2009 оноос хойш долоо дахь жилдээ болсон Монголын Эдийн засгийн форум эрх баригчдын дүгнэснээр бол амжилттай өндөрлөлөө. Өмнөх чуулгануудаа бодвол гадаад, дотоодын оролцогч илт цөөрсөн нь энэ форумд хэн хэн нь төдий л анхаарахаа больсныг харуулав. Жил бүрийн хавар эдийн засаг, бизнесийн сайн гарц, шийдэл эрж хайх төр, бизнесийнхний ойлголцлын төв цэг нь эл форум болдог. Бизнесийнхэн үүнээс тодорхой үр дүн, шийдэл хүлээдэггүй.
Харин ирэх сар, жилд бизнес, эдийн засгийн орчин дахь төрийн бодлого, төлөв, хандлагыг зөв тодорхойлоход дуу хоолойгоо хүргэх, харилцан ойлголцоход өндөр ач холбогдол өгсөөр ирсэн. Энэ удаа тэд эрх баригчдын улстөржилт, уур бухимдлаас өөр юу ч олж авч чадсангүй. Сонгуулийн жил гэдгийг нь ойлгож болох ч улс орны эдийн засаг хүндэрсэн үед УИХ-ын даргаасаа эхлээд Ерөнхий сайд нь хүртэл хямралд өртсөн эдийн засаг, бизнесээ хэрхэн аврах талаар биш, харин үүний бурууг хэн нэг хувь хүн, сөрөг хүчин, хэсэг бүлэг фракц бүлэглэлд тохож, шүүмжилж, гоочилсон нь Монголын эдийн засаг дахь улстөржилт хэрээс хэтэрснийг батлан харууллаа.
Нэг улсын төрийн өндөрлөгүүд нэг арга хэмжээн дээр өөр хоорондоо өөхөнд боосон чулуу шидэлцэж, ил далдуур бие биеэ хэмлэсэн удаа өмнө нь байгаагүй. Тэр тусмаа эх орондоо зохион байгуулж буй, олон улсын төлөөлөгчид зочноор уригддаг арга хэмжээний үеэр төрийн гурван өндөр эрх мэдэлтэн өнөөдрийнх шиг гурван өөр байр суурь, гурван өөр үзэл бодол илэрхийлж, улс төрийн тогоон доторх талцлаа ил зарлаж байсангүй. Өнгөрсөн 20 жилийн парламентын түүхэнд нэг намын төлөөлөл төрийн өндөр албан тушаалыг хамтдаа хашсан тохиолдлын гурав дахь нь энэ болж буй.
Өмнө нь одоогийн МАН буюу хуучин МАХН-ынхан хоёр сонгуулийн циклээр дангаараа бүх эрхийг барьсан байдаг. Тэд дотроо байр суурь, үзэл бодол зөрүүтэй байсан ч өнөөдрийнх шиг ил илэрхийлэн, нийгмийг талцуулж байгаагүй. Харин өнөөдөр Монголын ардчиллыг дэлхийд төлөөлж буй АН-ын цаг үед нэг улсын төрийн гурван өндөр эрх мэдэлтэн үг, үйлдлээ ойлголцож, биеэ цэгнэх бяд дутсан нь улсаа олон улсын тавцанд ичгүүртэй байдалд орууллаа.
Ялангуяа Ерөнхийлөгчийн үгийг УИХ-ын дарга тэчьяадан сөрсөн нь Монголын улс төрд эх зах, зэрэг зиндаа, хүндэтгэл гэж байхгүй болсны тод томруун жишээ юм. Ерөнхийлөгч бол улсын нэгдүгээр хүн яах аргагүй мөн. Тийм ч учраас энэ өндөр албыг хашиж буй хүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр ард түмний эрх ашгийг илэрхийлж, тэднийг төлөөлдөг. Харин УИХ-ын дарга бол эрх баригч намын дарга байгаад ч 76 гишүүний хурлын дарга тул хүссэн ч, үл хүссэн ч хоёрдугаарт л эрэмбэлэгддэг.
Эрх баригч намын дарга гээд энэ хүнд илүү эрх мэдэл хэн ч өгөөгүй. Төрт ёсны хоёр мянганы түүхтэй Монгол Улсын ардчиллын үе үеийн УИХ-ын дарга нар төр, улс орны эрх ашгаас илүү улс төрийн нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж байх ёсгүйг сануулж, үлгэрлэж ирсэн билээ. Төрийн алба, тэр тусмаа төрийн өндөр алба хашихад хамгийн түрүүнд төрийн зангарагтай хар хүн болох ёстой. Эс бөгөөс улстөржилтөд хэрхэн автаж, хэсэг бүлгийнхний “алх” болон улс орноо хямралаас гарах гарцыг гацааж, тэр нь ард түмний нуруунд хүндээр тусдагийг УИХ-ын дарга З.Энхболдоос харж болохоор байна.
УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл, зөвлөмжийг хүлээн авч, хүндэтгэлтэй хандах ёстой билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их тэнгэрт нийгмийн сүлжээний төлөөлөл, залуучуудыг хүлээн авч уулзахдаа ч, Эдийн засгийн форумын үеэр ч Төрийн тэргүүний үүднээс өнөөгийн улс төр, нийгмийн байдлын талаар байр сууриа шударга илэрхийлсэн. Гэтэл эрх баригчдад үнэнийг хүлээж авах чадвар дутаж, улаан нүүрээ сонгуулийн өмнө аварч, хамгаалах амьтны инстинкт үйлчлэв.
Ерөнхийлөгч Эдийн засгийн форумд оролцож, өнөөдрийн бий болсон нийгэм, эдийн засгийн байдалд бодит дүгнэлт өгсөн. “Монголын зовлон гаднаас биш, дотроосоо байна. Эдийн засгийн хүндрэл Монголын эдийн засгаас болоогүй. Харин улс төрөөс л болж байгаа. Монголын улс төр хариуцлагатай болохгүй бол, сонгосон, томилсон хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй бол бид энэ байдлаас гарахгүй. Хэрэв төр нь хариуцлагагүй болох юм бол ардчилсан гэх нэр ч утгагүй болно.
Үүнийг л шаардаж байгаа” хэмээсэн нь эрх баригч намы даргад таалагдсангүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдийн засгийн хямралын гол буруутан нь бизнес эрхлэгчид биш, улстөрчид гэдгийг шууд зарласан билээ. Үнэхээр өнөөдөр Засгийн газар нь гүлдийгээд байлгүй, гүйцэтгэх засаглал шиг зоримог шийдэмгий ажиллаж, улстөрчид нь тулхтай байж бодлогоо хэтийн зорилготойгоо тодорхойлж, бизнес эрхлэгчид нь ирээдүйдээ итгэлтэй, аж ахуйгаа мөрөөрөө эрхэлж чадахгүйд хүрсэн. Том жижиг, их бага гэлгүй мөнгө бүхэнд УИХ хошуу нэмэрлэн, хуруу дүрж, хааж гацааж байхад хэн эрсдэл үүрэн хөрөнгө босгож, улс орны эдийн засаг яаж сэргэх юм бэ?
Байдал ийм байхад УИХ-ын дарга Эдийн засгийн форумын индэр дээрээс “Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасанд Монгол Улс буруугүй. Харин нийт эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болгож орхисон нь Монголын төрийн, үе үеийн УИХ, Засгийн газруудын алдаа юм. Бид өнөөдөр энэ алдааныхаа төлбөрийг төлж байгаа” хэмээн ярьж буй нь бодитой дүгнэлт мөн үү? УИХ, эрх баригч намын даргын хувьд энэ алдааг мэдсээр байсан юм бол засаж, залруулахын төлөө юу хийсэн юм бэ? Уул уурхайдаа түшиглэн их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, томоохон хуримтлал үүсгэн, бусад салбараа дэмжихгүйгээр хөгжих боломж хомс байна.
Харин ч өмнөх, үе үеийн парламент, Засгийн газрын үед хэлэлцэж яригдаж, үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж ирсэн мега төслүүдийг тэр өөрөө үлгэрлэн гацааж царцааснаараа өдгөө уул уурхайн салбараа бүрэн элгээр нь хэвтүүлчихлээ. Энэ нь тэгээд УИХ-ыг сонгосон ард түмний алдааны төлбөр юм уу?
“Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа “Тавантолгой”-г УИХ зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна. Дэлхийн эдийн засаг удааширч байгаа цаг үед энэ төслийг нэр бүхий компаниудад өгөх нь Монголд ашиггүй гэсэн дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэг гаргасан. Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын эзэд болох хоёр сая хувьцаа эзэмшигчээс нь асуулгүйгээр уг ордыг гуравдагч этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй” гэж УИХ-ын дарга хэлсэн. Буруугаа бусдаас биш, өөрсдөөсөө хай гэж түүнд хэлье.
