
УИХ-ын сонгууль болоход цөөн хоног үлдлээ. Энэ үед УИХ-д хүч түрэн орж ирэхийг хүссэн олон горилогчид шил шилээ даран нэр дэвшсэн. Үүний нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр юм. 2005-2009 оны хооронд Ерөнхийлөгчийн алба хашсан түүнийг 2012 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө цагдаа, АТГ-ын 300 орчим алба хаагч гэрээс нь баривчилсан. Н.Энхбаярыг авлигын болон албан тушаалын хэрэгт буруутай гэж гурван шатны шүүх үзэж түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил 6 сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг клиникийн 2-р эмнэлэгт эмчлүүлж өнгөрүүлсэн. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 8 сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан ялтан Н.Энхбаярт уучлал үзүүлэн ялаас чөлөөлжээ. Энэ үедээ өлсгөлөн зарлаж, төрийн ажилтнуудад салаавчаа гарган танхайрч элдвээр хараан зүхэж байгаа бичлэг олонд цацагдаж, нийгмийг цочроогоод авсан. Түүний зохисгүй үйлдэл үүгээр дуусаагүй юм. Ингээд түүний үйлдсэн 7 дуулиант үйл явдлыг дахин сануулъя.
- Н.Энхбаяр төрийн ажилтнуудад салаавч гаргав
Гурван шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, хоригдож байх явцдаа олон хоног өлсгөлөн зарласан тэрбээр хуулийн ажилтнуудад уураа гаргаж, “салаавч” гаргаж, танхайрчээ. Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан сэтгүүлчдийг дуудаж түүний нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгөхөөр дуудсан байсан учир түүний зохисгүй үйлдэл камерт үлджээ.

- Тэрээр улс төрийн орогнол хүссэн үү?
Суллагдсаныхаа дараа биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсны дараа БНСУ-ын хэвлэлүүд Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус улсаас улс төрийн орогнол хүслээ гэж бичиж байв. Харин тэрээр Монголд буцаж ирэхдээ намынхнаасаа Монголын нэр нөлөө бүхий улстөрчдийн явуулга хэмээн тайлбарлуулсаар ирсэн. Үүнийгээ өөрөө тайлбарлахдаа “Түр хугацаагаар эмнэлгээсээ чөлөө авч эх орондоо ирлээ. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай учир эргэн БНСУ-ыг зорино. Мөн энэ хугацаанд Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа хэлэлцэнэ гэж бодож байна. БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх асуудал бол ташаа мэдээлэл юм. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ямар шалтгаанаар ийм мэдээлэл тараасныг тодруулахад “Монголоос энэ талаар мэдээллийг өгсөн" гэж хариулсан. Ямартай ч түүнийг өөрөө энэ бүхнийг сэдэж, Солонгосын хэвлэлүүдээр тус мэдээллийг цацуулсан хэмээн сэжиглэх хүмүүс цөөнгүй байсан юм.

- “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт бүх үнэнээ өчив
Энэ үеэрээ тэрээр “Би Монгол улсаа хөгжүүлж өшөөгөө авна” хэмээн тунхагласан. Улс төрчдийн хамаг “Но”-г дэлгэсэн тэрээр өөрийгөө ямар ч гэмгүй энхийн цагаан тагтаа мэтээр дүрсэлж ярьсанд нь эгдүүцэх хүн олон байсан юм.

- “Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн “алдагдсан” бичлэг цацагдав
Уг нэвтрүүлгийн бичлэгээс хасагдсан гэх бичлэг сошиал сүлжээгээр тархсан. Эл бичлэгт тус нэвтрүүлэгийн хөтлөгч Э.Анужин болоод Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн яриа олон нийтийг гайхшруулсан. Тус бичлэгт Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Би бол Н.Энхбаяраас ч илүү хор найруулж чадна, Сү.Батболд, С.Баяр нар миний дэргэд юу ч биш...” хэмээж байсан юм.


- Н.Энхбаярын “шунал” эргэн ирэв
Суллагдсаныхаа дараа ганцхан МАХН-ын даргын суудалтай үлдсэн тэрээр шунал, хүслээ дарж чадахгүй дахин парламентын сонгуульд нэр дэвшихээр улайрч сууна. Уг нь түүнд намын даргаас авахуулаад УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд хашиж үзээгүй албан тушаал гэж үгүй байлтай. Үүний төлөө намынхаа нөхдийг ч золигт гаргахаас буцахгүй болж. Өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газраас Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт сэжиглэж цагдан хорьсон ч батлан даалтад гарсан даруйдаа “Би Н.Энхбаяр даргатай уулзсан. Харамсалтай нь надад "Чиний улс төрийн карьер дууссан, намын байранд ирэх хэрэггүй гэж хэлсэн” гэх утгатай зүйлсийг хэлсэн.
Мөн тэрээр олон нийтэд захидал бичиж, “Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50.000 долларыг 2015 оны 11 сарын 4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120.000 долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм” хэмээсэн юм.

- Дахин өлсгөлөн зарлав
Монголчууд сүүлийн үед болж бүтэхгүй л бол жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарладаг болсон. Энэ жишиг МАХН-ын даргыг ч мөн адил дайрч гарсангүй. СЕХ-ноос түүнийг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасанд дургүйцэн Тусгаар тогтнолын талбайд өлсгөлөн зарлав. Харамсалтай нь түүнийг төдийлөн олон хүн ойшоосонгүй. Харин ч түүний энэ үйлдэлд дургүйцэж буй хүн маш их болж, “Н.Энхбаярын эрх мэдлийн төлөө хийсэн дайн, шунал хүсэл хэтэрлээ. Түүнийг төрийн эрхэнд байх үед авилга, хээл хахууль, бялдуучлал бий болсон” гэж ярих хүн олон байв.

- Н.Энхбаяр Их Монголыг босгох төлөвлөгөө боловсруулж сууна уу?
Авилга, хээл хахууль гэх зүйлийг төрд бий болгосон тэрээр одоо Их Монголыг босгох төлөвлөгөөгөө боловсруулан сууна. “АТГ-аас намайг ялтай хэмээн дүгнэж, СЕХ 2016 оны сонгуулиар нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Ийм байж болох уу?” хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн түүний асуултад “ТИЙМ” хэмээн хариулах хүн олон байгаа гэнэ.
