
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Талууд албан ёсны хэлэлцээ хийснээр айлчлал эхэлсэн. Хэлэлцээний эхэнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн түвшинд идэвхтэй хөгжиж, өндөр түвшний айлчлал тогтмолжиж буйг тэмдэглэн хоёр талын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо. Цаашид эдийн засаг, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийн талаар тэд санал солилцсон байна. Мөн сайд Л.Пүрэвсүрэн иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх саналыг ноён Жон Кэррид тавив. Ноён Ж.Керри Монгол Улс энхийн замаар ардчиллыг тогтоож, дэлхийд үлгэр жишээ болж буйг онцлоод Мянганы сорилтын корпорацын хоёр дахь компактыг хэрэгжүүлэх болсондоо таатай буйгаа илэрхийлэв. Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодит алхам хийх шаардлагатайг тэмдэглэлээ.
Үүний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан юм. Энэ үеэр Төрийн тэргүүн түүний энэхүү айлчлал хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Ноён Ж.Кэрри дэлхийн энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулан, дэлхийн иргэд байж, ардчиллын талаарх мэдлэг туршлагаа бусад улс оронтой хуваалцдаг Монголын ард түмэнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон АНУ-ын нийт иргэний өмнөөс талархсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “АНУ бол Монгол Улсын чухал гуравдагч хөрш бөгөөд цаашид ч энэ харилцаагаа улам бүр эрчимжүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ. Ирэх онд АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга энэ өдөр мөн Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзсан байна.