
Гүний уурхайн төслөө баталснаа “Оюутолгой” компанийнхан өнгөрсөн баасан гаригт зарлав. Ийнхүү Монголын эдийн засгийн луужин чиг зааж эхэллээ. “Оюутолгой” төсөл Монголын хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлдог болоод удаж байна. Төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтад 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулснаар зах зээлийг идэвхжүүлэхээс гадна уурхайн бүтээмж нэмэгдэх учир өсөлтийн зүг Монголын эдийн засгийг хөтлөх нь дамжиггүй. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Монголын тал, “Рио тинто” группийн гүйцэтгэх захирлын орлогч Жан-Себастьян Жакаар толгойлуулсан хөрөнгө оруулагчдын төлөөлөл бямба гаригт Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгой ордод саатаж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг гараанаас нь хөдөлгөх ёслолд оролцов.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг баталсан өдөр тус компанийн хувьцааны ханш хоёр биржид найман хувиар огцом өслөө
Монголын Засгийн газар “Эрдэнэс Монгол” компаниар дамжуулан “Оюутолгой” компанийн 34, Английн “Рио тинто” групп “Туркойз хилл ресурс”-ээр дамжуулан 66 хувийг нь эзэмшдэгийг бид мэднэ. “Туркойз хилл ресурс” компани Нью-Йорк болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг баталсан өдөр тус компанийн хувьцааны ханш хоёр биржид найман хувиар огцом өслөө. Тухайлбал, Нью-Йоркийн хөрөнгийн биржид ханш 22 центээр өсөж, 2.89 ам.доллар болсон юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой өнөөдрөөс бизнесийн сонгодог төсөл болон хувирч байна. Улстөрчдийн маргааны сэдэв биш, улс орны хөгжлийн түүчээ, бүтээн байгуулалтын ажил болох юм” гэж тэмдэглэв. Мөн тэрбээр “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэсэн эшлэлээ давтан хэлэхээ мартсангүй. Одоогоос жилийн өмнө Дубай хотод “Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурах ёслолд оролцоод эх орондоо газардсан даруйдаа, арванхоёрдугаар сард санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр тэрбээр ингэж хэлж байсан юм.
“Рио тинто” группийг анхны хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум ам.доллароор хэтрүүлсэн, мөн анхны хөрөнгө оруулалтын өгөөжөөр гүний уурхайн бүтээн байгуулалт хийнэ гэж заасан Хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлээгүй гэж Монголын Засгийн газар үзсэн. Иймээс 2012 онд гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоосон юм. Хоёр талын хэлэлцээний үр дүнд анхны хөрөнгө оруулалтыг долоон тэрбум ам.доллароор тооцох, нэмэлт санхүүжилт татаж гүний уурхайг бүтээн байгуулах ойлголцолд хүрч, төлөвлөгөөг нь баталж байв. Үүнийг “Дубайн гэрээ” гэж нэрийдэх болжээ. Ёслолын үеэр “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд “Дубайн гэрээ өнөөдрийн үр дүнд хүрэх эхлэл болсон” гэж ярив.
.jpg)
Тэгвэл үндэстэн дамнасан том корпорацуудын нэг “Рио тинто”-гийн гүйцэтгэх захирлаар долдугаар сард томилогдох нь тодорхой болсон Жан-Себастьян Жак “Дэлхийн чансааны ордыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрдлээ” гэж онцлон тэмдэглэв.
“Рио тинто”-гийн орлогын дийлэнхийг Төмрийн хүдрийн групп нь бүрдүүлдэг байсан. Тиймдээ ч Төмрийн хүдрийн группийн удирдлага нь “Рио”-гийн захирал болж дэвшдэг уламжлалтай байлаа. Зэсийн группийг удирдаж байсан Жан-Себастьян Жакийг “Рио”-гийн захирлаар томилох шийдвэр гаргасныг шинжээчид зах зээлийн хэтийн төлөв болон түүний ур чадвартай холбон тайлбарлаж байгаа.
“Төмрийн хүдрийн үнэ мөддөө өндийхгүй төлөвтэй байгаа бол зэсийнх өсөж, орлогынх нь дийлэнхийг бүрдүүлэх учир түүнийг захирлаар томилохоор шийдвэрлэсэн” гэж тэд таамаглаж буй. Мөн Оюутолгойн санхүүжилтийн хэлэлцээрийг амжилттай хийснийг нь үнэлсэн гэж үзэх нэгэн ч бий.
Үргэлжлэлийг уншина уу