Махны үнэ дээш шидэгдлээ. Өнгөрсөн 10 хоногт 1000-1500 төгрөгөөр огцом өсөв. Махны үнийн муруйг график дээр зурвал тэнгэр рүү тэмүүлсэн зураас татах хэрэг гарах вий. Сүүлийн жил орчимд монголчууд хямд мах идлээ. Хонины гулууз махны ханш өнгөрсөн намар кг нь 3500 төгрөг болж хямдарсан нь худалдан авагчдын ойрын жилүүдэд мэдрээгүй таатай үнэ байв. Хэрэглэгчид махны үнэ хэзээний ийм хямд байсан мэт дасаж орхижээ. Огцом өсөхөд нь жигтэйхэн сандарцгааж байна.
Үнэн хэрэгтээ махны үнэ гурван жилийн өмнөх түвшин рүүгээ эргэн дөхөж байна. Түүнээс биш, өмнөхөөс өсөөд тэнгэрт хадчихсан гэвэл эндүүрэл. Улаанбаатар хотын хамгийн хямд гэгддэг “Хүчит шонхор” хүнсний захад ямааны цул мах кг нь 5500, хониных 7500, үхрийнх 8500 төгрөгийн үнэтэй байгаа. Хэрэв санаж байгаа бол хоёр жилийн өмнө махны үнэ үүнээс даруй 500 төгрөгөөр илүү байсан. Үхрийн цул махны үнэ “Хүчит шонхор”-т 10 мянган төгрөг давсан удаатай.
Махны үнэ огцом өсөж буйн тухайд гэвэл “Ертөнц жамаараа явна” гэдэг шиг л үйл явдал болж байна. Манай зах зээлд хавар болгон махны үнэ огцом өсдөг гажиг бий. Тайлбар нь тун энгийн. Махны худалдаачид “Мах ховордож байгаа учраас үнэ нь өсөж байна” гэдэг. Энэ удаад ч махны худалдаачид “Мах ховордсон учраас үнэ нь өслөө” гэсэн уламжлалт тайлбараа илгээв. Нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалж, үнэ өсдөг гажгийг төр мах нөөцөлж саармагжуулдаг байлаа. Энэ жил төр нөөцийн мах бэлтгээгүй. Тиймээс махны үнийн муруй хаашаа чиглэхийг таамаглахад бэрх. Гэхдээ өнөөгийнхөөс хямдарна гэсэн найдлага дүүрэн байна.
Монголбанкны Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013-2015 онд нөөцийн мах бэлтгэж, хаврын хомсдолын үеэр зах зээлд нийлүүлж байв. Жил бүр 14 мянган тонн мах бүрэн нөөцөлж байсан. Иймээс хаврын хомсдолыг даван туулах бодлого байгаа онож байсан юм. Мөн малын тоо толгой өсөж, нийлүүлэлт нэмэгдсэн нь махны үнийг хямдруулахад нөлөөлж байлаа.
Монголбанк Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрөө Засгийн газарт шилжүүлсэн. Нөөцийн мах бэлтгэх, зах зээлд зохицуулалт хийх эрх гүйцэтгэх засаглалд шилжсэн гэсэн үг. Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан “Мах” хөтөлбөр боловсруулж, дотоодын болон экспортын махны зах зээлийг 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилтээр дэмжих санаачилга гаргасан. Хэрэв уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжсэн бол Хөгжлийн банк 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл махны салбарынханд олгох байв.
Чамгүй их мах ч нөөцлөх байлаа. Нөөцийн мах бэлтгэсэн бол өдийд үнэ нь ингэж огцом өсөхгүй нь дамжиггүй. Монголын махны холбооныхон “Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв байсан” гэж байр сууриа шуудхан илэрхийлж байна лээ.
Өмнө нь 4-6 дугаар сард мах үнэхээр хомсоддог байв. Харин энэ жил махны хомсдол нүүрлэсэн гэж хэлэх үндэсгүй. Учир нь өнгөрсөн намар малчид “зуд болно” гэж болгоомжилж өмнөхөөсөө олон мал нядалсан. Малчид 15 сая толгой мал нядлах төлөвтэй байгааг ХХААЯ-ныхан өнгөрсөн жил дуулгаж байв. “Үүний 10 сая нь Монголын гурван сая хүн амын хэрэгцээг бүрэн хангана. Үлдсэн таван сая малаас гарах 100 мянган тонн махыг экспортлох шаардлагатай” гэж тэд ярьж байсан. Гэвч маш бага хэмжээний мах үйлдвэрийн аргаар бэлтгэсэн юм. Тиймээс их хэмжээний мах экспортлох боломж бүрдээгүй.
