
УИХ-ын 2015 оны намрын чуулганаар Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс хэмээх баримт бичгийг батлаад байгаа. Уг баримт бичгээ БХЯ-ныхан Зэвсэгт хүчний анги салбарууддаа танилцуулж яваа. Уг бодлогын баримт бичигт зааснаар Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нь тайван цагт Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллагаас бүрдэх бөгөөд эдгээр байгууллага нь цэргийн нийтлэг дүрмүүдийг дагаж мөрдөн, цэргийн алба хаагчийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, эх оронд дайн байлдаан, террорист халдлага, гамшиг зэрэг аюул тохиолдсон үед дээрх байгууллагууд нэг удирдлага, нэгдсэн зохион байгуулалттайгаар тэмцэнэ гэсэн үг.
Нийтийг хамарсан том хэмжээний гамшиг, ослын хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд цэрэг армиа ашигладаг туршлага дэлхийн улс орнуудад түгээмэл.
Манай хоёр хөрш ч орчин үеийн, өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл ашиглаж, байнгын бэлэн байдалд байдаг цэргийн анги нэгтгэл, олон мянган цэргээ улс орондоо учирсан гамшигтай тэмцэхэд шуурхай, өргөн хүрээтэй ашигладаг. ОХУ, Япон, БНХАУ-д тохиолдож байсан атомын цахилгаан станцын осол, хүчтэй газар хөдлөлт, цунами, үерийн гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажиллагаанд зэвсэгт хүчин нь голлох үүрэг гүйцэтгэж байв.
Цэргийн цолыг үнэгүйдүүлсэн Онцгой байдлын алба
Цэргийнхэнд хамгийн хатуу хөтүүг нь гүйцэтгэх үүрэг хүлээлгэсэн тул цэргийн цол, дүрэмт хувцас, нэмэгдэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж гээд бусад төрийн албан хаагчдаас давуу эрх, хөнгөлөлт үзүүлэх нь зүйн хэрэг.
Нэгэн үе цэргийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь төрөөс олгодог 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжтэй төрийн байгууллага бүр барьцсанаар цэвэрлэгч үйлчлэгчээс бусад төрийн албан хаагчид хавтгайруулан авдаг болсон нь улсын төсөвт багагүй дарамт болж байгаа. Цэргийн байгууллагаас энэ онд байтугай өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан маш олон тооны офицер, ахлагч нар энэхүү тэтгэмжээ авч чадахгүй байгаа бөгөөд зарим нь тэтгэмжээ хүлээсээр хорвоогийн мөнх бусыг үзсэн тохиолдол ч бий.
Цэргийн байгууллагын цол, дүрэмт хувцас, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг зөвхөн цэргийн албан хаагч нь хэрэглэдэг, нэр хүндтэй байх ёстой. Харамсалтай нь, сүүлийн үед цэргийн цол, түүний дотор генерал цолыг энгийн хүмүүст ямар ч болзол, шалгуургүйгээр өгдөг болжээ. Цэргийн цолыг шалгуур хангаагүй хүмүүст өгөх, танил тал харах, наймаалцах зэргээр нэр хүндийг нь унагаж, үнэгүйдүүлэх явдал Онцгой байдлын ерөнхий газарт ердийн үзэгдэл болжээ.
Энэ явдал тус байгууллага 2004 онд бие даасан агентлаг болсноос эхтэй гэж болно. Тухайн үед тус байгууллагыг удирдаж байсан П.Даш нь өөрөө хилийн цэргээс гаралтай, генерал цолтой хүн байсан боловч цэргийн цолыг баруун солгойгүй тарааж байв. Тэрээр төрд нэг өдөр ч ажиллаагүй хүмүүст шууд дэд хурандаа цол олгох, нэг жилийн дотор хэд хэдэн удаа цол нэмэх, тэр ч байтугай өөрт байхгүй эрх мэдэл эдэлж хурандаа цол олгох зэрэг нь хэрээс хэтэрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс анхааруулж, эцэст нь онцгой байдлын байгууллагад цэргийн цол хэрэглүүлэхгүй болж дууссан билээ.
Нэгэнт төрийн тусгай чиг үүргийг цаг наргүй, зарим тохиолдолд амь насаа золин байж гүйцэтгэдэг онцлогтой тус байгууллагын офицер, ахлагч нар цол, дүрэмт хувцас хэрэглэх зайлшгүй шаардлагатай байсан тул шадар түрүүч (дэд ахлагч), тэргүүн дэслэгч (ахлах дэслэгч), дээд дэслэгч (ахмад), шадар ахмад (хошууч), тэргүүн ахмад (дэд хурандаа), дээд ахмад (хурандаа) гэх мэтийн Монголд бүү хэл, дэлхийд ч байхгүй цол хэрэглэж байсан нь цэргийн байгууллага хооронд байтугай албан хаагчид хооронд үл ойлголцох, зарим тохиолдолд харилцааны зөрчил гарах шалтгаан болж байв.
