Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах болон зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Тогтоолд тусгаснаар сонгуулиудыг энэ сарын 8-нд товлон зарлахаар буй юм.
Сонгууль зохион байгуулахад 16.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах саналыг Сонгуулийн ерөнхий хороо боловсруулжээ. Гэхдээ сонгуулийн бэлтгэл хангахад зарим санхүүжилт дутуу гэдгийг холбогдох байгууллагын удирдлагууд хэлж байсан. Тухайлбал, Бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан “Манай байгууллагын төсөвт сонгуультай холбоотой 2.2 тэрбум төгрөг тусгасан. Уг нь бид 3.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн санал гаргасан.
Учир нь сүүлийн гурван сонгуульд хэрэглэсэн зөөврийн компьютерүүдийн баттерейг солиход 277 сая, шинээр 200 зөөврийн компьютер худалдан авахад 360 сая төгрөг шаардлагатай. Мөн төв серверийг өргөтгөх зардлыг дээр дурдсан 2.2 тэрбум төгрөгөөс гаргах боломжгүй. Үүнд тусдаа нэг тэрбум төгрөг шаардлагатай” гэв. Мөн Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ж.Буянбат “Манайд ямар ч зардал төсөвлөөгүй. Хуулийн дагуу саналын хуудас хэвлэх үйл явцыг хамгаалах, алба хаагчдын томилолтын зардал зэрэгт нийт 706.9 сая төгрөг шаардагдахаар буй” гэж байлаа.
Харин Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт “Цагдаагийн ерөнхий газар 2012 оны УИХ-ын сонгуульд 216 сая, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 255 сая төгрөгийг төсвөөсөө шийдсэн. Энэ удаа ч холбогдох зардлыг уг зарчмаар санхүүжүүлэхээр тооцсон” гэсэн тайлбар хийсэн. Үүнийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн үгүйсгэв. Тэрбээр “СЕХ-ноос цагдаагийн байгууллагад шаардлагатай зардлыг гаргах хуулийн ямар ч боломж байхгүй.
Энэ удаагийн сонгуулийн зардал өмнөхөөс 400 сая төгрөгөөр буурсан. Засгийн газар хассан юм чинь нөөц хөрөнгөнөөсөө уг санхүүжилтийг гаргах ёстой” хэмээв. Энэ тухайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Төсвийн хуульд шинээр санхүүжилт тусгана гэвэл зайлшггүй тодотгол хийх болно. Тиймээс шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргах замаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ” гэлээ.
“ДАВХАР ДЭЭЛ”-ИЙГ ТАЙЛСНААР ЧИГ ҮҮРГИЙН ДАВХЦАЛЫГ АРИЛГАНА ГЭВЭЛ ЭНДҮҮРЭЛ”
Мөн энэ өдөр Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн дэмжив. Энэ нь Ерөнхий сайд, Хууль зүй, Сангийн болон Гадаад хэргийн сайд нар л УИХ-ын гишүүний албыг давхар хашихыг зөвшөөрч, бусдыг нь хориглохоор тусгасан төсөл юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд “давхар дээл”-гүй байх сайд нарыг ингэж тодорхой зааж өгөх ёстой юу, эсвэл танхимын хэмжээнд квот тогтоож, уян хатан зохицуулах ёстой юу хэмээн санал зөрж байсан.
Гишүүн Су.Батболд: -Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болох юм. Гэхдээ эдгээр гурван сайдыг яагаад онцолсон бэ. Сайд нарын гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно гэсэн квот оруулсан нь дээр биш үү. Ер нь сонгуулийн холимог тогтолцоотой манай улсад цаашид эвслийн Засгийн газар байгуулах шаардлага тулгарсаар байх болно. Ийм нөхцөлд эвсэж буй намуудаас нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь Шадар сайдыг төлөөлөх нь ойлгомжтой. Ийм тохиолдолд Шадар сайд нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн үг үү?
Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр: -Ардчилсан улсад хуулиас гадуур амьдрах боломжгүй гэдэг үүднээс Хууль зүйн сайд, ямар ч асуудал төсөв, мөнгөгүйгээр шийдэгдэхгүй гэдэг утгаараа Сангийн, улс орны гадаад, дотоод тодорхой бүрэн эрхийг УИХ хадгалдаг учраас Гадаад хэргийн сайд УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохоор тусгасан.
Гишүүн С.Баярцогт: -“Дан, давхар дээл” гэхийн оронд дараагийн Засгийн газраа хэрхэн тогтвортой байлгах вэ гэдгийг бүтээлчээр харах ёстой. Үндсэндээ Су.Батболд гишүүнтэй санал нэг байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Шадар сайд, Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн сайд нар УИХ-ын гишүүн байж болно. Ер нь намын дарга нь гадна үлдсэнээр Засгийн газраа тогтвортой ажиллуулах хүсэл, сонирхолгүй байна. Уг асуудлаар намууд хамтран ажлын хэсэг байгуулъя.
Гишүүн М.Батчимэг:- Су.Батболд, С.Баярцогт нарын саналыг дэмжиж байна. Манайд УИХ, Засгийн газрын чиг үүргийн давхцал бий болсон нь үнэн. Гэхдээ энэ удаа давхцалыг зөвхөн тооны хувьд арилгах талаас нь харж байна. Тооны давхцалыг арилгах нэг хэрэг. Гэтэл Засгийн газарт байх ёстой хамгийн гол чиг үүрэг болох сайд нарыг томилох болон төсөв батлах эрх УИХ-д байна. Зөвхөн “давхар дээл”- ийг тайлснаар чиг үүргийн давхцалыг арилгана гэвэл эндүүрэл. Тиймээс танхимын сайд нарын гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэх юм уу, уян хатан зохицуулалт хэрэгтэй.
Гишүүн Л.Цог:- Эсрэг саналтай байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга харин ч гишүүн бус байх ёстой. Яагаад бүх сайдыг УИХ-ын гишүүний албыг давхар хашихгүй байхаар хориглож болоогүй юм бэ.
Ч.Өнөрбаяр: -Парламентын ардчилалтай улсад Засгийн газар, парламентын хооронд харилцан хяналт байх ёстой ч парламентын болон Засгийн газрын гишүүний албыг хавсран гүйцэтгэх явдал бий. Гагцхүү уг харьцааг зөв байлгах ёстой.
Гишүүн С.Дэмбэрэл: -Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сангийн сайд нь парламентын гишүүдийн лообийнд байнга автаж ирсэн. Ерөнхий сайд нь л УИХ-ын гишүүний албыг хавсран гүйцэтгэвэл таарна.
Б.УРАН