
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд тойргоо солих тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр эрчимтэй яригдах болсон. Хэд хэдэн удаа нэр дэвшиж, хэл амтайхан ялж ирсэн Өвөрхангайдаа очих тухай яригдаж байсан ч өөр хүний нэр өргөн бариад байгаа.
Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Баянгол дүүргийн 67 дугаар тойрогт нэр дэвшсэн С.Одонтуяатайгаа тойргоо солилцох нь гэх мэдээлэл гарах болов. С.Одонтуяагийн хувьд өрсөлдөгч МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал А.Ундраагаас нэлээд жийрхэж буй бололтой. Мэдлэг боловсрол өндөртэй, дэлхийд нэр хүндтэй Стэнфордын их сургуульд ажиллаж байсан, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж, гадаадад ч нэр хүндтэй болсон А.Ундраатай өрсөлдсөнөөс З.Энхболд даргатайгаа тойргоо солиход дургүйцэх зүйлгүй гэсэн мессежийг ч намын удирдлагадаа өгөөд буй сурагтай. УИХ-ын даргын хувьд ч МАН-ын өрсөлдөгч, хашир туршлагатай парламентч Д.Лүндээжанцангаас эмээж буй гэх яриа намын нөхдийнх нь дунд байна.
Баянгол дүүрэг дэх УИХ-ын 67 дугаар тойрогт МАН-аас А.Ундраа, АН-аас С.Одонтуяа, МАХН-наас Н.Энхбаярын шадар туслах асан Б.Тулга (ах Б.Хуяг нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн хамтаар Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа), ТТЭНН-аас Н.Буянжаргал нар өрсөлдөж буй юм.