“Өнөөдөр” сонин цахим хуудсаа шинэчилж, өдөр тутмын мэдээ мэдээллийг уншигчдад хүргэхээс гадна мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, нийтлэлийг тусгай булангаар дамжуулан уншигчдадаа хүргэдэг болсон билээ. “Эко Бьюти” салоны захирал, мастер үсчин Т.Оюунжаргал манай цахим хуудсаар дамжуулан үс арчилгааны тухай зөвлөгөө хүргэхээр болсон юм. Үс уналтыг халгайгаар эмчилж, энэ чиглэлээр оюуны өмчийн гэрчилгээ авч, мэргэшин ажиллаж байгаагаар нь түүнийг онцолж болно.
-Танай салоны халгайн эмчилгээний талаар хүмүүс багагүй мэдээлэлтэй болжээ. Түүнээс гадна танайх эхлээд гараар шавшлага хийдэг байсан бол одоо тусгай аппараттай болж, үйлчилгээгээ илүү боловсронгуй болгосон байна. Технологийн дэвшил нь илүү үр дүн харуулдаг уу?
-Жил ирэх тусам маш сайхан үр дүн олж харж байна. Бид эхлээд гараар шавшдаг байсан бол одоо 16 гуурстай SPA аппаратаар халгайгаа хуйханд бүрэн тархтал нь урсган шавшиж байна. Эмчилгээний үр дүн илүү сайжирсан. Хурдацтай нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж яваа монголчууд маань аливаа зүйлийн үр дүнг хурдан харах хүсэлтэй болжээ. Ид шидийн мэт байдлаар л үс нь унахаа больж, бүрэн эмчлэгдэнэ гэж эндүүрдэг. Арван жил унасан үсийг нэг курс эмчилгээгээр эрүүл болгох боломжгүй. Ядаж зургаан сар хамтдаа ажиллах хэрэгтэй. Түүнтэй харицуулахад хүүхэд төрүүлсний дараах үс уналт хурдан зогсдог.
Саяхан би 12 жил халзан байсан хүний хуйхыг эрүүлжүүлсэн. Олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж итгэл алдарсан хүнд эерэг үр дүн харуулсандаа баяртай байгаа. Аливаа эмчилгээнээс эерэг үр дүн гарахад тухайн хүний итгэл ч бас чухал нөлөөтэй. Өмнө нь халгайн эмчилгээг суугаагаараа хийлгэдэг байсан бол одоо тусгай амрах өрөөнд, орон дээр хэвтэж, бараг хоёр цагийн турш алжаал ядаргаагаа тайлж, үсээ эрүүлжүүлдэг болсон.
Үс уналт мөнхийн сэдэв болон хувирах бололтой. 2020 он гэхэд дэлхийн хүмүүсийн ихэнхийнх нь үсний өнгө цайрна гэсэн аймшигтай мэдээлэл байна. Энэ нь бидний хүрээлэн байгаа орчин, хоол тэжээлийн солилцоотой холбоотой.
-Халгайн эмчилгээний үр дүнд цагаан үсний өнгө өөрчлөгдөх үү?
-Олдмол үсэнд нөлөөлж болох ч нэгэнт бий болсон цагаан үсийг хар болгох боломжгүй. Сүүлийн үед бүсгүйчүүдэд төмөр дутагдсанаас үс цайрч, өвчлөх байдал нэмэгдсэн.
Эрчүүд цагаан үс үзэхээрээ л бухимдаж, сэтгэл нь хямардаг. Тэд энэ тухайгаа тэр бүр нээлттэй ярихгүй ч маш их хямардаг. Тиймээс цагаан үсийг нэмэгдүүлэхгүй байхын тулд эмчилгээ хийлгэх нь чухал. Дан халгайгаар биш арц, ганга, шар тос, байгалийн ангижруулагч чөдөр өвсөөр эмчилгээ хийж үр дүн үзэж болно.
-Чөдөр өвсийг байгалийн ангижруулагч гэдэг юм уу?
-Тийм ээ. Би аливаа зүйлд оносон нэр бодож олох дуртай. Олон жил чөдөр өвсөөр арчилгаа хийж байна. Үнэхээр уян зөөлөн болгож, өнгө сэргээдэг шидтэй.
-Монголчуудын үс арчилгааны уламжлалт арга барил үнэхээр баялаг юм. Одоо ч гэсэн техник технологийн дэвшилттэй хослуулан үр дүнг нь мэдэрч болох нь ээ.
-Монголчуудын үс арчилгааны түүхийг судлаад үзэхэд үнэхээр баялаг. Одоо бид тэмцээнд оролцохдоо үсийг лакдаж, босгоод 3-4 цаг байлгах гэж яддаг бол эрт дээр үед эхнэр гэзгийг хэдэн сараар тэр хэлбэрээр нь байлгаж чаддаг байжээ. Мөн үсээ дээдэлж, хүүхдийнхээ сэвлэгэнд ёс төртэй гар хүрч, эрэгтэй, эмэгтэй хүний гэзгийг ялгаатайгаар ургуулж, арчилдаг байсан энэ нарийн уламжлалыг илүү сайн судалж, мэдэж сурахыг хичээж байна даа.