Цол гэдэг цэргийн хүмүүстээ нэр хүндтэй, эмзэг зүйл байдаг нь ганц энэ байгууллага бус цагдаагийн байгууллага дээр ч саяхан харагдсаныг уншигчид санаж буй. Төрийн тусгайлсан чиг үүргийг тушаалаар гүйцэтгэдэг төрийн тусгай алба хаагчид болох онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч нар 2012 оноос дахин цэргийн цол хэрэглэх болсон боловч түүнийг үнэгүйдүүлдэг урьдын завхрал хэвээр үргэжилсээр.
Мэргэжлийн бус хүмүүс онцгой байдлын албыг удирдаж байна
Онцгой байдлын байгууллагын даргаар цэргийн сургууль төгсөж, цэргийн анги байгууллагад ажиллах нь байтугай цэргийн алба ч хаагаагүй, хувийн компанид ажиллаж байсан хүнийг томилсноор төрийн алба, мэргэжлийн байгууллага, цэргийн цолны нэр хүндийг унагаж эхэлсэн гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.
Хүнд хэцүү, түвэгтэй нөхцөл байдалд маш богино хугацаанд зөв шийдвэр гаргах урлагийг эзэмшсэн, удирдахуй ухаанд суралцсан, төрийн албанд шат дараатай бэлтгэгдэж, тодорхой хэмжээгээр туршлагажсан хүн л хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гамшиг осолтой тэмцдэг энэ байгууллагыг удирдах учиртай санагдана. Гэвч салаа цэрэг ч командалж үзээгүй, дүрэмт хувцсаа дүрмийнх нь дагуу өмсөөд, жагсаалын өмнө зөв ёсолчихож чадахгүй хүнээр хагас түмэн алба хаагчтай цэргийн байгууллагыг удирдуулаад явж байгаа нь эзэнгүй төрийн эмгэнэл гэлтэй. Энэ бол зөвхөн онцгой байдлын байгууллагад хамааралтай асуудал биш ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хэн, яаж хамгаалахтай холбоотой зүйл. Тонгойгоод гутлаа үдэж чадахгүй болтлоо гүзээ суусан офицер, галын машиныхаа шатанд гар нь хүрэхгүй ахлагч нар иргэдээ яаж хамгаалах вэ.
Ард иргэдээ гамшгаас хамгаалах үүрэгтэй төрийн тусгай байгууллагын дарга нь мэргэжлийн бус, намын харьяалал, улс төрчийн ивээл татаасаар томилогдсон тул албандаа намын ажилтан, эсвэл хувийн компанийн эзэн шиг хандаж буйг цэргийн байгууллагын олон хүн шүүмжилдэг ч илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрдэгийн адилаар үл ойшоосоор байгаа юм. Энэ нь ч аргагүй байх. ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн газар гэх олон тэрбумын санхүүжилттэй салбарынх нь хөрөнгөөс завшчих гэсэн эрх мэдэлтнүүд л тэнд очиж буй учраас.
Онцгой байдлын ерөнхий газар болон аймгуудын онцгой байдлын газрын дарга нарыг намын харьяалал, улс төрчдийн захиалгаар томилдог болсон. Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн төвд айлын байшинд гарсан галд бага насны гурван хүүхэд нас барсан эмгэнэлтэй явдал болсон. Үүнээс үүдэн тухайн аймгийн Онцгой байдлын газрын даргыг хариуцлага алдсан хэмээн ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл оронд нь онцгой байдлын алба байтугай цэргийн хэргийн мэдлэггүй хүнийг томилж, хурандаа цол шагнасанд албан хаагчид нь эгдүүцэж, ард олон гайхаж байх жишээтэй.
Хөвсгөл ч гэлтгүй, Архангай аймгийн Онцгой байдлын газрын даргаар нэгэн яруу найрагчийг томилсон ч нөгөөх нь “шүлгээ бичээд” ажилдаа ирдэггүй тул арга буюу чөлөөлж оронд нь нэгэн бөхийг томилсон байх юм. Энэ мэт жишээ ОБЕГ-ын харьяа Дархан-Уул, Говь-Алтай аймаг анги салбарууд гээд урт жагсаалт болно.
