Хүүхдийг гурван нас хүртэл нь хаан мэт хайрлаж, энхрийл гэсэн үг байдаг даа. Магадгүй түүнээс хойш аливаа зүйлийг сургаж, ирээдүйд мэдлэг, чадвартай бие хүн болгохын тулд илүү анхаарал хандуулах хэрэгтэй байх. Залуухан ээж, аавууд өөрсдийнхөө мэдлэг боловсролыг дээшл үүлж, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ хүүхдийнхээ ирээдүйд санаа тавихын тулд нэлээд цэгцтэй, олон талын мэдээлэлтэй амьдрах шаардлага тулгардаг. Заримдаа энэ нь сэтгэлийн дарамт болох эсвэл хүүхдээсээ илүү ихийг хүссэн шунал бий болгох талтай. Тиймээс энэ удаа “Би, чи, та”-д хүүхдийн авьяасыг хэрхэн хөгжүүлэх тухай сэтгэлзүйч Х.Хандс үрэнгийн зөвлөгөөг орууллаа. Манай сониныг уншигч, залуу эцэг, эхүүд ч зарим зүйлсийг асуусан юм. Тэдний захиаг хүргэе.
ЗУРААЧ ХҮҮТЭЙ БОЛОХ НЬ ЭЭ
Хүү минь зураг зурах дуртай. Таван настай л даа. Миний тэмдэглэлийн дэвтрийг хүү маань л дуусгадаг болсон. Бал, цаас, харандаа л харагдвал зурж эхэлнэ. Хүүхэлдэйн киноны баатрууд болон зүүдэлсэн, тоглосон зүйлсээ зурдаг. Амьдардаг байр, дуртай тоглоом гээд л өөрийнхөө хүссэн бүхнээ зурж байгаа хүүгийнхээ тухай нэгэн зураачид ярьтал “Хүүхдээ цаас харандаагаар бүү дутаа. Боодлоор нь цаас аваад өгчих” гэв ээ. Би ч авч өгсөн л дөө. Харин хүүхэд л юм болохоор зурсан зураг, будсан харандаа хямгадахгүй эмээдээ шүүмжлүүлээд байгаа. Цаас урж, хаа хамаагүй хаях нь настай хүнд сайхан харагдаагүй нь лавтай. Гэхдээ хүү минь зурсаар л байгаасай гэж би хүсэж байна. Зурах эрмэлзэл дүүрэн байж, өөрийнхөө сэтгэх үйгээр зурж байж л илүү сайжирна гэж боддог. Та бүхэн санал бодлоо хуваалцаарай.
28 настай ээж С.С
АЧААЛЛЫГ НЬ ЯАЖ ЗОХИЦУУЛАХ ВЭ
Хүү минь энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэж орсон. Хичээл нь эхлээд хагас жил ч болоогүй байхад манай хүн сургуульдаа явах дургүй болчихлоо. Аав, ээж, эмээ, өвөө гээд үргэлж түүнийг эрхлүүлдэг байсан хүмүүс “Хичээл хий. Зөв суу. Одоо эртхэн унтаарай, өглөө хичээлтэй” гэх зэргээр түүнд шаардлага тавих болсон нь таагүй санагдаж байгаа байх. Цог золбоотой, эрхэлж нялхарсан хөөрхөн хүүгийн минь царай нь гундаж, нэг л ядрангуй харагдах боллоо. Зургаан настай сургуульд орох нь арай ч эрт юм уу гэсэн бодол хааяа төрөх юм. Бусдын хүүхэд хичээл хийж чадаж байхад, даанч дээ ч гэж зэмлэмээр болно. Тэр ч бүү хэл бусад хүүхэд сургуульд явахаас гадна спортын дугуйланд хичээллэж, урлаг уран сайхны үйл ажиллагаанд ч оролцох юм. Энэ хоцрогдол уу.
35 настай аав Э.Ц
ЭХЛЭХ ХУГАЦАА НЬ МӨН ҮҮ
Саяхан гурван нас хүрсэн охиноо би балетийн эсвэл уран нугаралтын дугуйланд хичээллүүлэхийг хүсэж байгаа юм. Аав нь энэ саналыг дэмжихгүй байгаа. “Хүүхдийг багаас нь зовоох гэлээ” гэж цааргалсан. Харин хүмүүсээс дуулах нь ээ, хүүхдийн биеийг уян зөөлөн байгаа цагаас нь л энэ төрлийн сургалтад хамруулах ёстой гэнэ. Охин минь уян биетэй, бас балетийн тухай хүүхэлдэйн кино үзэх дуртай. Заримдаа хөгжмийн аянд өөрөө хөл, гараа хөд өлгөн балетийн жүжигчидтэй төстэй хөдөлг өөн хүртэл хийдэг. Энэ мэргэжилд дүйцэх авьяастай, дур сонирхолтой эсэхийг нь мэдэхгүй байж өөрийнхөөрөө шийдвэр гаргах гээд байна уу даа гэж хааяа бодох юм. Энэ тухай зөвлөгөө өгнө үү.