-Та манай цахим хуудсаар дамжуулж хүмүүст үс арчилгааны зөвлөгөө хүргэхийн зэрэгцээ энэ мэдээллээ товхимол болгон хэвлүүлэх бодол бий юү?
-Тийм хүсэл байна. Би өөрийнхөө мэдэж байгаа бүхнээ л хүмүүст хэлж өгөхийг хүсдэг. Би хүнд ямар нэгэн зүйл хэлж, шавь нартаа зааж сургаж байхдаа ч түүнээсээ суралцдаг. Тиймээс халгайн эмчилгээгээ олон улсын төвшинд гаргаж, монголчуудын үс арчилгааны өвөрмөц уламжлалыг таниулж, сурталчлахыг хүсэж байна.
-Танай салоноор үйлчлүүлэхэд халгайн цайгаар дайлдаг юм билээ. Өөр хаана ч ийм цай ууж үзээгүй хэрнээ энэ ундааны амтанд дурламаар санагдсан. Энэ цай ч бас алжаал ядаргаа тайлахад нөлөөлдөг үү?
-Ус уухдаа аажмаар шимэж уухад биед сайн шингэдэг. Түүнтэй ижил бид халгайн цайг үйлчлүүлэгчдээ барихдаа шимэж уугаарай гэж хэлдэг юм. Энэ цай амны цангаа тайлахаас гадна, гэдэс цэвэрлэж өтгөн гадагшлуулдаг. Толгой хуйхаа амрааж, эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ халгайн цай ууснаар дотроосоо нөлөөлж, хосолсон үр дүн харуулдаг.
-Мөн эмчилгээ эхлэхийн өмнө хуйх болон үсийг аппаратаар оношлоод дараа нь үр дүн, ялгааг нь харуулдаг юм билээ. Нэг курс эмчилгээний дараа гарсан өөрчлөлтийг хараад үйлчлүүлэгч нар нь сэтгэл хангалуун байдаг байх даа.
-Аппаратны оношилгооноос илүү бодит үр дүнг өөрт нь мэдрүүлэх нь чухал. Үсээ самнахад унаж байна уу, өглөө босоход дэрэн дээр унадаг байсан үс багасч байна уу гээд үйлчлүүлэгчдээсээ асуудаг юм.
Эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш үсээ угааж, хатаагаад толинд харахад л хөвсийгөөд, илүү өнгөлөг болчихсон байдаг. Одоо бид үсний байгалийн өнгийг бараг мартчихаад байгаа шүү дээ. Дээр үед шампунь ч ховор байж, хааяа шампуниар үгүй бол савангаар үсээ угаагаад харахад л нарны гэрэлд гялалзаад өнгөлөг харагддаг байсан даа. Тэр бол үсний үндсэн өнгө байжээ. Одоо хүн болгон химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаас гадна орчны бохирдол их болсон учраас үсний өнгө алдагдсан. Хүмүүс сайн хөөсөрдөг, маркетинг сайтай шампунийг сонгож хэрэглэдэг. Гэтэл тэр бүтээгдэхүүний орц найрлагад байгаа ямар нэг бодис илүүдсэн учраас л илүү их хөөсрөөд байгаа. Химийн найрлагатай ийм бүтээгдхүүн үсний өнгийг үхмэлжүүлдэг.
-Бид бас үсээ дутуу, буруу угааснаас гэмтэл үүсдэг байж мэднэ. Шампунийг усаар бүрэн зайлах ёстой, ангижруулагчийг тодорхой хэмжээгээр үсэндээ үлдээ гэж зарим үсчин зөвлөдөг. Мөн ангижруулагчийг хуйхандаа хүргэж болохгүй гэдэг ч ямар нэг байдлаар хуйхандаа хүргэдэг. Үүнээс шалтгаалан гэмтэл үүсдэг үү?
-Хуйх амьсгалдаг. Тэр чөлөөтэй амьсгалдаг нүхийг нь ангижруулагчаар бөглөчихвөл гэмтэл үүснэ. Үсний угаас ялгарч байгаа тос үсний 50 хувьд хүрдэг. Тиймээс ангижруулагчийг үлдсэн 50 хувьд нь түрх. Мөн технологийн горим алдагдсан үед үс гэмтдэг. Үсийг тань будсаныхаа дараа будагны ангижруулагчаар зайлж байна уу. Ийнхүү зориулалтын ангижруулагчаар зайлахгүй бол үс хуурайшиж, үзүүр нь салаалж гэмтэнэ.
Т.Оюунжаргалыг хүмүүс Даагий гэдэг нэрээр нь илүү сайн мэддэг. Олон шавь нараа ирээдүйн амьдралд нь хөтөлсөн туршлагатай багш. Түүнчлэн тэрбээр энэ жил Хан-Уул дүүргийн Үсчин гоо, засалчдын аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэж, залуу үсчдээ дэмжжээ. Дайчин, шийдэмгий, шинийг санаачлан өөдөө тэмүүлсээр яваа түүний ажил амжилт хүсье.
С.Сэргэлэн