БНХАУ-ын даргын айлчлалын үеэр төрийн тэргүүнүүдийн түвшинд нүүрс экспортлох ямар таатай нөхцөл бүрэлдсэн билээ. Түүнийг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажилласан уу, үгүй. Олон жил залхтал яригдсан нүүрс тээвэрлэх төмөр замаа барьсан уу, үгүй. Нүүрс боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий нүүрсний экспортыг хязгаарлах, зогсоох төрийн бодлого шийдвэрийг үл тоогчид, үл хэрэгжүүлэгчид нь төрийн өмчит компаниуд өөрсдөө болоод байхад монгол нүүрсний өрсөлдөх чадварыг унагасан энэ явцгүй үйлдлийг дэмжигчид нь түүнийг тойрон хүрээлэгчид байлаа.
Тухайн үед Тавантолгойн тендерт ялсан консорциумын гэрээг засаж сайжруулаад явуулах боломж байсан уу, байсан. Гэтэл УИХ-аар хэлэлцүүлэлгүй шууд ажлын хэсэг байгуулж, хэдхэн хүний ашиг сонирхлоор гацааснаар Тавантолгойн нүүрсний экспорт улам хүндэрсэн. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн хүндрэлийг нууж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа мэтээр харуулснаар 1072 ширхэг хувьцааны хувь заяа төдийгүй компанийн ирээдүй бүрхэг үлдэв.
УИХ “Тавантолгой”-н төслийг зогсоосноос болж улс орны эдийн засаг хүндрээгүй юм бол Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд яагаад гадаад орноос зээл, тусламж гуйгаад яваад байгаа юм бэ? Уул уурхайн бус салбаруудаараа улс орныхоо эдийн засгийг сэргээх боломж байсан юм бол эдийн засаг яагаад ингэтлээ хямарч, ард түмний амьдрал доройтов оо.
Уул уурхай ч гэлтгүй, газар тариалангийн салбар ч хэцүүхэн байна. Онцлоод буй хөдөө аж ахуйн салбарт нь малын халдварт өвчин байнга гарч, эм тариа, вакцин дутмагаас аймаг, сумаараа аргаа барж байгаа. Гэтэл УИХ-ын дарга нь улс төрийн ашиг хонжоотой асуудлуудаараа яаран сандран ээлжит бус чуулган зарлаж, өөрсдөдөө, намдаа хэрэгтэй асуудлуудаа эргэлзээтэй аргаар шийдэж байна.
Амьдрал мэдэхгүй дарга, албан тасалгааныхаа цонхоор ард түмнээ тольдож буй хэсэг бүлэг улстөрчийн гайгаар өнөөдөр монголчуудын бухимдал дээд цэгтээ хүрээд байгаа нь үнэн. Ямар сайндаа л З.Энхболд даргын амьдралаас тасарсан, хар амиа хаацайлсан худал хуурмаг илтгэлийг сонсож тэсээгүй хүн оймс хүртэл шидэж байх вэ дээ?
Улсын нэг, хоёрдугаар хүний энэ бүх эсрэгцлийг хувь хүнийх нь үүднээс харвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо ард түмний эрх ашгаас өөр улс төрийн амбиц байхгүй. Тэр хоёр дахиа Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн. Харин З.Энхболдын хувьд энэ жилийн сонгуулийн үр дүнгээс улстөрийн илүү том карьер нь жинхэнээсээ эхэлнэ.
АН-ын даргын хувьд намаа сонгуульд ялуулж чадах эсэхээс Ерөнхийлөгчийн карьер нь эхэлнэ. Тийм ч учраас тэр өнөөдөр эдийн засгаа сөхрүүлсэн, улс орноо, ард түмнээ туйлдуулсан гэх хариуцлага үүрэхгүйн тулд УИХ-ыг даргалсан өнгөрсөн дөрвөн жилийнхээ алдаа бүрийг хаацайлж хамгаалан, буруу бүхнийг бусдаас хайж буй. Төрийн гурван өндөрлөг амь болоод санаа нэг байж, нэгдсэн бодлого дор улс орон хөгжин цэцэглэж, иргэд нь амгалан тайван амьдрах учиртай.
Гэвч УИХ-ын дарга нь Ерөнхийлөгчийнхөө үгийг ч үл ойшоож, Засгийн газрын тэргүүнийхээ эрх мэдэлд хутгалдаж байна. Орохгүй юм ч гэж алга. Эдийн засагт улстөржилт байхгүй болсон цагт л эх орон минь өндийн сэргэж, эрчтэй, хүчтэй хөгжинө. Харин энэ цаг хэзээ вэ?