25 настай ээж М.Э
УРМЫН ҮГ ТҮҮНИЙГ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ
Хайртай энхрий үрс нь хөгжмийн аялгуунд бүжиглэн, дуулж, эгдүүтэй хөөрхөн гараараа зураг зурах гээд оролдож байгаа нь ээж, аавуудын сэтгэлд гэрэл гэгээ татуулж, юутай ч зүйрлэмгүй таатай мэдрэмж төрүүлдэг. Хүүхэд бүрийн хүсэл сонирхол харилцан адилгүй бас хязгааргүй. Хүүхдийнхээ авьяас чадварыг нээж, хөгжүүлэхийн тулд эцэг эхчүүд анхааралтай хандаж, цаашид урлагийн аль салбарт илүү тохирохыг нь зөв тодорхойлж хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа төрөлхийн авьяасыг нь нээхийн тулд хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэж, түүнийг зоригжуулан, урамшуулснаар үндэс суурийг нь зөв тавьдаг. Тиймээс та хүүхдэдээ зориулах цагаа нэмэгдүүлж, түүний авьяасыг нээж хөгжүүлэх аян эхлүүлээрэй. Таны хүүхэд урлагийн аль нэг төрлийг сонирхож эхэлсэн бол түүнийг дэмжиж урамшуулаарай. Харин эцэг эхчүүд өөрсдийн хүсэлтээр шахаж шаардах нь хүүхдийг сэтгэлийн дарамтанд оруулах талтай.
ХҮҮХДИЙН АВЬЯАСЫГ ХӨГЖҮҮЛЭХ БЭЛЭН ЖОР БАЙДАГГҮЙ
Японы эрдэмтэн Масару Ибука “Гурван наснаас хойш хүүхдийг хүмүүжил оройтно” номондоо “Хүүхдийн авьяасыг хөгжүүлэхдээ эцэг эхчүүд өөрсдийн хүсэлтээр дургүй зүйл рүү нь хөтөлж, сургах гэснээр алдаа гаргадаг. Энэ нь ямар ч үр дүнгүй бөгөөд хүүхдийн авьяасыг хөгж үүлэхэд зориулсан бэлэн жор гэж байдагг үй” хэмээн бичжээ. Эцэг эхчүүд орчин үед “моод” болж байгаа урлагийн төрлөөр хүүхдээ хичээлл үүлэхээсээ өмнө түүний хүсэл, өөрийнх нь онцлогийг харгалзаж сонголт хийгээрэй. Таны хүүхэд төгөлдөр хуурын дугуйланд явахгүй л бол соёлгүй, бүдүүлэг хүн болчихгүй шүү дээ.
ТУРШИЛТ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛДЭГ
Бага насны хүүхдүүдийн хувьд орчин тойронтойгоо танилцаж, өөрийн сонирхлыг нээхийн тулд олон зүйл туршиж үздэг. Жишээ нь, тоглоомоо эвдэх, номоо урах, ханан дээр зурах гээд томчуудын уурыг хүргэх үйлдлийг цөөнг үй удаа хийх болно. Энэ бол санаатай “хорлон сүйтгэх ажиллагаа” биш. Харин өөрийгөө хөгжүүлж, хорвоог танин мэдэж буй арга зам нь энэ юм. Хүүхдийнхээ хийхийг хүссэн зүйлсийг хэт хорих, заавал ширээн дээр сууж зурах ёстой гэдэг хэвшмэл арга барилаас татгалзаад хүүхэдтэйгээ том цагаан цаасан дээр хамтран зураг зураад үз. Хүүхдэд энэ нь таалагдахаас гадна түүний сэтгэхүйн цар хүрээ улам хөгжинө. Баримлын шавраар хамтдаа бүтээл хий. Түүнийг дэмжиж байгаад тэр баярлах болно. Цэцэрлэг дээрээ хийсэн гар урлалыг нь анзаарч хараарай. Түүнийг зааж өгсөн багшийг нь бас урамшуулаарай. Хүүхдийнхээ зурсан зургийн анхааралтай харж урмын үг хэлээрэй. “Ямар сонин зураг вэ?”, “Энэ юу вэ?”, “Нэг л сонин болжээ” гэж хэлэхийн оронд “Ямар сайхан зурсан юм бэ”, “Миний хүү ямар мундаг юм бэ?”, “Үүнийг ингээд өөрчилбөл яаж байна? Таалагдаж байна уу” гэх мэтчилэн ярилцаарай. Шахаж шаардалгүйгээр хүүхэд өөрийн авьяас чадварыг нээх тэр нөхцөлийг нь бүрд үүлж өгөөрэй. Хүүхэд дуртай зүйлээ сонгож судалснаар илүү амжилт гаргадаг. Тиймээс сонирхож байгаа зүйлийг нь хамтдаа судалж, түүний талаар ярилцан, тухайн салбарт амжилт гаргасан алдартай хүний тухай түүнд хэлж, үлгэрлүүлээрэй.
УРЛАГ ХҮҮХДЭД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛДӨГ
• Тэдний бүтээлч сэтгэлгээг илүү хөгжүүлдэг
• Хүүхэд өөртөө итгэлтэй болж, өөрөөрөө бахархана.
• Бусдын сайн талыг нь олж хардаг өөдрөг үзэлтэй болно.
• Урлагийн талаарх цэгцтэй ойлголттой болж, мэдрэмж нь хөгжинө.
• Сэтгэл санааны дарамтаас өөрийгөө чөлөөлж, дотоод сэтгэлээ хийж байгаа үйлдлээрээ илэрхийлж сурна.
• Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй болно.
• Өөрийгөө бие даан хөгжүүлж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж сурна.
• Өөрийн гэсэн үзэлтэй болж бусдыг дагалдан дуурайхгүй.
Та бүхэн гэр бүлийн асуудал, хүүхэд, хайр дурлалын талаар мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг хүсвэл bichita@mongolnews.mn хаягаар захидал бичээрэй.
Ж.СОЛОНГО