг шагнал гардуулав.
Италид тив, дэлхийн шилдгүүдтэй ур чадвараа сорьсон шигшээ багийн хоёр тамирчныг дасгалжуулагч Д.Баттулга бэлтгэл хийлгэж, олимпод сойсон бол цанын тослогчоор нь Швейцарын мэргэжилтэн ажиллажээ. Цанын тосолгоо нь тамирчдыг амжилт гаргахад нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг. Хиймэл цас байгалийнхаас өөр тул тослогч мэргэжилтнүүд тэмцээн болох баазын цасны онцлог байдалд тохируулан цаныг нь тосолж, тамирчдад уралдах боломж, нөхцөлийг бүрэлдүүлдэг юм.