Баянгол дүүргийн XX хороо, ДЦС-4-ийн урдах хоёр далангийн дунд химийн бодис булж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 22-нд иргэдээс иржээ. Үүний дагуу нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын болон Цагдаагийн II хэлтэс, нийслэлийн Онцгой байдлын, Мэргэжлийн хяналтын газрынхныг очиход барилга угсралтын “Юнтай шань” компани 60 литрийн багтаамжтай хуванцар 13 савтай, 20 литрийн гурван савтай, нийт 0.8 тонн бодис булсан байжээ.
Бодисыг гаргаж, чингэлэгт хийн битүүмжилж, газрыг нь аврах, гал унтраах XVIII ангийн алба хаагчид ариутган, халдваргүйжүүлсэн байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тухайн бодисоос дээж авч, Гаалийн төв лабораторид шинжлүүлээд “Формалдигед” гэх ариутгалын бодис гэж тогтоожээ. Энэ нь хүний дотоод эрхтэнд муугаар нөлөөлж, хорт хавдар үүсгэдэг аж. “Юнтай шань” компанийг шалгаж буй гэнэ.
Ч.ЗУЛ