ОБЕГ дахиад нэг генералтай болох уу
Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны 387 дугаар тогтоолоор агентлагуудын орон тооны дээд хязгаарыг тогтоосон байдаг. Уг тогтоолд зааснаар ОБЕГ нь 105 албан хаагч, нэг дэд даргатайгаар ажиллах ёстой. Гэтэл 2015 онд нэг дэд даргын орон тоо, энэ онд дахин нэгийг нэмж, өдгөө гурван дэд даргатай болчихсон нь Засгийн газрын шийдвэрийг завхруулж байгаагийн жишээ.
Дэд даргын орон тоонуудыг нэмэх ямар ч шаардлага байхгүй, зөвхөн хувь хүнд зориулагдсан “бялуу” гэхэд нэг их буруудахгүй болов уу. Жилийн өмнө Ц.Ганзориг гэдэг залууг дэд дарга болгож хурандаа цолоор мялаасан. Залуу дарга гэрлийн хурдаар буюу дөрвөн жилийн дотор дэслэгчээс хурандаа болсон. Саяхан тэргүүн дэд дарга болсон хурандаа П.Баттогтохыг наадмаар генерал болгохын тулд тэргүүн дэд дарга гэсэн байхгүй орон тоог бий болгон томилсон гэх яриа ч байна.
Засгийн газар, Сангийн яамнаас тогтоогоод өгсөн орон тоо, хамгийн гол нь цалингийн сан нь нэмэгдээгүй байхад даргын орон тоо нэмэгдэнэ гэдэг ард иргэдийг авран хамгаалах аврагч, гал сөнөөгчийн орон тоо хасагдана гэсэн үг.
Энэ бол зөвхөн удирдах албан тушаалтны жишээ. Доошоо бол замбараагаа алдсан гэнэ. Эмчийн орон тоонд эрх зүйч мэргэжилтэй хүн ажилладаг гэхээр баргийн хүний санаанд багтахгүй дээ. Таныг аврахаар цагаан халаад өмсөөд чагнуур зүүсэн эрх зүйч оччихоод танд эмийн нэр ч хэлж чадахгүй гэж бодохоор танд ямар санагдаж байна.
Байгууллагын дарга нь генерал цолтой, байшин дүүрэн хурандаатай боловч энэ байгууллагад цэргийн дүрэм, журам хэрэгжддэггүй, хэрэгжүүлэх чадвартай хүн ч алга байна. Саяхан нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэргүүний тохижолттой, дүрэмч жагсаалч анги, байгууллага шалгаруулах уралдаан болж Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн олон анги салбар өрсөлдсөн. Тус уралдаан нь цэргийн албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулах, анги салбарыг хүний хөгжлийн төв болгох, цэргийн дүрмийг хэвшүүлэх, хүчний байгууллагуудыг хооронд нь харьцуулах, туршлага солилцуулах, цэргийн байгууллага, цэргийн албаны нэр хүндийг өргөх зорилгоор сүүлийн хэдэн жил зохион байгуулж буй бай шагнал өндөртэй, бас их өрсөлдөөнтэй уралдаан. Энэ уралдаанд онцгой байдлын байгууллага ач холбогдол өгөлгүй, нэр төдий оролцож ирсэн нь дээд удирдлагын дэмжлэг туслалцаа байхгүй, ойшоож үздэггүйтэй холбоотой.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн хоёр жил тутамд болж бүх л хүчний байгууллага оролцдог уламжлал тогтоод удаж байгаа. Энэ тэмцээн өнгөрсөн онд болсон боловч онцгой байдлын байгууллагаас 20 хүнтэй ганц баг гаргаж оролцуулаагүй. Шалтаг нь зүүн аймгуудад гарсан түймэр унтраагаад зав гараагүй гэх юм билээ. Тус байгууллагын хагас түм шахам хүн бүгдээрээ цэргийн цолтой, цолны мөнгө, удаан жилийн нэмэгдэл авдаг, дүрэмт хувцсаар хангагддаг хэрнээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийнхаа нэрэмжит ганц тэмцээнд оролцох хүн хүч, хөрөнгө зардал олдоогүй гэдгийг нь юу гэж ойлгох вэ. Хүн хүч, хөрөнгө зардал байхгүйдээ биш сэтгэлгүй, үл тоомсорлосон, үл хүндэтгэсэн хандлагын л илрэл юм даа.
Ерөнхийлөгчийн нэрэмжит маршийн тэмцээнд оролцох эсэх нь дурын асуудал гэж бодоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчих нь дур зоргын асуудал биш байлтай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны арванхоёрдугаар сарын 8-ны 181 дүгээр зарлигаар цэргийн цол олгох журмыг шинэчлэн баталж, уг журмыг мөрдөж ажиллахыг БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-ын удирдлагад даалгасан байдаг.