Гар аргаар бэлтгэсэн их мах одоо хаана байна вэ. Таван сая малын мах Монгол Улсын хүн амын хагас жилийн хэрэгцээг хангах нөөц. Энэ нөөц агуулахад, аль эсвэл айлын хөргөгч, хөлдөөгчинд байж таарна. Өмнөх жилүүдийнхээс олон мал нядалсан бол махны нийлүүлэлт хомсдох учиргүй. Хомсдолгүй бол үнэ өсөхгүй. Худалдааны төвүүдийн махны ченжүүд маш их хэмжээний мах нөөцөлсөн гэсэн явган яриа тэнэж явна. Магадгүй махны үнийн муруй удахгүй доош гудайх байх.
Хэдэн тонн мах хаана хадгалагдаж байгаа нь учир битүүлэг байна. ХХААЯ-ны Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Цэцэгдарьтай холбогдож энэ талаар тодруулахад “Ямар нэг статистик мэдээлэл байхгүй. Статистикийн газраас хөдөө аж ахуйн статистик гаргасны дараа тодорхой болно. Агуулахад хэдэн тонн мах байгааг шалгаж үзсэний дараа тоо хэмжээ нь тодорхой болно” гэлээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 80 тэрбум төгрөгийн зээл олгож, агуулах бариулсан. Одоогоор махны хөргөлттэй агуулахын багтаамж 80 мянган тонныг даваад байгаа. Мах нөөцлөх агуулахын багтаамж хүрэлцээтэй. Харин агуулахууд махтай байна уу, хоосон байна уу гэдгээс үнэ ханш нь хамаарах гээд байна.
Монголын махны зах зээл ченжийн тогтолцоотой. Тэгэхээр ченжүүд махны зах зээлийн өнгө төрхийг тодорхойлдог гэсэн үг. Ченжийн тогтолцоог халж, зах зээлийг үйлдвэрлэгчдийн хяналтад шилжүүлэхээр олон жил ярьж буй ч чадахгүй л байна. Үүний гол шалтгаан нь төрийн бодлоготой холбоотой. Төр ченжийн тогтолцоог халах бодлогоо тууштай хэрэгжүүлдэггүй юм. Монгол орны 12 цэгт эрүүл ахуйн стандарт хангасан үйлдвэр бариад, малыг ченжийн дамжлаггүйгээр малчдын гараас худалдан авч нядална гэж ХХААЯ-ынхан 2010 онд ярьж байсан.
Зургаан жил өнгөрөхөд нэг ч үйлдвэр барьж чадсангүй. Уг төслийг Хятадын Засгийн газрын зээлээр хэрэгжүүлнэ гэж ярьж байсан юм. Хятадын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын зээл Монголд удахгүй орж ирнэ. Одоо махны 12 үйлдвэрээ барина гэж яамныхан ярьж байна. Монгол орон даяар махны үйлдвэр барьчихвал ченжийн тогтолцоо нурж унах нь гарцаагүй.
Ченжийн тогтолцоо махны үнийг хөөрөгддөг гэмтэй. Малчин сумынхаа ченжид малаа зарна, тэр нь нядлаад “Хүчит шонхор”-ын ченжид, цаадах нь жижиглэнгээр болон бусад захынханд борлуулна. Шат дамжлага бүрт үнэ нь нэмэгддэг. Улаанбаатар хотын хамгийн үнэтэй гэгддэг “Меркури” худалдааны төвд үхрийн цул мах кг нь 11500 төгрөгийн үнэтэй байна.
Тэгвэл “Хүчит шонхор” захын үхрийн махны үнэ 8500 төгрөг. Ченжүүд кг махыг 3000 төгрөгийн илүү үнээр “Меркури”-гийн хэрэглэгчдэд хүргэж байгаа биз. Мах эцсийн хэрэглэгчид хүртлээ 4-5 ченжийн гар дамжиж, үнэ нь 3000-4000 төгрөгөөр нэмэгддэг гэсэн судалгаа бий. Хэрэв үйлдвэрүүдээ барьчихвал мах худалдааны төв гэсэн ганц дамжлагыг даваад хэрэглэгчдэд хүрэх юм. Ингэвэл махны үнэ хямд байх боломжтой. Үйлдвэр барьж чадаагүй өнөө үед махны үнийг хөөрөгдлөөс сэргийлэхийн тулд нөөц бүрдүүлэхээс өөр гарцгүй байлаа.
Т.ЭНХБАТ