Шинэчилсэн журмаар ахлах офицерийн хурандаа цолыг зөвхөн ЗХЖШ-ын дарга тодорхой болзол шалгуур (цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа, ажилдаа мэргэшсэн байдал, ажлын үзүүлэлт, ёс зүйн хувьд хангалттай, цэргийн дээд боловсролтой, албан тушаал нь хурандаа цолны зэрэглэлтэй байх гэх мэт) хангасан хүнд олгохоор заасан. Ийм байтал ОБЕГ-ын дарга 2016 оны шинэ жилээр урьд өмнө зөрчил дутагдал гаргасны улмаас ажлаасаа чөлөөлөгдөж байсан, цэргийн алба хаах нас нь хэтрээд тэтгэвэртээ суух хугацаа нь болчихсон, хурандаа цолны зэрэглэлгүй албан тушаалд ажиллаж байгаа, ажилдаа мэргэших нь байтугай албан тоот ч бичиж чадахгүй хүмүүст олгожээ. Түүнчлэн өөрт байхгүй эрх эдэлж, тэтгэвэр чөлөөндөө гараад 10-20 жил болсон хүмүүст бэлтгэл хурандаа цол хүртээсэн байгаа юм.
Хүн аврах, гал унтраах мэргэжилтэн хэрэгтэй болохоос эрхзүйч хэрэггүй
Төрийн онцлог алба, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нэн чухал, хариуцлагатай үүрэг бүхий байгууллагын боловсон хүчний бодлого алдагдаж нэг харахад ардын журамт цэрэг шиг эрээвэр хураавар, нэг харахад хүн болгонд буян үйлддэг сүм хийд шиг болсныг яаралтай засч залруулах цаг болжээ.
Юуны өмнө тус байгууллагыг төрийн бодлогод тодорхойлсноор цэргийн байгууллага болгох, үүнд удирдлага, албан хаагчдыг мэргэжлийн болгох, чадавхжуулах, боловсон хүчнийг нь гадаад дотоодын цэргийн сургуулиар бэлтгэх, цэргийн байгууллагын дэг журмыг хэвшүүлэх, шударга ёсны зарчим тогтоох (ялангуяа боловсон хүчний сургаж бэлтгэх, томилох, цол хэргэм, шагнал урамшил олгох асуудал дээр) шаардлагатай.
Төрийн бодлогоор цэргийн байгууллага болсон онцгой байдлын байгууллага цаашид бусад цэргийн байгууллагатайгаа аль болохоор түргэн “хэл нэвтрэлцдэг” болох хэрэгтэй байна. Энэ нь стратеги оперативийн түвшинд ажиллах мэдлэг боловсрол, дадлага туршлагатай, бусад цэргийн байгууллагатайгаа хамтран ажиллах чадвартай, тавигдсан үүргийг биелүүлэхийн тулд бусад цэргийн байгууллагынхаа түвшинд сургагдаж бэлтгэгдсэн байх ёстой гэсэн санаа.
Боловсон хүчин бэлтгэх тухайд гэвэл одоо тус байгууллагын албан хаагчдыг Хууль сахиулахын их сургуульд суралцуулан бэлтгэж буй нь шаардлага хангахгүй байна. Энэ нь сургалтын хөтөлбөр программ, төгсөгчдийн мэдлэг чадвараас харагдаж байгаа юм. Энд мөн л хүний амь насыг аврах, гамшгийн аюулаас хамгаалах, тэмцэх мэдлэг чадвар олгохоосоо илүүтэй хууль эрх зүйн мэдлэг олгох хичээл сургалт түлхүү ордогтой холбоотой.
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж, Монгол цэргийн ур чадвар, тэсвэр тэвчээрийг дэлхий мэддэг болжээ. Батлан хамгаалах салбарын боловсон хүчин бусад хүчний байгууллагын боловсон хүчнээс хэдэн алхам түрүүлчихэж. Тэгвэл тэр бэлтгэгдчихсэн, зарим тохиолдолд салбар нь багтааж чадахгүй илүүдээд байгаа боловсон хүчнээс Онцгой байдлын байгууллагын боловсон хүчнийг хангая, цусыг нь сэлбэе, салхи оруулъя. Олон улсын түвшинд, дэлхийн халуун цэгүүдэд ажиллаад үзчихсэн, тив дэлхийн хэмжээнд сэтгэж чадаж байгаа дарга, генералууд нь ирээд Онцгой байдлын байгууллагыг удирд, тэр хэрээр энэ байгууллага чадваржина, бэхжинэ.
Магадгүй онцгой байдлын байгууллагыг цэргийн байгууллага болж төлөвштөл нь, Зэвсэгт хүчний зиндаанд хүрэх бяд суутал нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн мэдэлд, эсвэл батлан хамгаалах салбарын бүрэлдэхүүнд ажиллуулж яагаад болохгүй гэж.